Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай “Майнинг Инсайт”-ын Н.Ариунтуяа ярилцлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдтай хийсэн энэхүү ярилцлага нь түүний салбарын сайдаар томилогдсоных нь дараах хамгийн анхны, хэвлэлд өгсөн өргөн агуулгатай яриа гэдгээрээ онцлог юм. Тэрээр салбарт хуримтлагдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ний нуугүй ярилцаж, Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн бодлого цаашид ямар чиглэлд өрнөхийг илэн далангүй өгүүлэв. Шинэ сайдын дэлгэрэнгүй ярилцлагаас ирэх жилүүдийн салбарын хөгжлийн зураглал хэрхэн тодрохыг тольдоно уу.
НЭГ ХОЁР БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР СУУРИЛСАН БОДЛОГО БАЙЖ ТААРАХГҮЙ. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОН ДЭЭР ОНЦЛОГТ НЬ ТААРСАН БОДЛОГО ГАРГАХ ЁСТОЙ
Та Сайдаар томилогдсоноос хойших хуга цаанд нэлээд олон уурхай, үйлдвэрээр явж, уулзалтууд хийлээ. Салбарынхаа нөхцөл байдлыг олон талаас нь том зургаар харсан байх? Хамгийн түрүүнд юуг, хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?
Миний хувьд энэ салбарыг судалж, ойрхон ажиллаж ирсэн. Уул уурхайн бодлого, засаглал талаасаа өмнө нь судалгаанууд хийгээд явж байсан болохоор гайхаж, цочирдож хүлээж авах зүйл алга байна. Уул уурхайн салбар дээр Монголын эдийн засаг тогтож байна, бидний энэ үеийн хоолыг олж ирж байгаа салбар гэж бүгд ярьдаг ч салбар өөрөө нийгэмтэйгээ үг хэлээ ололцох тал дээр маш сул, энэ чиглэлд мэргэжлийн удирдлага, онцгой арга ажиллагаа хийх хэрэгтэй байна гэсэн бодолтой байсан маань одоо улам баталгаажиж байна. Гэхдээ нийгмийн зөвшөөрлийн энэ асуудал ганц манай улсад ч биш уул уурхайтай улс орон бүрт тулгардаг зүйл. Шинэ зүйл биш. Хөрөнгө оруулалтыг үргээгээд, хязгаарлаад байгаа асуудлаа шийдэхийн тулд салбарынхаа нийгэм дэх оролцоог зөвөөр таниулж чадахгүй байгаа, салбарынхаа дүр төрхийг эдийн засгийн тоон утгаар ярихаас гадна яагаад энэ салбар чухал, яагаад уул уурхай хийгээд байгаа, ер нь уул уурхай гэж юу юм, олж ирсэн орлогыг хэн, яаж хуваарилаад байгаа юм, уул уурхайгаас олсон орлого танай сум орон нутагт хэрхэн хуваарилагдаж байгаа юм? Юунаас асуудал үүсээд байгаа юм бэ гэдгийг ойлгуулах, тайлбарлах, ойлголцуулах чиглэлийн ажил сул байгаа нь ажиглагдлаа. Манай салбар бол оролцогч гурван талын тэгш тэнцвэр дээр явах ёстой салбар. Тэр гурван тал нь төр засаг, компаниуд, ард иргэд. Төр засаг хэт давуу оролцоод эхэлбэл салбар гацаад эхэлнэ. Хувийн хэвшил хэтэрхий ашиг хөөгөөд эхэлбэл мөн л явахгүй. Ард иргэдээ хэт популизмаар хөтлөөд оролцуулаад эхэлбэл мөн л урагшлахгүй болно. Зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар байгаа олборлох салбарт суурилсан эдийн засагтай улс орнуудад энэ сорилт тулгарч байна. Хэн асуудлаа шийдэж чадаж байгаа нь урагшаа хөгжөөд, хэн чадахгүй байгаа нь адагт үлдэнэ. Үүнийг мэргэжлийн бодлогоор удирдан зохицуулдаг. Зөв зохицуулалт хийх ёстой оролцогч нь төр засаг өөрөө. Төр засаг, ард иргэд, компаниудын тэнцвэрийг зөв олж, удирдаж, зөв засаглах ажлыг хийх ёстой юм.
Нүүрсний үнэ буурч, экспортын орлого саарч эхэлснээр уул уурхайгаас хэт хамааралтай манай эдийн засгийн эрсдэл улам тодорч байна. Ийм үед уул уурхайн салбарыг эдийн засгийн тогтвортой өсөлтийн хөдөлгүүр хэвээр хадгалах гарцыг хэрхэн харж байна вэ?
Уул уурхай бол байнгын үнийн хэлбэлзэл дээр оршдог салбар тул ийм уналтын мөчлөгийг сайн, муугийн алинаар нь ч харахгүй байна. Хошигнож хэлэхэд, түүхий эдийн үнэ уналттай байгаа үеийг таатайгаар хүлээн авч байгаа сайд нь магадгүй зөвхөн би байх. Яагаад гэвэл манай салбарын шийдэх ёстой, хойш тавигддаг байсан олон асуудал шуурхай шийдэгдэх ёстойг тал талдаа илүүтэй ойлгож, сайн өөрчлөлт хийгдэх боломжтой таатай цаг үе юм. Өөрөөр хэлбэл, хямралыг давуу тал болгож харах ёстой гэж бодож байна. Манай салбарт хуримтлагдсан, өмнө яриад яриад хүлээж авдаггүй байсан асуудлыг ард нийтээрээ ч, төр засгийн түвшинд ч гэсэн ойлгон хүлээж авч, үнэхээр шийдэх ёстой, хөнгөвчилж өгөх ёстой асуудал байна гэж ойлгох, салбарыг өөрөөр харах ёстой юм байна гэх хандлага ийм уналтын үед л бий болдог. Энэ утгаараа харвал манай хувьд тийм ч муу цаг үе биш. Хоёрт, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт тогтвортой бодлого явуулахын тулд манайд байгаа уул уурхайн бүтээгдэхүүн болгон дээр тус тусад нь тохирсон бодлого гаргах ёстой. Газрын ховор элемент, алт, зэс, төмөр болон бусад бүтээгдэхүүн дээр манай улс ямар бодлого баримтлах юм гэдэг бодлогоо тооцоолж гаргаад хөгжүүлж явах ёстойгоос биш дан ганц нүүрсэн дээр суурилсан эдийн засаг, салбар босгоод тавьчихаар алдаа болж, маш эрсдэлтэй нөхцөл байдал руу үсэрч орчихоод байна. Өдөрт хэдэн машин нүүрс гарч байгаагаар хэмжигддэг ийм эмзэгхэн эдийн засаг болчихлоо. Энэ бол том эрсдэл, том алдаа. Олон төрлийн ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнтэй улс орнууд тэрхүү бүтээгдэхүүн болгондоо тохирсон зохицуулалт гаргаж, мөчлөг сөрсөн бодлого явуулдаг. Миний суралцаж, төгссөн Канад болон уул уурхайн тэргүүлэгч Австрали зэрэг улсад том хэмжээний объём ихтэй бүтээгдэхүүнүүд нь нэг бодлоготой. Нөгөө талдаа тээвэрлэхэд амар, овор бага мөртлөө үнэ өндөр алт, газрын ховор элемент зэрэг бүтээгдэхүүн дээрээ тусдаа өөр бодлого явуулж байгаа нь ажиглагддаг Нэг зүй тогтол бидэнд их хамаатай нь төмрийн хүдрийн үнэ унахад нүүрсний үнэ дагаад унадаг. Гэтэл нөгөө талдаа алт, зэс зэрэг өнгөт металлын үнэ өсөж байдаг зүй тогтолтой. Гэтэл бид зэсийн салбартаа үндсэндээ гадны хөрөнгө оруулалтад хориг тавьчихсан байгаа. Тэгэхээр аль алийг нь босгож ирэх хэрэгтэй л гэсэн үг. Манай бодлого бол нүүрснээс гадна өөр эрдэс түүхий эдийг дэмжсэн бодлого явуулж, өрсөлдөх чадавхтай болохын төлөө явах ёстой юм.
