Нүүрсний үнийг бодитоор тооцохгүй бол ААН-үүд хаалгаа барьж эхлэх нь

Уул уурхайн компаниудын дунд байнга маргаан үүсгэдэг асуудал нь АМНАТ байдаг. Тэр дундаа нүүрсний АМНАТ-ийг янз бүрээр тооцож ирлээ. Анх 2007 оны 88-р тогтоолоор нүүрсний жишиг үнийг Хятадын www.coalworld.net-д тавигдсан үнийг баримтлахаар болсон. Тухайн үед борлуулалтын үнээс хэт өндөр байсан учир холбогдох албаныхан 2011 оны 74-р тогтоолоор өөрчлөлт хийсэн. Тус өөрчлөлт компаниудад шударгаар үнэлэгдэх боломжийг олгосон буюу борлуулсан гэрээний үнээр АМНАТ-ийг тооцож эхэлсэн. Харин саяхнаас эхлэн дахин Хятадын өөр нэг эх сурвалж болох www.sxcoal.com-оор тооцож эхэллээ. Гэтэл энэ бол компанийн борлуулж буй үнэ биш, янз бүрийн компаниудын үнийн нийлбэрийг дунд нь хуваачихсан байж болохоор байна. 

Өнгөрсөн онд биржээр арилжсан 1/3 коксжих нүүрсний дундаж үнэ 101.2 ам.доллар хүрсэн. Харин он гарснаас хойш 70.4 ам.доллар болж буураад байна. Тэгвэл Монгол Улсын нүүрсний үнэ тооцдог өөр нэг сурвалж болох АМГТГ-аас экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнэ бусад сурвалжаас өөр байна. 

Тухайлбал, нэгдүгээр сард Монголын хөрөнгийн биржээр арилжсан 1/3 коксжих нүүрс 72.4 ам.доллар байсан бол АМГТГ-аас зарласан үнэ 83.35 ам.доллар байв. Биржийн үнэ хаялцдаг үнээс өндөр байсан. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын хоёр амжилттай арилжааны үнэ 67.4 ам.доллар, АМГТГ-ын зарласан үнэ 64.4 болж буурсан. Тэгвэл АМНАТ тооцож буй www.sxcoal.com-ын мэдээллээр Өвөр Монголын Мандал боомтын 1/3 коксжих нүүрсний үнэ тавдугаар сарын сүүлээр 570 юань буюу ойролцоогоор 79 ам.доллар байв. Гэтэл тавдугаар сарын АМГТГ-аас зарласан үнэ 58.9 ам.доллар буюу бага. 

Эндээс нүүрсний үнийг аль нэг сайтаас зарласан, багцалсан үнээр тооцож АМНАТ авах нь зохимжгүй. Үүн дээр компани бүрийн тээвэрлэлтийн зай харилцан адилгүй, тухайн тээврийн компанийн үнэ ч өөр байдгийг хэн бүхэн мэддэг. Ийм атал гадаад улсаас үнийн мэдээлэл авч дотоодын компаниудад АМНАТ бодох нь өөрөө зүйд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр бол "шударга байх" зарчим алдагдсан гэж үзэж болохоор байна. 

Монгол Улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд нүүрсний экспорт бүх цаг үеийг давсан. Үнийн өсөлт ч өндөр байлаа. 2022 онд нүүрсний экспортын нэг тонн тутмын дундаж үнэ 204.3 ам.доллар болж өмнөх оноос 32 ам.доллароор өссөн. Харин дараагийн хоёр жил 100 ам.долларыг давж, экспортын хэмжээ нэмэгдсэнээр экспортын орлогыг өндөр байлгаж чадсан. Харин 2025 он гарснаас хойш биет хэмжээ өнгөрсөн жилийн түвшинд очсон. Гэсэн хэдий ч дундаж үнэ 71 ам.доллар руу уруудаад байна. Бидний хувьд нүүрсний үнийг тогтоодог, өөрчилдөг тоглогч биш учир уян хатан байдал руу хурдан шилждэг механизмтай болмоор байна. Өмнөхийн адил бодитоор буюу борлуулсан гэрээнээс АМНАТ тооцох. Үгүй бол эхнээсээ аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхлэхэд ойрхон байна.