“Эрдэнэс Монгол” компани энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар улс болон орон нутгийн төсөвт нийт 4.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүний 2.2 тэрбум нь ААНОАТ бол 1.5 тэрбум нь НӨАТ-ын орлого, үлдсэн 0.5 тэрбум нь нийгмийн даатгалын шимтгэл тэргүүтэй бусад орлого эзэлж байна. Энэ нь зөвхөн “Эрдэнэс Монгол” компанийн тоо гэдгийг тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат хэллээ.
Нэгдлийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлого олж 1.7 их наяд төгрөгийн зардал гаргасан байна. Татварын өмнөх ашиг 841 тэрбум төгрөг байна. Татварт эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд нийт 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
"Эрдэнэс Монгол" компанийн Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 42.6 тэрбум төгрөг бөгөөд 2023 оны эхний улиралд бүрэн төлж, барагдуулах аж.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг өнгөрсөн сард төлснөөр нийт өрийн үлдэгдэл эрс буурсан билээ.
"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат тэргүүтэй газар, хэлтсийн төлөөлөл сэтгүүлчидтэй уулзах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниудыг Зэс металлийн групп, Нүүрс, эрчим хүчний групп гэсэн хоёр бүлэгт хуваан нэгтгэж Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан. Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани ирсэн.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 618.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тайлан баланс гарчээ. Үүнээс хамгийн өндөр ашигтай гарсан нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ. Тус үйлдвэр 515.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүний дараа Монголросцветмет ТӨҮГ 8.2 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс Тавантолгой” ХК 115.5 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2.8 тэрбум төгрөгийн, Эрдэнэс Оюутолгой 602 сая төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ.
Харин бусад охин, хараат компаниуд бүгд алдагдалтай гарсан байна. “Эрдэнэс Монгол” компанийн өөрийн алдагдал 9.8 тэрбум төгрөг. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат "Энэ бол өрийн асуудал. Төрөөс нэг удаа тэтгвэрийн зээл тэглэсэн төлбөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иас манай компаниар дамжаад гарсан учир дээрх алдагдал харагдаж байгаа юм" гэв.
"Эрдэнэс Монгол" нь өдгөө ашиглалтын 27, хайгуулын 7 лицензтэй үйл ажиллагаа явуулж байна.