Нүүрснээс олж байгаа орлогыг бусад эрдэс түүхий эдээс олох боломжтой болох ёстой. Уул уурхайн салбараа олон төрлийн ашигт малтмалаар төрөлжүүлэх ёстой.
Ингэвэл бид хямралаас айхгүй, тогтвортой байдалтай байж чаддаг болно. Ганцхан жишээ хэлэхэд Канадын “Тек Ресурс” компани нүүрс, төмөр болон өнгөт металлын уурхайнуудтай. Эдийн засгийн ямар ч хүндрэлтэй нөхцөл байдалд тогтвортой, хэвийн үйл ажиллагаатай байж чаддаг. Энэ бол уул уурхайн бодлого, мэргэж лийн үйл ажиллагаа. Манайд энэ нь хийгдээгүй байгаа. Үүнийг л хийх гэж зорино доо.
Уул уурхайн бодлогыг хэзээ, яаж, ямар эрэмбэ дарааллаар хийх вэ? Энэ нь 2014 онд гаргасан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоос зарчмын ямар ялгаатай байх бол?
Бид өрсөлдөөн дунд явж байгаа улс. Зөвхөн Монгол оронд л алт, зэс, нүүрс, уран, газрын ховор элемент байдаггүй. Бидэнтэй ижилхэн байгалийн баялагтай дэлхийн 90 гаруй улс орон байна. Эдгээр улс оронтой өрсөлдөж байж, эдгээр улсаас илүү боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байж өрсөлдөөнд аятайхан явна. Үүнийг хэрхэн хийх нь манай төр засгийн гэрийн даалгавар юм. Байгалийн баялаг дээрээ суурилсан бусад ямар салбарыг хөгжүүлэх, улс орныхоо аль газраа олборлолт явуулах, ямар бүтээгдэхүүнээ түлхүү гаргах стратеги барих юм, түүнийхээ дараа аль бүтээгдэхүүнд илүү төвлөрөх юм, юуны хайгуулыг илүү дэмжих юм, үүний тулд ямар хэмжээний хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох юм, аль хэсгийн газар нутагт аялал жуулчлалаа хөгжүүлэх юм, аль хэсгийн газар нутгаа бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашиглах вэ гэдэг байгалийн нөөцийн менежментийн цогц бодлого зайлшгүй байх ёстой. Бидэнд энэ нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бид хөлөө жийж болох хөнжлийнхөө хэмжээг тооцоолоод, аль чиглэлээр түлхүү явахаа гаргаж ирэх ёстой. Тэгэхгүй цаг үеийн аясаар намираад давхиад байвал тогтвортой бодлого хэрэгжүүлж чадахгүй, тогтвортой үйл ажиллагаа ч явуулж чадахгүй, тогтвортой орлоготой ч байж чадахгүй. Энэ нь тогтвортой түнш ч байж чадахгүй гэсэн үг. Тогтвортой түншилж чадахгүй газартай хэн ч хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй. Хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй бол шинээр орд нээгдэхгүй, уурхай хийгдэхгүй. Тэгвэл шинэ ажлын байр бий болохгүй, шинэ орон байр, шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдахгүй, шинэ зам тавигдахгүй, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй л гэсэн үг болно. “Уул уурхайн бодлого” яагаад чухал нь үүнд байгаа юм. Тиймээс бид бодлогын баримт бичигтэй болох ёстой. Бодлогын баримт бичгийнхээ хүрээнд хуулийн өөрчлөлтөө хийдэг байх ёстой. 10, 20, 30 жилийн дараа Монголын уул уурхай ямар түвшинд хүрсэн байх юм, уул уурхайн бүтээгдэхүүнээс гарч байгаа бараа бүтээгдэхүүнээ ямар түвшинд боловсруулах юм гэдгээ тооцоолж бодлогоо хийх ёстой. Үүнийг олон улсын судалгаа шинжилгээний байгууллагууд, дотоодын эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч боловсруулж гаргана. Энэ бол улстөрчдийн бус цэвэр судлаачдын хийх ажил. Энэ ажлыг эхлүүлж байгаа. Бусад яамд, олон улсын донор байгууллагуудтай уулзан, хамтарч ажиллах саналаа тавиад явж байна. 2014 онд батлагдсан бодлогын хувьд 2 хуудас баримт бичиг бий. Бүтэн улсын уул уурхайн бодлогыг тийм зайд багтааж чадна гэдэг үнэхээр “гайхамшигтай”. Уг нь улс орныхоо байгалийн нөөцийн хэмжээгээр бодлогоо гаргана гэвэл аль газраа онгон зэлүүдээр авч үлдэх, аль газраа хадгалах, аль газраа хөгжүүлэх, аль газраа олборлоод нөхөн сэргээх юм, аль газраа устай байлгах юм гэдэг байгалийн нөөцийн бодлого явах ёстой. Тэгэхээр нэлээд өргөн хүрээний цараатай ажил болохоор байгаа биз. Үүнийг л хийчих гээд үзнэ дээ.
ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗИЙГ АВАХАД АМАРХАН, ХАДГАЛАХАД ҮНЭТЭЙ БОЛНО
АМтХ-д шинэчилсэн найруулга биш нэмэлт өөрчлөлт хийнэ гэж та хэлсэн. Шинэчилсэн найруулгаар хийгдэх өөрчлөлтүүдийн талаар уул уурхайн салбарт тодорхой ойлголт, бас хүлээлтүүд байсан. Яагаад нэмэлт өөрчлөлт гэж? Мөн нэмэлт өөрчлөлтөөр салбарт тулгамдсан энэ олон асуудлаас алийг нь сугалж авч шийдэхийг зорьж байна вэ?
Хэдэн оноос хойш шинэчилсэн найруулгын асуудал яригдаж байгаа билээ. Яриад л байдаг, хийж чаддаггүй. Шинэчилсэн найруулга гэдэг нь хуулийг бараг тэр чигт нь өөрчилнө гэсэн үг. Ашигт малтмалын салбарын гол зохицуулалтыг хийдэг хууль нэг бол тогтвортой байж, үгүй бол сайжирч байж л хөрөнгө оруулалт орж ирнэ. Шинэчилсэн найруулгаар цоо шинээр дүрэм зохиочихвол түүнийгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд ойлгуулж, зөв авч явах нь маш эрсдэлтэй. Эдийн засгаараа тоглох хэмжээний бооцоо тавьж байна гэсэн үг болно. Миний одоо барьж байгаа байр суурь гэвэл хамгийн тулгамдсан нэн чухал 45 асуудлаа л барьж авч, өөрчлөх. Бусдыг нь үе шаттай цувуулаад хийж болно. Өөрчлөлт хийх нь Парламентийн асуудал. УИХаар өөрчлөлт хийж чадвал сайжирна. Чадахгүй бол яг одоо байгаа түвшиндээ л байна. Өөрөөр хэлбэл орсон өөрчлөлт сайн зүгт л орно, одоо байгаагаас дордохгүй, тогтвортой байдлаа хадгална гэсэн үг. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн ганц хүсдэг зүйл нь сайжирдаггүй юм гэхэд тогтвортой байх асуудал. Энэ салбарын гол онцлог нь энэ. Яагаад гэвэл урт хугацаагаар төлөвлөж, том хөрөнгө оруулдаг учраас аль болох донсолгоод баймгүй салбар шүү дээ. Эн тэргүүнд барьж авах асуудлын нэг нь хайгуулын салбар. Хамаг газар нутгаа лицензээр өгчихлөө гэдэг мэдээлэл сошиал сүлжээгээр яваад байдаг ч манай улсын нийт газар нутгийн 80 хувь нь лицензээр олгогдох боломжгүй. Нийт газар нутгийн 20 орчим хувьд л ашигт малтмалын эрэл судалгаа, хайгуулын ажил явуулах бололцоотой. Үүнээс одоогийн байдлаар 3,1 хувийг нь хайгуулын лиценз, 1,3 хувийг ашиглалтын лицензтэй газар нутаг эзэлж байна. Тэгсэн мөртлөө хайгуулын лицензийн тоо нь ашиглалтын лицензээсээ 2 дахин бага байгаа. Энэ бол гажиг үзэгдэл. Манай үеийнхэн ирээдүй үеийнхээ өмнө нүгэл хурааж байгаа үйлдэл. Өнөөдөр цалин тэтгэвэр, нийгмийн даатгал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дулаан цахилгааныхаа хэвийн байдлыг хангах мөнгийг олж байгаа гол эх үүсвэр нь уул уурхай. Үүнийг 1990 оноос өмнөх хайгуул судалгааны ажлын үр дүнд илэрсэн томоохон хэмжэээний орд газруудаас олборлож зарсан орлогоор санхүүжүүлж байна. Гэтэл бид хайгуулын салбарын амыг барьсан бодлого явуулсан учраас ирээдүй хойч үедээ судлаад бэлэн болгож үлдээх ажлаа хийхгүй амиа бодоцгоон “попорч” сууна. Эрэл судалгааны ажил дор хаяж 10 жилээр түрүүлж хийгддэг байх ёстой. Эрэл судалгааны ажил гэдэг нь дэлхийн улс орон бүр өөрөө хөрөнгө зарж хийдэг анхны суурь судалгаа юм. Энэ нь хөрс, ус, үер, гамшгийн нөхцөл байдал, ашигт малтмал, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт ашиглаж болох мэдээлэл цуглуулах, газрын хэвлийгээ тэр чигт нь судлах үйл ажиллагаа. Хөдөө аж ахуйн салбар гэхэд манай эрэл судалгааны ажлын үр дүнг ашигладаг болох ёстой юм. Тухайн газар орны хөрс ямар бүтэц, агуулгатай байна, эрдэстэй, устай байна уу, үгүй юу гэдэг нь эрэл судалгааны ажлын үр дүнд гарч ирдэг. Ийм өргөн дэлгэр ойлголт. Гэтэл үүнд хангалттай хөрөнгө оруулалт алга. Эрэл судалгааны ажлын дараа ашигт малтмалтай байж болохуйц газраа Үндэсний геологийн албаныхан ялгаад Ашигт малтмал, газрын тосны газарт өгнө. АМГТГ тэдгээр дээр нээлттэй тендер зарлаж, хайгуулын лиценз олгодог процесс явж байгаа. Гэтэл бид 90 оноос өмнөх эрэл хайгуулын судалгааны үр дүнгээр амьдарч байгаа мөртлөө хайгуул нь ашиглалтын лицензээсээ 2 дахин бага байгаа нь ирээдүй үеэсээ болон бусад улс орноос санаа зовмоор үзүүлэлт. Хайгуулын ажлын лицензийн тоо ашиглалтынхаас 510 дахин их байж, ирээдүйд ашиглах уурхай орд газрынхаа нөөцийг улс орон тодорхойлон, түүнийхээ багцаагаар бодлогоо хийж явдаг. Бид үүний эсрэг явчихаар ирээдүй үеийнхээ өмнө хийх ёстой ажлаа хийхгүй нүгэл үйлдэж байгаа хэрэг. Үүнийг засах ёстой. Энэ хийрхлийг засахын тулд нийгэмтэйгээ ойлголцох ажлыг хийнэ. Хөтөлбөр гаргана. Үүнийхээ хүрээнд лицензийг олон төрлөөр олгодог болох зохицуулалт руу шилжинэ. Одоо бол лицензийг авахад үнэтэй, хадгалахад хямд байгаа. 10, 20, 30 жилээр юу ч хийхгүй хадгалаад лицензийн наймаа хүлээгээд суух бололцоотой байгаа. Яагаад гэвэл хадгалах нь хямдхан, авахад үнэтэй учраас. Тендерээр мөнгөтэй нь л нэмж авна. Эсвэл гадныхан авна. Иргэн болон бага зэргийн бизнестэй хүмүүс авч дийлэхгүй өндөр үнэтэй байгаа. Авсныхаа дараа хайгуул судалгааны ажлаа явуулахгүй, лицензийн наймаа хийх гээд дараад хэвтчихдэг. Үүний байрыг солино. Олон улсын жишигт нь аваачна. Авахад амархан, харин хадгалахад үнэтэй болно. Жинхэнээсээ өрөмдлөг хайгуул хийгээд, нөөц батлуулаад, уурхай байгуулах нь энэ салбартаа үлдэнэ. Сонирхогч болон дурын лицензийн наймаа хийх гэсэн этгээдүүд оролцоход маш үнэтэй, ашиггүй болно. Энэ бол зөвхөн миний бодож олсон, манай яам, Засгийн газрын санаачилсан зүйл биш. Уул уурхай амжилттай явж байгаа улс орнуудын баримталдаг бодлого. Олон улсын энэ жишиг рүүгээ явах нь бүх талуудад хэрэгтэй. Хоёрт, чухал ашигт малтмалын бодлогыг тодорхой болгоно. Гуравт, АМНАТ болон боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлуудаа шийднэ.
