Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Есдүгээр сарын 23-29-нд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийгджээ. Тайлант хугацаанд 1.01 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсжээ. Манай улс оны эхнээс хойш нийт 18.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 сая тонн буюу 52 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс бүрэн давж биеллээ. Энэ жилийн төсвийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг хоёр дахин бууруулж 18 сая тонн болгосон билээ.
Зэсийн баяжмалын экспорт төсвийн төлөвлөгөөт хэмжээнд дөхөж байна. Оны эхнээс хойш 1,09 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хувийн өсөлт үзүүлжээ. Манай улс энэ онд нийт 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төсөвт тооцсон. Экспортын гүйцэтгэл нь 90 хувьтай байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс хойш нийт 3,15 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар буурчээ. Гүйцэтгэл нь 62.4 хувьтай байна.
Төв банк есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авсан бөгөөд гүйцэтгэл нь 74 хувьтай байгааг УУХҮЯ мэдээллээ.
Нүүрс болон цайрын экспортын гүйцэтгэл 100 хувийг давсан бол газрын тос болон хайлуур жонш хамгийн бага буюу 50 хувьд ч хүрэхгүй байна.