Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал, тулгамдсан асуудлыг тодорхойллоо

Б.ТОГТОХ

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж" сэдэвт олон улсын хурлыг УУХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран өнөөдөр зохион байгууллаа. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Байгалийн нөөцийн ахлах зөвлөх Ёшитака Хосои "Уул уурхайн салбарын Монгол, Японы техникийн хамтын ажиллагаа"-г онцлов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ нь эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хэлбэлзлээс ангид тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх төслийг 2016 оноос хэрэгжүүлсэн билээ. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал ба түүхий эдийн зах зээл" сэдвээр гурав дахь илтгэлийг танилцуулсан бол "Уул уурхайн салбарын гэрээ, татвар"-ын орчны талаар тус судалгааны хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар удаах илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзвэл, энэ онд ДНБ 1.7-3 хүртэлх хувиар өсөхөөр байна. Он гарснаас хойш эдийн засаг эргэн сэргэхэд худалдаа, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбар голлох нөлөө үзүүлжээ.

Уул уурхайн салбар оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 18.2 хувиар агшсан дүнтэй байна. Энэ байдал нь боомтын үйл ажиллагаа саатсан, уул уурхайн түүхий эдийн экспорт удааширсантай холбоотой аж.

2022 оны эхний 9 сарын байдлаар төсөв 962 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Засгийн газрын өр 5.2 хувиар өссөн, мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц буурч, төгрөгийн ханш суларсан, голлох түүхий эдийн үнэ буурсан эрсдэлүүд үүссэн байна.

Уул уурхайн салбараас эдийн засаг, улсын төсвийн орлогын хамаарал жилээс жилд нэмэгдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт мөн адил уул уурхайн салбар дээр дийлэнх нь тогтож байна. "Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт" илтгэлд сүүлийн 10 жилийн хөрөнгө оруулалт орчин, түүнд нөлөөлж байсан хүчин зүйлийг тодорхойлсон юм.

"Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж" сэдэвт олон улсын хурлаар урьд өмнө төдийлөн судалгааны түвшинд яригдаад байдаггүй Олборлолтын нийгмийн зөвшөөрөл, Уул уурхайн салбарын нэмүү өртгийн сүлжээ, түүхий эдийн маркетинг, борлуулалт гэсэн илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.