Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 2025 онд 53.5 оноо буюу дунд үнэлгээтэй гарсныг АМГТГ-аас мэдээллээ.
Тус судалгааны зорилго нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад санал боловсруулах хүрээнд хийгдсэн бөгөөд 864 байгууллага хамрагдсан байна.
Нийт 20 үзүүлэлтээс маш сайн, сайн гэсэн үнэлгээ гараагүй нь хөрөнгө оруулалтын орчин таатай гэж үзэх боломжгүй гэдгийг судлаачид дүгнэсэн байна.
Муу ангиллаас хамгийн тааруу үзүүлэлт нь улс төрийн тогтвортой байдал, олон нийтийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаанд хандаж байгаа хандлага орсон.
Хамрагдсан байгууллагын чиглэлээр 57.3 хувийг олборлолт, 27.7 хувийг геологи хайгуул эзэлсэн. Үлдсэн 15 хувийг баяжуулалт боловсруулалт, уул уурхайн худалдаа, хөрөнгө оруулалт, өрөмдлөг тэсэлгээ, үйлчилгээ, бусад гэсэн чиглэлүүд бүрдүүлсэн байна.




















