“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны онцлох үйл явдлыг өнөөдөр (2025.12.25) танилцууллаа.
1. Эрдэнэт үйлдвэр 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн 47 жилийн хугацаанд хамгийн дээд үзүүлэлт болсон. Энэ онд 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан байна.
2. Тус үйлдвэрийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн их буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.
3. Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан.
2025 онд Оюут орд нь 900 м урт, 550 м өргөн бөгөөд 800 м-ээс илүү гүнд үргэлжилж буй биетэд дунджаар 530 орчим (хамгийн ихдээ 933.5) м-ийн гүнтэй 96 цооногийн 60х60 хүртэл нягтруулан, нийт 49212.2 тууш метр нэмж өрөмдсөнөөр геологийн нөөцийг “бодитой” (B) зэрэглэлийн түвшинд хүртэл судлаад байна. Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай, 357 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарлаж, 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батлуулж чадав.
4. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн тус бүр 48г флотомашиныг АНУ-ын FLSmidth компанийн тус бүр 11ш флотомашинаар шинэчилснээр ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал 10 хувиар буурч, жилд 1 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдүүлсэн.
5. Хиймэл оюунд суурилсан худалдан авалтын TenderEval, байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP цахим системүүдийг нэвтрүүллээ.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь жилд 1360 гаруй тендер зохион байгуулж, давхардсан тоогоор 4500 гаруй компани оролцдог. Тендерийн үнэлгээнд 300 гаруй ажилтан үндсэн ажлын хажуугаар ажиллаж жилд 65,712 цаг зарцуулж, 2.3 тэрбум төгрөгийн зардал гардаг. TenderEval систем нь үйлдвэрийн газрын ERP системтэй нягт уялдан ажилладаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааны бүх процесс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
6. Үйлдвэрлэл, технологийн паркад барьж байгуулах дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж, шинэ үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан.
Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”, “Молибденийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Кабель утасны үйлдвэр”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан байна.
7. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийг эхлүүллээ. 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчлэлийн хүрээнд хүчин чадлыг 40 сая тонн болгох бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэв.
8. “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг нэвтрүүлж буй Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар болов.
9. Эрдэнэтийн уурхайчдын хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалтаар босгосон “Эрдэнэт Медикал” эмнэлгийн эрүүл мэндийн яамны харьяа Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн, Хойд бүс Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвтэй болов.
10. 2025 онд үйлдвэрлэл, борлуулалт, үр ашгийн үзүүлэлтээр нэгдлийн бүрэлдэхүүн байгууллагуудаа манлайлсан, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү, валютын нөөцөд томоохон хувь оруулсныг үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэс Монгол нэгдлийн 2025 оны шилдэг байгууллагаар шалгарч, “ОЧИР ЭРДЭНИЙН ЦОМ”-ыг 2 дахь удаагаа гардлаа.






















