Б.Нямтайшир: Нүүрс үнэ цэнээ алдаагүй


2023 оны “Уул уурхайн 7 хоног” буюу Mining Week-2023 чуулганы үеэр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Нүүрс гүн боловсруулалт” сэдвээр илтгэл тавьсан нь салбарынхны анхаарлыг татсан юм. Уг илтгэлийг Майнинг Инсайт сэтгүүл видео хэлбэрээр дахин хүргэж байна. 

Хоёр жилийн өмнөх илтгэлийг өнөөдөр эргэн сөхөж буй нь энэхүү илтгэлд, эрчим хүчний шилжилтийн хандлагад нийцсэн нүүрсний гүн боловсруулалт, дэвшилтэт технологийн тухай өгүүлсэн бөгөөд сүүлийн үед хөндөгдөж буй “нүүрсний үнэ цэн алдагдсан” гэх ойлголтод бодит хариу өгсөнтэй холбоотой. 

Манай улсын хувьд нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал, эрсдэлийг даван туулахын зэрэгцээ шинэ боломж, гарцыг эрэлхийлэх нь илүү чухал болсоор байна.  Тэр тусмаа  Монголын экспортын нүүрсний үнэ буурснаас үүдэлтэйгээр нийгэмд нүүрс цаашид “үнэ цэнгүй баялаг” болж мэдэх нь гэсэн ойлголт нийтлэг болж байна. Гэвч олон улсад эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хайж буй чиг хандлага, ногоон шилжилтийн бодлогоос улбаалан нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд буурах бус, харин өөр хэлбэрээр нэмэгдэх төлөвтэй байна.

Б.Нямтайшир захирлын онцолсноор, улс орон бүр нүүрсхүчлийн хийг бууруулах бодлогоо өөрийн онцлог нөхцөл байдал, нөөц боломжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Нүүрсээр баялаг манай улсын хувьд үүнийг сөрөг тал гэж үзэх бус, харин ч боломж гэж харж, нүүрсийг хувиргах дэвшилтэт технологийг гадаадын улс орнууд, түншүүдтэйгээ хамтран хөгжүүлэх нь хөгжлийн бодит нэгэн гарц болох юм. Тэрбээр мөн нүүрсэнд суурилсан супер цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж буй олон улсын туршлагыг онцолсон. 

Түүний илтгэлийг өнөөдөр эргэн сонсоход нэг асуулт тодоос тод тавигдана. Бид ийм урт хугацааны, үндэсний хэмжээний зорилтыг бодитоор дэмжих төрийн бодлого, институцийн тогтвортой орчныг бүрдүүлж чадсан уу? Зөвхөн нэг компанийн бус, салбарын цаашдын хувь заяанд нөлөөлөх дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны механизм бодит ажил болон хэрэгжиж байгаа юу?

Эдгээр асуулт нь зөвхөн нэг төслийн тухай биш, Монгол Улс нүүрсний салбараа зөв зүгт шинэчлэн удирдаж чадах уу гэдэгт хариу нэхсэн стратегийн төвшний асуудал юм.

Түүний илтгэлээс онцлох санаануудыг дор түүвэрлэн хүргэж байна.  

ӨРТӨГИЙН ХУВЬД ХАТУУ ТҮЛШНЭЭС ЦЭНХЭР УСТӨРӨГЧ ГАРГАЖ АВАХ НЬ ИЛҮҮ ХЯМД

Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор шинэ эрчим хүчний чиглэл рүү өндөр хөгжилтэй улс орнууд хандаж байна. Тэр утгаар өндөр хөгжилтэй улс орнууд шинэ эрчим хүчний нэг чиглэл болох устөрөгчийн стратегийг боловсруулан ажиллах боллоо. Харин манай улс нүүрсний баялаг нөөцтэй орны хувьд хатуу түлшнээс хүн, байгальд эерэг нөлөө үзүүлэх цэнхэр устөрөгчийг гарган авах боломж байна. 

2015 онд Парисын хэлэлцээрээр дэлхийн 196 орон хүлэмжийн хийг бууруулахад нэгдсэн. Үүнээс хойш өндөр хөгжилтэй улс орнууд шинэ эрчим хүчний эх үүсвэрийг хайх, олох, туршилтууд хийж ирлээ. Устөрөгчийн эрэлт 2070 он хүртэл ойролцоогоор 520 сая тонн байхаас тал орчим нь ногоон устөрөгч байна. Ногоон устөрөгчийг электролизийн аргаар үйлдвэрлэдэг. Үлдсэн дийлэнхийг цэнхэр устөрөгч буюу метан болон нүүрсийг хийжүүлж гарган авна. Гаргаж авахдаа нүүрстөрөгчийг шүүж хадгалдаг давуу талтай.

Устөрөгч бол ирээдүйн түлш. Яагаад гэвэл устөрөгч нь өнгөгүй, үнэргүй, амтгүй, шатамхай хөнгөн хий, шатаахад зөвхөн ус ялгаруулна. Тиймээс хамгийн цэвэр түлшний нэгд тооцогдож байна.