Хоёр, гурав дахь асуудлууд дээр яаж гэдгийг тодруулна уу. Тухайлбал, чухал ашигт малтмал дээр яг ямар бодлого баримтлах вэ? АМНАТ-ийн хувьд салбарт маш том хүлээлт бий, нийгэм бас өөр ойлголттой, улс төрд бүр өөр. Энэ тэнцвэрийг хэрхэн барьж өөрчлөлт хийх вэ?
Нэгдүгээрт, АМНАТ бол газрын эзний газрыг ашигласныхаа төлөө хураамж төлж байгаа тогтолцоо. Энэ нь салбар өөдтэй явах уу, улсын төсөв орлоготой байх уу, үгүй юү гэдгийг шийддэг зүйл. Өндөр байвал хөрөнгө оруулагч орж ирэхгүй, хайгуул хийхгүй, уурхай байгуулахгүй, орлого бий болохгүй. Бага байвал ард түмний хүртэх үр өгөөж багасна. Үүний алтан дундаж тэнцвэрийг олох ёстой. Одоо манайд боловсруулах үйлдвэрийг хаан боогдуулсан, зөвхөн ухаад олборлоход чиглэсэн тогтолцоо ажиллаж байна. Гэтэл бидэнд нэмүү өртөг шингээх үйлдвэрүүд хэрэгтэй байна, гангаа хийдэг, зэсээ хайлуулдаг болох бодлоготой байх ёстой цаг ирээд байна. Үүнийг хязгаарласан зохицуулалт татвар, хураамж, АМНАТ дээр явж байгааг засах санал оруулна. Боловсруулах үйлдвэрүүдэд ашигтай байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөгчийн тоог олон болгох, боловсруулдаг бүтээдэг улс орон болох чиглэл рүү явсан хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барина. Чухал ашигт малтмалын хувьд байгалийн баялагтай дэлхийн бүх л улс орон чухал ашигт малтмалаа зарладаг, хөрөнгө оруулалтын орчныг тусад нь авч үздэг зохицуулалттай. Манай улсын хувьд төмөр, нүүрс, зэс, алт бүгдээрээ чухал. Нэмээд газрын ховор элемент байж болохоор яригдаж байна. Чухал ашигт малтмал дээр ямар бодлого баримтлахаа судлаад, хэлэлцээд явж байна. Түүнийгээ хуульдаа тусгана.
СТРАТЕГИЙН ОРД ГЭДЭГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ОЙЛГОЛТООС СТРАТЕГИЙН АШИГТ МАЛТМАЛ ГЭДЭГ ДЭЛХИЙД БАЙДАГ ЖИШИГ РҮҮ НЬ ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Чухал ашигт малтмалын жагсаалт гаргаж зарлах уу?
Тэгнэ. АНУ, Канад, Хятад бүгд л чухал ашигт малтмалаа зарлаж байна. Бид ч гэсэн энэ чиглэл рүү явна. Энэ чиглэлд бид хөрөнгө оруулалтыг ингэж татна, хайгуулын ажлыг ингэж дэмжинэ гэдэг бодлого гаргадаг болох хэрэгтэй. Стратегийн бүтээгдэхүүнээ улс тусгай бодлогоор удирдана гэсэн үг. Стратегийн орд гэдэг дэлхийд байхгүй ойлголтоос стратегийн ашигт малтмал гэдэг дэлхийд байдаг жишиг рүү нь шилжүүлнэ.
“Стратегийн орд” гэснээс энэ нь Монголын улс төр, нийгэмд хүчтэй сэдэв болдог ойлголт. Сүүлийн нэг жилд гарсан стратегийн ач холбогдолтой ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай шийдвэр салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчинд маш тодорхойгүй байдал үүсгээд байна. Засгийн газар солигдох үед бодлого өөрчлөгдөж магад гэсэн хүлээлт байсан ч сүүлд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг харахад энэ нь үргэлжлэх бололтой. Зэсийн үүсмэл ордууд дээр төрийн хувь эзэмшил тогтооно гэдгээ зарлаж, тодорхой лицензүүдийг хурааж, “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүллээ. Энэ байдал ингээд үргэлжлээд байх уу?
