Монгол Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулган өчигдөр (2025.09.17) боллоо. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас асуулт асууж, хариулт авлаа.
О.Батнайрамдал: 2026 оны төсвийн хүрээ, 2027 болон 2028 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлтийг 5.7-6.5 хувь байна гэж өөдрөгөөр төсөөлсөн. Энэ өөдрөг төсөөллийг гаргасан үндсэн таамаглалын нэг нь Оюутолгой гүний уурхайн зэс, алтны агуулга сайжирна гэсэн. Зэс, алтны агуулга цэвэр зэсээр 22-31 хувь хүртэл огцом сайжирна гэдэгт үндэслэж 6.5 хувийн эдийн засгийн өсөлтийг тооцоолсон. Оюутолгойн одоо явж байгаа далд болон ил уурхайн дундаж агуулга Онтрег оруулахгүйгээр сайжрахгүй. Харин ч эсрэгээрээ бууралттай. Оюутолгойн одоогийн зэс, алтны агуулгаас Онтрегийн талбай 65-76 хувиар илүү байдаг. Одоо бид Онтретэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна, АҮЭБ-ийн сайд та ахалж байгаа. Энэ асуудал хэрхэн явж байна вэ? Хэрэв Онтретэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадахгүй бол төсвийн хүрээний таамаглал буруу болох гээд байна.
Г.Дамдинням: Онтретэй холбоотой асуудлын Ажлын хэсгийг би ахалж байна. Онтре компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлүүд нийтдээ үйлдвэрлэлийн нөөц 812 сая тонн ба түүнд агуулагдах зэс нь 4.7 сая тонн, алт 275 тонн, мөнгө 1334 тонн, молибден 46 мянган тонн байна. Одоогийн үнийн жишгээр харьцуулж харвал 54 тэрбум ам.долларын тогтоогдсон үйлдвэрлэлийн нөөц байна гэсэн үг. Онтрегийн эзэмшлийн энэ талбайг Оюутолгой төслийн хүрээнд олборлолт хийвэл ашигтай, Оюутолгой төслийн хүрээнд ашиглалт хийхгүй бол ашиггүй. Яагаад гэвэл гол агуулгатай булан нь газрынхаа гүнд байгаа.
Манай АҮЭБЯ Оюутолгой болон Онтре компанийн ТЭЗҮ-ийг шинэчилж хүлээж аваагүй байгаа. Уулын ажлын төлөвлөлт Онтре дээр хийгдээгүй гэсэн үг. Оюутолгой компани Онтретэй гэрээ хийсэн гэсэн сураг байдаг. 80/20 харьцаатай. Би энд зарчмын хатуу байр суурьтай байдаг. Бид бизнес хийж байгаа хүмүүс. Оролцогч талуудаа хүндэтгэж хадгалсан бизнес хийх ёстой. Монгол Улсын оролцоо заавал байх ёстой. Тэрэн дээрээ тулбал Монгол Улсыг хүндэтгэхгүй хүмүүстэй заавал бизнес хийх шаардлага байхгүй. Тэгэхээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ, Онтрегийн хариуцаж байгаа талбай дээр хийх үү, эсвэл яах вэ гэдгээ судлаад ярилцаж байна. УИХ дээр байгуулагдсан сонсголын асуудлыг О.Батнайрамдал гишүүн ахалж байгаа. О.Батнайрамдал гишүүний сонсголын Ажлын хэсгээс гарсан дүгнэлт тодорхой байнгын хороо, УИХ-аар орж, манай Ажлын хэсэгт чиглэл өгвөл тэрүүгээр явна. Чиглэл өгөхгүй гэвэл бид хөрөнгө оруулалтын гэрээний хувилбаруудыг боловсруулж ажиллана гэсэн бодолтой байна. Ний нуугүй хэлэхэд хэлэлцээр хийх зохион байгуулалтын ажлуудтай байгаа учраас нарийн тодорхой асуудлыг УИХ-д нээлттэй ярих боломжгүй байна. Ер нь бол зарчмын байр сууриа хэлчихлээ.
Э.Мишээл