Дээр нь 8,500 ккал/кг илчлэг нь өөрөө өндөрт орно. 2019 онд 70 сая тонн устөрөгч үйлдвэрлэсэн бол 2030 онд 87 сая тонн, 2050 оноос хойш 200 сая тонноос дээш устөрөгч олон улсад үйлдвэрлэнэ гэж судлаачид үзэж байна. Өртгийн хувьд хатуу түлшнээс цэнхэр устөрөгч гаргаж авах нь илүү хямд. Далайгаар хүрээлэгдсэн, газар нутаг бага, газрын нөөц багатай улс орнууд ногоон устөрөгч рүү түлхүү явж байна.

Манай улс нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр ажлын хэсэг гаргаад явж байгаа. Энэ оны наймдугаар сарын 18-нд Япон-Монголын бизнес форумын үеэр Юнико Интернэйшнлтэй устөрөгчийн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг байгууллаа. Энэ гэрээ 2024 оны гуравдугаар сарын 01-нд дуусна. Эндээс ТЭЗҮ-тэй танилцаж, ялангуяа нүүрсэндээ тохирсон хийжүүлэх зуухыг сонголтыг хийх нь хамгийн чухал хэсэг. Энэ бүгдийг хийсний дараа туршилтын үйлдвэрийг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Туршилтын үйлдвэрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэж урьдчилсан байдлаар төлөвлөсөн. Монголын нүүрсний ордуудад хийжүүлэлт, хийжүүлэлтийн идэвхийг тодорхойлох 12 ордод хийсэн. Тэр дундаас Дорнод бүсийн хүрэн нүүрсний хийжүүлэлтийн идэвх өндөр байсныг тогтоосон. Японы эрдэмтэд үүнийг мөн хүлээн зөвшөөрсөн. Ирээдүйд устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ Дорнодын хүрэн нүүрсийг хийжүүлэх, эхэлж диметиллийн эфир үйлдвэрлэх, цаашлаад устөрөгчийн хий үйлдвэрлэж Японы зах зээлд нэвтрүүлэх гэсэн алс хэтийн сонголтыг бид хийсэн. 

Устөрөгчийг тээвэрлэх асуудал мөн чухал байна. Манай улсын хувьд зүүн хэсгээс Япон руу тээвэрлэхэд хамгийн дөт. Чойбалсангаас Бичигт хүртэл 415 км төмөр замаар явна. Засгийн газар төмөр зам барих тендер зарласан. Гүйцэтгэгч сонгогдож, ажлаа эхэлчихсэн явж байна. Төсөл эхлэхэд төмөр замтай болчихсон байна. Энэ боомтоос Хятадын Жинжоу далайн боомт хүртэл 1135 км, Япон руу усан онгоцоор 2487 км явж хүрнэ. Чойбалсанд нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд усны хэрэгцээг Хэрлэн голоос хангах боломжтой. Дорнодын цахилгаан станцад 50 МВт-ын өргөтгөлийг энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар байна. Иймээс туршилтын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй эрчим хүчтэй гэж үзэж байгаа. Дэд бүтцийн хувьд Дорнодын бүс хамгийн зохимжтой байна. 

Техник, эдийн засгийн үндэслэлийг үндэслэж хоёр үе шаттай үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн гэж дээр хэлсэн. Эхний үе шатанд устөрөгчийн өмнөх бүтээгдэхүүн буюу диметиллын эфир гаргана авна. Энэ диметиллын эфирийг Улаанбаатарын утааг бууруулах үүднээс нүүрс биш хийн бойлер дээр түшиглэж халаалтыг шийдэж болж байна. Энэ нь үр дүнд хүрч, устөрөгчийн зах зээл бий болсон тохиолдолд устөрөгчийн үйлдвэрлэлийг хийе. Хоёр дахь шат илүү өргөн хүрээтэй буюу нүүрс-химийн аж үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдана. Нүүрстөрөгчийн давхар ислийг устөрөгчтэй урвалд оруулж метанол үйлдвэрлэнэ. Метанолыг химийн үйлдвэрийн талх гэж ярьдаг. Метанолоос олон төрлийн бүтээгдэхүүн, тэр байтугай Аи-92 бензин үйлдвэрлэх боломжтой байдаг. 

Бид япончуудтай нүүрстөрөгчийн давхар ислийг Дорнодын газрын тосны ашигласан цооногт булшлах боломжтой гэж ярилцсан. Нөгөө талаас газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг ашигладаг дэлхийн уламжлалт технологи байдаг. 

Нүүрс болон хийн түлшнээс цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Дэлхийд зөвхөн ногоон устөрөгчөөр эрчим хүч үйлдвэрлэх нь найдвартай эх үүсвэр гэж үзэхэд учир дутагдалтайд тооцогддог. Тиймээс нүүрсэн дээр түшиглэсэн технологийг сайжруулж, ялангуяа нүүрсхүчлийн хийг бага байлгах, бүрэн шатаалт хийх зуухны технологийг эрэлхийлж байна. Тэр нь ультра-суперкритикал гэсэн технологи. Энгийн нүүрсний станцын ашигт үйлийн коэффициент 33 хувь байдаг. Харин ультра-суперкритикал технологийг ашигласнаар 46 хувь болж өсдөг. Ашигт үйлийн коэффициентыг нэг хувиар нэмэгдүүлэхэд нүүрсхүчлийн ялгаруулалт 2-3 хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг. Ийм технологийг ашиглаж Хятадын Анхуй мужид 2670 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Ийм төрлийн станц 1000 МВт-аас дээш байж эдийн засгийн үр ашигтай байдаг.