Үүнийг хоёр салгаж үзэх ёстой. Төгрөг нуурын орд той хол боотой асуудлыг ярьж байх шиг байна. Энэ орд газарт 19 лиценз байсны 4ийг эзэмшиж байсан “Төгрөг нуур энержи” компани нь Ашигт малтмалын тухай хууль болон Гол мөрний урсацын эхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд удаа дараа гаргасан хуулийн зөрчлүүдтэй байсан. Тэр хүрээнд лиценз нь цуцлагдсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиа мөрдөхгүй бол цуцлаад явдаг хуулийн заалт л хэрэгжсэн хэрэг. Орд нь УИХын 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад байгаа 39 ордын жагсаалтад орсон учраас “Эрдэнэс Монгол”д лицензийг өгнө. Хуулийнхаа дагуу явсан үйл ажиллагаа. Улстөржсөн зүйл байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийг удаа дараа зөрчсөн тул цуцлахаас аргагүй. Энэ нь зөвхөн Төгрөг нуур биш бүх ордод хамаатай асуудал. Хоёр дахь нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн овоолгын асуудал. “Эрдэнэт үйлдвэр” дээр үүссэн исэлдсэн, бага агуулгатай хүдрийг 3 компани ашиглаж байна. Ашиглахдаа энэ гурван компани гурван өөр төрлийн зохицуулалтаар ашигладаг. Нэг үйлдвэр нь овоолгыг худалдаж аваад ашиглаж байна. Өөр нэг үйлдвэр нь авсан бүтээгдэхүүн дээрээ АМНАТ төлөөд ашиглаж байна. Нөгөө нэг нь огт үнэгүй ашиглаж байна. Үүнийг нэг стандарт зохицуулалтаар ашиглах нь шударга ёсонд нийцэх төдийгүй нийт ард иргэдэд очих үр өгөөж нь ч илүү юм. Миний хувьд үүсмэл ордуудыг төр эзэмших гэхээс илүү Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар хэн дуртай этгээдэд нь дуудлага худалдаагаар зардаг байх ёстой гэсэн бодолтой байдаг. Үүсмэл орд нь өөрөө төрийн эзэмшлийн буюу “Эрдэнэт үйлдвэр” ийн 100 хувийн өмч. Түүнийг 34, эсвэл 51 хувийг нь хувааж эзэмшинэ гэдэг утгагүй. Үүнд тэнд ажиллаж байгаа үйлдвэрүүдийг хэлээгүй. Үйлдвэр бол төрд хамаагүй, компани болон хувь хүмүүсийн өмч. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь л төрийнх. Түүнийгээ биржээр худалдаад авах нь шударга бас хэл амгүй биз дээ. Татвар хураамжаа төлөөд, бүгд жигд өрсөлдөөд худалдаад авбал ямар нэгэн маргаан үүсэхгүй. 34, 51 хувиар хуваана гэвэл дахиад л дуусашгүй маргаан руу орно гэж харж байгаа.
“Стратегийн орд” гэх төрд авах синдромыг өөрчлөх ёстой гэж Та хэлсэн байсан. Уул уурхайн салбарт энэ ойлголтыг халж, ордын ашиглалтыг шинэ зарчмаар тодорхойлох шаардлагатай гэдэг байр суурь бий. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
Ний нуугүй хэлэхэд, стратегийн орд гэх ойлголт дээр би зарчмын тэс өөр байр суурьтай байдаг.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсаны үр дүнд ард иргэд байгалийн баялгийнхаа эзэн гэсэн Үндсэн хуулийн суурь ойлголт хэрэгжих ёстой. Гэтэл манайд одоо ямар үзэгдэл явж байна гэхээр хэрвээ чи том бие тэй бол чамаас илүү татвар авна. Жижиг биетэй бол бага авна гэсэн зарчим явж байгаа нь шударга биш. Хоёрт, ард иргэдэд шууд очих ёстой хамгийн эрсдэлгүй эх үүсвэр бол АМНАТ. Гэтэл энэ эх үүсвэрээс зарим хэсгийг нь Улсын төсөв рүү татаад авчихаж байгаа. Төр тухайн уурхай ашигтай байна уу, ашиггүй байна уу, үйл ажиллагаа явуулж л байгаа бол шууд орж ирдэг хамгийн эрсдэлгүй орлогыг өөртөө авчихаж байна. Ард иргэддээ үр өгөөж хүртээх Хуримтлалын сандаа болохоор Улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд болон нэмээд төрийн өмчит уурхай үйлдвэрийн газрын ногдол ашгаас орж ирвэл өгнө гээд заачихсан. Улсын төсөв угаасаа хөгжиж байгаа улс оронд ашигтай гарах ёсгүй. Хөгжиж байгаа орон төсвөө тэлээд, хөрөнгө оруулалтаа хийгээд, сургууль цэцэрлэг, эмнэлгээ бариад, хөгжлийн том төслүүдээ хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхээр энэ санд мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Нөгөө талаар төрийн өмчит компаниудаас ногдол ашиг оруулж ирэх ёстой. Гэтэл ашигтай ажиллаж байгаа нь цөөхөн. Жаахан ашиг олж байгааг ТУЗ нь шийдээд, УИХ руу ч оруулахгүйгээр энд тэндэхийн мухар төмөр зам мэтийн утгагүй зүйл рүү хийчихдэг. Ард иргэд рүү очдог юм байхгүй болохоор бидэнд юу ч ирээгүй гэж ард иргэд хэлж байгаа нь зөв шүү дээ. Гэтэл нөгөө талд нь уул уурхайн компаниуд татвар хураамжаа улсад хангалттай төлж байдаг. Төр засаг нь аваад, хаа хамаагүй зарцуулаад ард иргэд болон уул уурхайн компаниудыг хооронд нь мөргөлдүүлээд байгаа дүр зураг бий болчихлоо. Төр дундаас хамгийн эрсдэлгүй орлогыг хуу хамж аваад утгатай, утгагүй төсөл нэртэй зүйлс рүү хийгээд ард иргэдэд шууд очих үр өгөөж нь багасаад байна. Үүний нөгөө талд төрийн өмч л болчихвол чамд юм өгөхөөр байна гээд байхаар төр эзэмших ёстой гэж бүгдээрээ дайрах нь зүй ёсны асуудал. Үр дүнд нь ашигтай ажиллаж байгаа бүхнийг төрд авъя гэх хандлагатай болчихлоо. Энэ хэрэв хэрэгжвэл нэг л удаа хэрэгжинэ. Яагаад гэхээр дахиад уул уурхайн компаниуд ажиллахаа болино. Хэн ч дээрэмдүүлээд байхыг хүсэхгүй шүү дээ. Энэ бол салбартаа ч улс орондоо ч асар хортой бодлого. Иймд нэгдүгээрт, Баялгийн санд орох орлогын хуваарилалтыг солих ёстой. Улсын төсөв рүү татаж авдаг хэсгийг нь төрийн өмчит компаниудаас ордог болгох хэрэгтэй. Тэгвэл улс өөрөө ТӨКиудаа ашигтай ажиллуулахын тулд шахаж эхэлнэ. Одоо хамгийн эрсдэлгүй хэсгийг өөртөө авчихаад, компаниудаа ард иргэдтэйгээ тулгачихаад байгаа. Компаниуд нь байдаг татвар хураамжаа төрд тушаачихдаг, ард иргэдэд нь хүртдэг юм байдаггүй, төр бүгдийг аваад байгааг солих