Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци болон НҮБХХ хамтран “Эрдэс баялгийн салбарын авлигын эсрэг манлайлал”-ын хүрээнд “Шударга байдлын төлөөх амлалт” арга хэмжээг (2025.12.08) зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь эрдэс баялгийн салбарын төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, авлигын эрсдэлийг бууруулах, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Мөн оролцогчид ил тод, хариуцлагатай үйл ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэж, “Шударга байдлын төлөөх амлалт”-д нэгдэн гарын үсгээ зурсан нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2026 оны төлөвлгөөнд авлигын үнэлгээг сайжруулах бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр талууд ойлголцлоо. Үүний хүрээнд амлалт өгөх үйл ажиллагааг Уул уурхайн үндэсний ассоциаци гишүүдээ уриалан ажиллахаар болсон юм.
Энэхүү арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж, үг хэлэхдээ, “Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдсэнээр Авлигатай тэмцэх газрыг байгуулж, төрийн албыг авлигаас ангид байлгах хууль, дүрэм, хяналт шалгалтын тогтолцоог тасралтгүй сайжруулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Гэсэн хэдий ч төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, байр сууриа ил тод илэрхийлэх байдал сул хэвээр байна. Төрийн байгууллагуудын мэдээлэл хаалттай, эсвэл олон нийтэд ил тод байгаа мэдээлэл нь ойлгомжгүй, хүртээмжгүй зэрэг үзэж танилцахад төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Тиймээс төр, хувийн хэвшил гэлтгүй бүхий л байгууллага аливаа мэдээллээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Мөн дотоод дүрэм журамдаа ч авлигагүй соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал. Ингэж чадвал уул уурхайн салбар авлигаас ангид байх зорилгодоо хүрч чадна” гэсэн юм.
НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао "НҮБХХ-ийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх-Интегра санаачилга”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монголын эрдэс баялгийн салбарт шударга, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхээс гадна төрийн үйлчилгээг илүү үр өгөөжтэй болгоход чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Интегра санаачилгын хүрээнд дотоодын оролцогч талуудын шударга байдлыг нэмэгдүүлэх жишиг 12 төслийг шалгаруулж, тэтгэлэг олгосон. Эдгээр төслүүд нь хамтын ажиллагаа болон олон талт оролцоог бэхжүүлэхийн зэрэгцээ шударга байдлыг хангахад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна" гэв.
Авлигатай тэмцэх газраас жил бүр шударга байдлын үнэлгээ хийдэг. Үнэлгээг 0-100 хувь хүртэл тогтоодог байна. Тэгвэл уул уурхайн салбар сүүлийн 10 жилийн турш шударга байдлын үнэлгээнд хангалтгүй оноо авсныг Ерөнхий боловсролын сургуулийн “C, F” дүнтэй адилтгаж болохоор байна.
Энэхүү үнэлгээг гурван эх сурвалжаар дүгнэдэг аж. Эхнийх нь тухайн салбарт ажилладаг албан хаагчид, хоёрдугаарт үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, иргэдээс гуравдугаарт яамнаас гаргадаг бодлого шийдвэрт тулгуурлан дүгнэдэг байна. Үүнээс үзвэл салбарын албан хаагчид, ажилчдын дотоод итгэл үнэмшил сул байгаа гэдгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Уул уурхайн салбар дахь авлигын эрсдэл” сэдэвт илтгэлдээ дурдсан юм. Түүнчлэн, “Улс төрийн хүрээний авлигын түвшний судалгаанаас үзвэл улс төрд нөлөө бүхий хүмүүс хамгийн түрүүнд өөрт давуу байдал олгодог, их мөнгө эргэлддэг салбаруудад чиглэдэг. Үүнд уул уурхай, аж үйлдвэр, барилга зэрэг салбарууд багтана. Эдгээр салбар руу ороод давуу байдал олсныхоо дараа өөрсдийн үйл ажиллагаагаа хамгаалах механизм руу шилжиж, прокурорын байгууллагад хандаж эхэлдэг. Бидний судалгаагаар АТГ, цагдаагийн байгууллага тодорхой түвшинд ажиллаж байна. Гэхдээ шалгасан хэрэг, маргааныг шүүх рүү шилжүүлэх, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурорын байгууллага шийддэг. Жишээлбэл, өмнө нь уул уурхайн салбарын компаниудад шалгалт явуулаад зөрчил илэрсэн байгууллагад хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажилла гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл улс төрийн эрх бүхий албан тушаалтнуудтай нийлж намайг хууль бус шийдвэр гаргасан гэж прокуророос дуудах тохиолдол гарч байсан. Тиймээс хууль хяналтын байгууллагуудын чадавх, хараат бус байдал, үр нөлөөг бэхжүүлэх шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
Мөн илтгэлээс онцлох нэг тоо нь өнгөрсөн онд уул уурхайн салбарт ирсэн өргөдөл, гомдлын 77 хувь нь гэмт хэргийн шинж чанартай байсан явдал юм. Энэ нь бусад яамдтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт бөгөөд ихэнх байгууллагад зөрчлийн шинж чанартай гомдлын хувь өндөр байдаг аж. Энэхүү арга хэмжээнд оролцогчидын зүгээс төр, хувийн хэвшлийн байгууллагууд Хариуцлагатай уул уурхайн кодекс болон стандартуудыг бодитоор хэрэгжүүлснээр авлига буурч, салбарын шударга байдал сайжирна гэж үзсэн юм. Түүнчлэн кодексийн стандартыг хэрэгжүүлж буй компаниудад дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлээгүй компаниудад шаардлага тавих байдлаар Яам болон холбогдох байгууллагууд хамтран ажиллавал салбарын ил тод, шударга байдлын түвшинд бодит ахиц гарч болохыг онцоллоо.

















