АҮЭБ-ийн сайдын хүрээний байгууллагуудад ₮316 тэрбумын зөрчил илэрчээ


Аж үйлдвэр, эрдэс баялаг (АҮЭБ)-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд Үндэсний аудитын газар (ҮАГ) аудит хийжээ. Тус аудитаар 316 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс 159.2 сая төгрөгийн зөрчилд 22 төлбөрийн акт, 254.6 тэрбум төгрөгийн зөрчилд 89 албан шаардлага, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан албан хаагчдад хариуцлага тооцуулах 2.3 тэрбум төгрөгийн 6 албан шаардлага, 53.1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 80 зөвлөмж өгч, 5.7 тэрбум төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.  


ҮАГ юуг онцолсон бэ?


Үндэсний аудитын газрын 2024 онд хамаарах тайланд “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн авлага, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын авлага, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд бүтцийн төсөл болон бусад компани, төслийн төлбөрийн үлдэгдэл, ажил, үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлыг онцолсон байна. Тухайлбал, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг Төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагуу 2020 онд “Эрдэнэс Монгол” ХК төлөхөөр болсон. Тус компанийн өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг арилжааны банкуудад барьцаалсан байна. Барьцааны хүрээнд “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг төлөх” гэрээ байгуулсан аж. Улмаар нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 929,973 ширхэг 929.9 тэрбум төгрөгийн “Эрдэнэс-1” бонд гаргаж, тайлант онд 80 тэрбум төгрөгийг Монгол банкинд төлсөн гэжээ.

  • Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Чингис хаан банкнаас авах 65.5 тэрбум төгрөг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авах 42.3 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна. 
  • “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн харьяаны “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас төрийн эзэмшилд ногдох 34 хувийн ноогдол ашиг 495.7 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн байна. 
  • УИХ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталсан байна. 
  • Засгийн газрын 2023 оны 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан гүүрийг хамтран барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг боловсруулж, 16.2 тэрбум төгрөгөөр магадалсан байна. 
  • Харин агаарын геофизикийн “Икскалибур Авиашн Австралиа” ХХК-тай хамтарсан, 30.2 тэрбум төгрөгийн улсын төсөвт өртөгтэй “Агаарын геофизик 2024” төслийн ажлыг санхүүгийн тайланд өгсөн дүгнэлт бусад асуудлыг хамраагүй гэжээ.

Аудитын илрүүлэлт 7.1 тэрбум төгрөг


Өнгөрсөн оны аудитаар салбарын яамнаас гадна төрийн хамаарал бүхий компаниуд 7.1 тэрбум төгрөгийг хамааралгүй, ойлгомжгүй, үр дүнгүй зарцуулсан гэжээ. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс үндсэн чиг үүрэгт хамааралгүй, нийгмийн шинж чанар бүхий арга хэмжээнд 4.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнд:

  • “Монголросцветмет” ТӨҮГ 3.2 тэрбум төгрөг

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 671.9 сая төгрөг

  • “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 229 төгрөг тус тус зарцуулжээ. 

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь төлөөлөгчийн газруудад 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үйлдвэрт ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан эсэх, үр ашиг авчрах гэрээ, хэлцэл хийсэн эсэх, цаашид одоогийн чиг үүргээр ажиллуулах хэрэгцээ шаардлагатай эсэхэд дүн шинжилгээ хийж шийдвэр, гаргаагүй байна. 

Цалин, үр дүнгийн урамшууллын зохих шийдвэргүйгээр болон илүү бодож нийт 853.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнд: 

  • “Тавантолгой Төмөр Зам” ХХК 304.8 сая төгрөг, 

  • “Монголросцветмет” ТӨҮГ 292.7 сая төгрөг,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 237 сая төгрөг,

  • АҮЭБЯ 5.8 сая төгрөг,

  • “Монгол Газрын Тос боловсруулах Үйлдвэр” ХХК 5.1 сая төгрөг,

  • “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК 2.2 сая төгрөг гэх мэт зарцуулсан байна. 

Анхан шатны баримтын бүрдэл дутуу 306.2 сая төгрөгийн ажил гүйлгээг бүртгэлд тусгасан байна. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 261.2 сая төгрөг, 

  • “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК 25.6 сая төгрөг, 

  • “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ХХК 17.5 сая төгрөг гэх мэт зарцуулсан байна. 

Албан томилолт, шатахууны зардлыг батлагдсан норм, нормативаас илүү бодож 76.9 сая төгрөг олгосон байна. Үүнд:

  • “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 69.9 сая төгрөг,

  • “Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв” ТӨҮГ 3.8 сая төгрөг,

  • “Эрдэнэс Оюу Толгой” ХХК 2.1 сая төгрөг гэх мэт илүү олгожээ. 

Арвилан хэмнэлтгүй, зориулалт бусаар 110.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнд:

  • “Үндэсний Геологийн Алба” 44.1 сая төгрөг,

  • “Тавантолгой Төмөр Зам” ХХК 42.1 сая төгрөг, 

  • АҮЭБЯ 21.7 сая төгрөг гэх зэргээр зарцуулжээ. 


Авлага өмнөх оноос 485.2 тэрбум төгрөгөөр өсөв


Тайлант хугацаанд авлагын дансны үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 485.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Авлага өсөхөд ТӨҮГ-ын дансны авлага 208.6 тэрбум төгрөг, бусад авлага 288.6 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн авлагын дансны үлдэгдэл 978.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 54.4 хувь буюу 344.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь авлага өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн 

  • “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн авлагын үлдэгдэл 72 тэрбум төгрөг,

  • “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн авлага, 36.6 тэрбум төгрөг,

  • “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн авлагын үлдэгдэл 24.3 тэрбум төгрөг,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын авлага 10.1 тэрбум төгрөг, 

  • “Шивээ-Овоо” ХК-ийн авлага 7.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 

Харин ТӨҮГ-ын татвар, ДНШ-ийн авлага 12 тэрбум төгрөгөөр буурчээ.