ёстой. Хоёрт, Баялгийн сангийн орлогыг буцаан хуваарилахдаа АМНАТ-өөс орж ирдэг орлогоос нийт ард иргэддээ, болж өгвөл сар тутам тодорхой хувийг өгдөг болох боломжтой. Дээрээс нь уул уурхайн ашиглалт явж байгаа аймаг, сум, багт АМНАТ-өөс арай илүү өгдөг болох ёстой. Өвөг дээдсийнх нь хэдэн зуун жилээр малаа хариулж ирсэн бэлчээр нутагт уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа мөртлөө сум нь сургуульгүй, баг нь эмчгүй байхад малчин хүн уурлах нь зөв юм. Монголын эдийн засгийн 10 хувь дангаараа шахуу явж байгаа Цогтцэций сумын сургууль нураад уначихсан байхад ард иргэд нь яаж таатай хандах юм бэ. Гуравт, том биетэй учраас чамайг төрд авна, чамаас ихийг авна гэдэг ойлголт буруу. Энэ бол заяагдмал нөөц учраас том, жижиг, төр хувийн ялгаагүй бүгд Баялгийн сангийн татварыг төлдөг байх ёстой. Том нь томоороо, бага нь багаараа, хэмжээндээ таарсан АМНАТ төлдөг болох хэрэгтэй. Ингэвэл Баялгийн сангийн эх үүсвэр улам их болно. Бас шударга болно. Иргэдэд очих хэмжээ ч нэмэгдэнэ. Эндээс ард иргэддээ хүртээе. Зөв зохистой уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж байгаа баг, сум, аймаг нь илүүг авдаг байя. Уул уурхайгүй явна гэж байгаа аймаг, суманд бага очдог болох зохицуулалт хийх ёстой. Өмнөговийн байгаль байгаль биш, Архангайнх байгаль гэж үзэж болохгүй биз дээ. Уул уурхайгүйгээр аялал жуулчлалаар бас амьдарч болно шүү дээ. Тэгвэл АМНАТ-ийн орлогоос хуваарилагдахгүй байхад л болно. Газар нутаг нь хөндөгдсөн Өмнөговийн иргэдтэй ижилхэн эрх эдлээд, Өмнөговь сургуульгүй байхад огт уул уурхай ашиглаагүй газарт уул уурхайн орлогоор сайхан сургууль, цэцэрлэг баригдаад байх нь шударга биш. Олон улсын шалгарсан жишиг нь ч энэ юм. Иймээс л уул уурхайн салбарт ахиц дэвшил байхгүй, нийгмийн зөвшөөрөлгүй, ард иргэд нь сөрөг хандлагатай, компаниуд нь гомдоллоод байна. Энэ бол төрийн бодлого буруугийнх, үүнийг засах ёстой, үүний төлөө ажиллаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдох үедээ чуулган дээр Баялгийн татварын асуудлыг анх хөндсөн. Та үүнийг илүү тодорхой гүнзгийрүүлж ярилаа. Эндээс Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орох нь гэж ойлгож болох уу?
Тийм ээ.
Хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ гэлээ. Хэрхэн үр дүнтэй бөгөөд хурдан явуулах төлөвлөгөө бий юу?
Байлгүй яахав. Үндэсний геологийн алба болон АМГТГаас бэлтгэсэн талбайнуудаа нэмнэ. Эрэл судалгааны ажлуудад зардал гаргана. Ирэх жилийн Улсын төсөв дээр нэлээд том хэмжээний дүнг суурь судалгааны ажилд зарцуулахаар төсөвлөсөн. Дээрээс нь хайгуулын лицензийг олон төрлөөр буюу өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох шилжилт зайлшгүй хэрэгтэй байна. Энэ үйл явцыг ил тод, маш нээлттэй болгоно. Тэгж байж хайгуулын салбараа идэвхжүүлнэ. Нэг талд хайгуулын лицензийн олголтыг хорьчихсон, нөгөө талдаа лицензтэй хүмүүс нь хайгуул судалгааны ажил хийхээс айдаг болчихсон. Томрохоос айж байна. Томрох л юм бол 34, 51 хувийг авна гээд дайрах вий гэж айж байна. Төрд авна гэхгүйгээр том, жижиг бүгд баялгийн татвараа төлдөг болчихвол айх айдасгүйгээр хайгуулаа хийнэ, ордоо нээх гэж зүтгэж ажилладаг болно гэсэн үг. Энэ чиглэл рүүгээ явсан нь дээр.
20 ХУВИЙН АМНАТ-ТЭЙ ЗЭСИЙН САЛБАР РУУ ХЭН Ч ОРЖ ИРЭХГҮЙ. ҮҮНИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИН РҮҮ АВААЧИХ ЁСТОЙ
Уул уурхайн салбарт ашиглалтад бэлтгэгдэж байгаа төслүүд цөөнгүй байгаа ч үйл ажиллагаагаа эхлэхгүй байна. Эдгээр ордыг ашиглалтад оруулахын тулд Салбарын яамнаас ямар бодлого баримтлах вэ?
Бэлэн гэдэг нь харьцангуй ойлголт. Үнэхээр бэлэн бол ашиглалтад ороод л явчихна. Хувийн хэвшлийн эдгээр ордыг төр, засгийн зүгээс гацаагаад байгаа зүйл байхгүй. Гацууртын ордын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа учраас хөдлөх боломжгүй. Бусад ордын хувьд хөрөнгө оруулалт, менежментийн асуудлаасаа хамаарч байгаа байх. Зэсийн төслүүдийн хувьд гол асуудал нь хэт өндөр АМНАТийн зохицуулалт байгаа. Үүнийг шийдэх шийдлээ түрүүн хэлсэн. Манай улсын хувьд нүүрсэн дээр суурилсан эдийн засагтай болчихсон байна. Ганц бүтээгдэхүүн дээр суурилсан эдийн засаг хамгийн эмзэг байдаг. Тиймээс бидний дараагийн гаргаж ирэх бүтээгдэхүүн нь зэс байна. Мөн алт, газрын ховор элемент, уран байна. Эдгээрт шүүлт хийх ёстой. Хамгийн том боломжтой нь зэс. Дэлхий нийтээрээ ногоон болох гээд, батарей хураагуур, хагас дамжуулагчийн хэрэгцээ асар өндөр болчихлоо. Цахилгаан машин гэхэд бензинээр явдаг машинаас 2 дахин их зэс хэрэглэж байна. Арабад эмэгтэйчүүд машин барих эрхтэй болчихлоо. Тэр хэрээр машины эрэлт хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байна. Дэлхийн хүн амын тоо ч нэмэгдэж байна. Түүний хэрээр хүн төрөлхтөний бүх л хэрэглээ нэмэгдэж байна. Энэ бүхэнд зэс маш их шаардлагатай. Тиймээс зэсийн ордуудаа ашиглалтад оруулах ёстой. Гэтэл дэлхийд байхгүй өндөр АМНАТ тогтоочихсон. 20 хувийн АМНАТтэй зэсийн салбар руу хэн ч орж ирэхгүй. Үүнийг олон улсын түвшин рүү нь аваачих ёстой. 20 хувийн АМНАТ бол Эрдэнэт үйлдвэрт зориулж тавьсан байсан зүйл. Одоо энэ үйлдвэрээ төр 100 хувь авч, дангаараа эзэмшиж байгаа тул АМНАТ ийн хэмжээг эргэж харах ёстой. Тэгэхгүй бол зэсийн салбар өргөжиж тэлэхгүй. Зэсийн салбар босож ирэхгүй бол бид нүүрснээс хамааралтай эмзэг эдийн засагтайгаа хямраад л байж байна. Сонголт биднийх.
