Sprott Asset Management-ийн шинэ тайланд дурдсанаар, улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын талаарх төлөвлөгөө хөтөлбөрүүд 2023 онд ураны зах зээлийг дэмжих төлөвтэй. Өөрөөр хэлбэл ураны зах зээлийн өсөлттэй жил байна гэж шинжээчид таамаглажээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон улс ирэх 60 жилийн цөмийн эрчим хүчний бодлогоо зарлаж хуучирсан реакторуудыг шинэ АЦС-уудаар орлуулахаар төлөвлөсөн байна. Мөн тухайн сард Энэтхэгийн Засгийн газар шинээр 5 АЦС барих төслийг баталж, нийт 700 МВт хүчин чадалтай 10 реакторын санхүүжилтийг зарлажээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны стратегийн ураны нөөцийн албанаас анхны гэрээ хэлэлцээрийг Energy Fuels, Uranium Energy, Peninsula Energy, Encore Energy болон Ur-Energy компаниудтай байгуулсан байна. Дотоодын АЦС-уудын түүхий эдийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах, ураны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 75 сая ам.долларын санхүүжилт олгох аж. Канад улсын критикал минералын жагсаалтад уран багтсан бөгөөд тухайн ашигт малтмалуудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бараг 4 тэрбум канад доллар баталсан юм.
Хэдийгээр ОХУ-ын ураны эсрэг улс орнууд албан ёсны хориг арга хэмжээ аваагүй ч дэлхийд ураны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Орос нь Украйнтай дайтаж буй нөхцөл байдлаас өнгөрсөн онд ураны үнэ хоёр дахин өсжээ. Дөрөвдүгээр сард ураны үнэ 64 ам.долларт хүрсэн нь 2022 оны хамгийн өндөр ханшид тооцогдсон. Энэ оны эхний сарын байдлаар үнэ 48 ам.долларт хэлбэлзэж байна.