Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тэргүүтэй 13 гишүүн өнгөрсөн сараас боловсруулж эхэлсэн байна. Өнөөгийн Газрын тосны тухай хуулиар нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг Улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг өөрчилж Үндэсний баялгийн санд 60 хувийг, үлдсэн 40 хувийг бүс, орон нутгийн хамаарал бүхий санд төвлөрүүлэхээр болжээ. Тодруулбал,
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв санд 50 хувийг,
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 5 хувийг,
Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн санд 5 хувийг,
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 10 хувийг,
Тухайн бүсийн хөгжлийн санд 10 хувийг,
Тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг,
Тухайн сумын Орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг хуваарилдаг байхаар тусгалаа гэсэн байна.
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд эдийн засагт дараах нөлөөллийг үзүүлнэ. Үүнд, дэлхийн зах зээл дээрх таагүй нөлөөллийг Монголын зах зээлд орж ирэхээс хамгаална, хэрэглэгчийн хувьд дотоодын зах зээлийг ашиглах боломж олгоно, улсын төсөвт нөлөө үзүүлнэ, эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд нөлөө үзүүлнэ, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжинэ, Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцэж байна гэжээ.
Тус хуулийн зорилгод хүрэх байдлыг зорилгодоо хүрэх бүрэн боломжтой, хуулийн зардал, үр өгөөжийн харьцааг нэмэлт зардал шаардлагагүй гэсэн байна.
Монгол Улс 2020 оноос хойш Улсын төсөвт 321 сая ам.долларыг газрын тосны борлуулалтын орлогоос төвлөрүүлсэн. Цаашид 2040 он хүртэл газрын тосны жилийн олборлолт 1.5 сая тонн хүртэл өсөх төлөвтэй аж.