Та зөвхөн уул уурхай бус, аж үйлдвэрийн сайд. Уул уурхайг түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого тань яг юунаас эхлэх вэ?
АМНАТ болон татвар хураамжийн бодлого бол өөрөө ухаад зараад байх уу, ухаад хагас боловсруулаад зарах уу, хагас боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод зарах уу гэдэг удирдлага нь юм. Тиймээс АМНАТтэй холбоотой үүссэн асуудлыг залруулсан түр хугацааны шийдвэрийг сая Засгийн газраас гаргалаа. Нүүрс, төмөр, жонш дээр жишиг үнээр АМНАТ тооцдог байсан. Гэрээний үнээр биш олон улсын бирж дээр байгаа үнийн дунджаар тооцож авахаар шударга бус байсан. Гэрээний үнээр АМНАТийг шийдэх гэхээр манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө бас болохгүй юм хийсэн л байдаг. Монгол Улс дотроо бага үнээр гэрээ хийж, бага үнээр татвар төлөөд, хилийн цаана гаргаж, хамаарал бүхий компанидаа зараад, түүнийгээ цааш үнэ хүргэж зарах байдлаар татвараас зугатдаг асуудлууд байсан юм билээ. Иймээс Сангийн яам арга буюу жишиг үнэ тавьсан. Бодит үнээрээ АМНАТ төлөхгүй бол компаниуд сөхөрнө. Компаниуд сөхрөх юм бол эдийн засаг сүйрнэ. Гэхдээ тухайн үедээ бодит үнийг харах бенчмарк буюу итгэлцүүр байсангүй. Уул уурхайн биржийн тухай хууль гарснаар бодит үнэлгээ тогтоод байна. Жишиг үнэ шиг өндөр биш, гэрээний үнэ шиг бага биш жинхэнэ бодит үнийн өөрийн гэсэн бенчмарктай болж байгаа учраас компаниудаа дэмжих тогтоолын төслийг Засгийн газар баталж, манай салбарт том дэм өглөө. Хоёрт, Уул уурхайн биржийн тухай хууль нь зөвхөн экспортыг дэмжсэн буюу дотоодын борлуулалт гэдэг зүйлийг хязгаарлачихсан байсан. Үндсэндээ боловсруулалт хийгдэхгүй, ажлын байр нэмэгдэхгүй, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэхгүй, шууд ухаад л гаргаж зар гэсэн бодлого явж байна. Цар тахлын үед бол энэ нь тус болсон бодлого. Бид онцгой хүнд нөхцөлд байсан үе. Одоо нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Бид үйлдвэрлэдэг болох, шинэ ажлын байр, шинэ үйлдвэр аж ахуйн газруудыг бий болгох хэрэгтэй байна. Тиймээс Уул уурхайн биржийн тухай хуулийг эргэж харахаас өөр гарцгүй. Дотоодын борлуулалтыг нээж өгөх ёстой. Дараагийн асуудал нь эцсийн бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүнийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхойлчихсон. Эцсийн бүтээгдэхүүн хийвэл давхар АМНАТаас чөлөөлдөг, хагас боловсруулбал давхар АМНАТ авдаг асуудал байсан. Хагас боловсруулах шат нь орхигдоод байсан. Хагас боловсруулахгүй бол бүтэн боловсруулалт хийгдэхгүй болж үйлдвэрлэл хөгжих боломжгүй болсон байсныг Сангийн яам ойлгож хүлээн аваад тогтоол гаргасан. Гаргаад ирсэн хүдэр болон эцсийн бүтээгдэхүүн хоёрын дунд хагас боловсруулах шат дамжлага гэж бий. Хагас боловсруулалтыг татвараар зохицуулаагүй учраас хагас боловсруулах үйлдвэр манайд хөгжиж чадахгүй байна. Энэ дамжлагагүйгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй. Иймээс манай аж үйлдвэрийн салбар явахгүй байна. Дунд нь байгаа энэ холбоос зохицуулалтыг хийж өгнө. Ингэж байж үйлдвэржилт гацаанаас гарах нэг саад арилна. Хоёрт, хоёр том төслийг хөдөлгөнө. Г.Занданшатар Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”ийн дэргэдэх зэс хайлуулах үйлдвэрийн төсөл 36 жил судалгаан дээр гацсан байсныг удахгүй хөдөлгөнө. ТЭЗҮийг нь утгагүй шалтгаанаар их удаан хугацаанд гацаасан юм билээ. Ажил авснаас хойш яамныхаа Мэргэжлийн зөвлөлийг яаралтай ажиллуулж, ТЭЗҮийг эцэслэн баталж гаргаад байна. Олон улсын тендер удахгүй зарлагдана. Энэ зэсийн үйлдвэр 2 жилийн хугацаанд баригдана. Ингэснээр Монгол Улс дотооддоо зэсээ хайлуулдаг, эцсийн бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргадаг улс болно. Энэ нь аж үйлдвэрийн маш том төсөл болно. Хоёрт, Дархан Сэлэнгийн бүс нутагт төмрийн үйлдвэртэй болох ажил хөдөлнө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон төсөл. Ойрын үед ТЭЗҮ болон үйлдвэр барих ажлыг хамтад нь хийх олон улсын тендер зарлах бэлтгэл ажлыг хийнэ. Энэ үйлдвэр баригдах ажил идэвхтэй урагшилж байна.
“Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гээд тус тусдаа хайлуулах үйлдвэр барих төслүүд явж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх энэ төсөл хэрэгжихээр нөгөө төсөл нь юу болох бол?
Үйлдвэр технологийн паркийн тухай хуулиар төрөөс дэд бүтцийг нь хийж өгөөд, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд нийлж, үйлдвэр барих тухай эрх зүйн зохицуулалт байгаа. “Эрдэнэт үйлдвэр”ийн дэргэдэх Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийн хүрээнд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус гээд шаардлагатай бүх дэд бүтцийг байгуулж дууссан. Одоо дээр нь баригдах үйлдвэрийн асуудал л яригдана. Хувийн хэвшил нэмэлтээр өөр газар хийхээр байгаа бол дахиад ярилцана. Байрлал болон бусад ялих шалих асуудлаар хэрэлдсээр их олон жил алдлаа, одоо ажилдаа орцгооё л доо. Зоригтой түлхээд явуулахаас өөр гарц алга байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэдэн жил ярьж, хэдэн ч удаа хугацаа хойшлууллаа. Энэ төслийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд АҮЭБЯ наас ямар шинэ бодлого хэрэгжүүлэх вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ямар ч үнээр хамаагүй хийх ёстой ажил. Бид шатах тослох материал, газрын тосны бүтээгдэхүүнээс 100 хувь гадны хамааралтай байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг саатуулж байсан асуудлуудыг шийдсэн. Одоо эрчимтэй урагшилж байгаа. Суурийн дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан. Технологийн том тоног төхөөрөмжүүдийн захиалга нь хийгдсэн, тээвэрлэж ирэх ажил удахгүй эхэлнэ. Энэ үйлдвэр баригдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 70 орчим хувийг хангана. Бид хамаарлаасаа 70 хувиар гарах маш чухал төсөл. Түүхий эдийн нөөцийн хувьд газрын тосны хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх ёстой. “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай 1993 онд хийгдсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр хожим нь гарсан хууль журмыг мөрдүүлэх шаардлага тавигдсанаас болоод, маргаан үүссэн байсан. Энэ маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгийг би ахалж байгаа. Хөрөнгө оруулагч талтай уулзалт хийгээд эхэлсэн, ажил урагшилж байгаа.
НАМРЫН ЧУУЛГАНААР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИНА
Засгийн газраас хөгжлийн томоохон төслүүдийг Засгийн газрын гишүүдэд хариуцуулж өгөөд байна. Таны хувьд ураны төслийг хариуцаж байгаа. “Орано Майнинг” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ зурснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд энэ төсөл дээр ямархуу ахиц дэвшил гараад байна вэ?
Хөрөнгө оруулалтын гэрээг дагаад Орд ашиглах гэрээ байгуулагдана. Энэ гэрээг АМГТГ хийх ёстой. Эцэслэгдээд үндсэндээ дуусаж байна. Гэрээний дагуу ажлууд хийгдээд явна.
Энэ төсөл дээр нийгмийн эсэргүүцэл нэлээд өндөр байгаа?
Салбар өөрийгөө зөвөөр ойлгуулахын тулд ажиллах ёстой. Олон нийт, орон нутаг Монголын хөгжлийн эсрэг байна гээд нэг нэгнийхээ духан дээр ямар нэг муухай нэртэй шошго хадсанаар бид асуудлыг шийдэхгүй. Дунд нь ороод, хооронд нь яриулаад, хэлэлцүүлээд, шийдлийг гаргаад явах нь төр, засгийн ажил. Тайлбарлаж ойлгуулах, зөвлөж туслах ажлууд хийгдэнэ.
Уул уурхайн салбарын жилийн хамгийн том цугларалт болох “Уул уурхайн 7 хоног” удахгүй болно. Үүн дээр салбарын гол хөрөнгө оруулагчид цуглах байх. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахтай холбоотой шинэлэг ямар мэдээ мэдээлэл дуулгах вэ?
Тантай ярилцсан эдгээр асуудлаа дуулгана. Намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барина. Нийгэм рүү чиглэсэн ажлуудыг маш өргөн далайцтай хүрээнд хийнэ гэж бодож байгаа. Олон улсад өрсөлдөхийн төлөө төр, хувийн хэвшил, улс төрийн намын харьяалал зэргээс үл хамааран ажиллах ёстой. Бид бүгд нэг л эх оронтой шүү дээ. Есдүгээр сарын 1113ны өдрүүдэд зохиогдох “Уул уурхайн 7 хоног”т Монгол Улсын УИХын дарга, Ерөнхий сайд, холбогдох яамдын сайд нар оролцож, хөрөнгө оруулагчид болоод салбарынхантай уулзаж, асуудлаа ярилцана. Манай яамныхан бүгд оролцоно. Сонирхсон бүх л талууд, хүмүүсийг “Уул уурхайн 7 хоног”т өргөн дэлгэрээр оролцоорой гэж хүсье.
Таны хувьд ирэх жилүүдэд уул уурхайн салбарын хөгжлийн хамгийн том зорилт юу байх вэ? Энэ салбарыг удирдсан цаг хугацаандаа Монголын уул уурхай, аж үйлдвэр ямар түвшинд хүрснийг харуулахыг хүсэж байна вэ?
Хүлээлт бага байгаасай гэж хүсэж байна. Худлаа гоё үг, хоосон сайхан амлалтад би дургүй. Үнэнийг хэлэхэд энэ ажлыг хариуцаж байгаа хүн сайнаар яригдсанаас саараар яригдаж байх нь амар байдаг. Салбарынханд хэт хүлээлт үүсгэхээс болгоомжлох ёстой гэж боддог. Тийм ч зарчмаар ажиллана. Гэхдээ хүлээлтээс давсан үр дүн гаргахыг хичээнэ. Энэ салбарыг удирдаж ажиллах хугацаанд Зэс хайлуулах үйлдвэр, Газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихоосой гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчид өргөн олноор ирж, геологи хайгуулын ажил бужигнасан, Оюутолгой, Тавантолгойн хэмжээний шинэ ордууд нээгдсэн, ард түмэнд очих Баялгийн сангийн хөрөнгө улам бүр нэмэгдсэн жилүүд байхыг зорьж ажиллана. Бэрхшээлтэй ч тулгарах байх. Гэхдээ бэрхшээл байхгүй бол ямар ч ажил байхгүй гэсэн үг. Асуудлыг шийдэх гэж л ажил авсан. Ажиллана, шийднэ, явуулна даа гээд зүтгэж байна.
Ярилцсанд баярлалаа. Цаг хугацааны дараа энэ хариулт хэрхэн биелснийг уншигчид маань харьцуулж харах байх. Таны ажилд амжилт хүсье.
Майнинг Инсайт сэтгүүл, Есдүгээр сар 2025, №09 (046)