“МАК Евро Цемент” 2025 онд 1 сая тонн цемент үйлдвэрлэв

-Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 383.3 сая ам.долларын импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн-

“МАК Евро Цемент” үйлдвэр 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 1 сая тонн цемент үйлдвэрлэснээр оныг амжилттай үдэж байна. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Б.Батжаргалтай Майнинг Инсайт сэтгүүлийн сэтгүүлч Э.Мишээл ярилцлаа.

2025 он танай компанийн хувьд ямар онцлогтой жил байв?

Манай үйлдвэр 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 1 сая тонн цемент үйлдвэрлэсэн нь томоохон амжилт байлаа. Өнгөрсөн 2024 онд ч мөн ижил хэмжээний үйлдвэрлэл хийсэн бөгөөд энэ амжилтаа дахин баталгаажуулж чадсан. Ирэх 2026 онд ч энэ түвшний үйлдвэрлэлийг хадгалахаар төлөвлөж байна.

2017 оны зургаадугаар сард ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл нийт 6 сая тонн цементийг дотоодын зах зээлд нийлүүлсэн нь 2025 оны онцлох үзүүлэлт юм.

Үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

Цементийн үйлдвэрлэл нэмэгдэхэд логистикийн асуудлыг шийдвэрлэсэн нь чухал нөлөө үзүүлсэн. Өмнө нь борлуулалтыг зөвхөн үйлдвэрээсээ хийдэг байсан бол одоо Дархан хотод нэг, Улаанбаатар хотод Баруун, Төв, Зүүн гэсэн гурван борлуулалтын төв нээснээр хэрэглэгч, захиалагчидтай илүү ойртсон. Мөн ирэх оны эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд борлуулалтын шинэ төв нээхээр ажиллаж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол юу вэ?

Цементийн дотоодын үйлдвэрлэл нь гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулж, эдийн засгийн өгөөжийг эх орондоо үлдээж буй стратегийн ач холбогдолтой. Манай үйлдвэр ашиглалтад орсноос хойш 383.3 сая ам.долларын импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Сүүлийн найм гаруй жилийн хугацаанд 197.3 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Мөн энэ онд 167 мянган тонн багтаамжтай чулуунцрын агуулахыг ашиглалтад орууллаа. Манай үйлдвэрт 100 хувь монголчууд ажилладаг бөгөөд евро стандартын үйлдвэрийг монгол инженерүүд бүрэн удирдан ажиллуулж байна. Үүний үр дүнд бид 2021 оноос хойш үндэсний шилдэг аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн.

Евро стандартын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

Манай үйлдвэр Европын 14 стандарт (EN), Үндэсний 6 стандарт (MNS), Олон улсын 3 стандарт (ISO)-ыг нэвтрүүлсэн. Европын стандартыг нутагшуулах гэдэг нь үндэсний болон бусад холбогдох стандартуудтай бүрэн уялдуулан хэрэгжүүлж байна гэсэн үг.

Түүхий эдийн дээж авалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд нарийн стандарт мөрддөг. Дээжийг авах, бэлтгэх, шинжлэх бүхий л үйл явц стандартчилагдсан. Мөн бусад үйлдвэрээс ялгарах онцлог нь робот лаборатори юм. Цаг тутам сорьц авч, 14 дээжийн дунджаар чанарыг хэмждэг бөгөөд бүрэн автомат, хүний оролцоо багатай тул алдаа гарах эрсдэл маш бага.

Олон улсын ISO стандартын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, хяналт илт сайжирсан.

Танай үйлдвэр хэдэн төрлийн цемент үйлдвэрлэдэг вэ?

“МАК Евро Цемент” үйлдвэр нийт зургаан төрлийн цемент үйлдвэрлэдэг. Үүнд ердийн хэрэглээний, хүнд болон хөнгөн даацын, тусгай зориулалтын, усанд болон шүлтлэг орчинд тэсвэртэй цементүүд багтана. Энэ нь бүх төрлийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад тохирох цементийг Европ стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэж байна гэсэн үг.

Монголын зах зээлд хамгийн их хэрэглэгддэг нь 42.5 маркийн цемент. Үүнээс гадна 32.5, 52.5, 62.5, WRC, ERC гэсэн таван төрлийн цементийг тусгай захиалгаар үйлдвэрлэдэг. Тухайлбал, төмөр зам зэрэг хүнд даацын бүтээн байгуулалтад 52.5 маркийн цемент, энгийн хэрэглээнд 32.5 маркийн цементийг захиалагчийн хүсэлтээр нийлүүлдэг. Манай үйлдвэр Монгол Улсын цементийн нийт хэрэглээний 40 хувийг хангаж байгаа нь зах зээлийн масс сегментэд чиглэсэн томоохон үйлдвэрлэгч гэдгийг илтгэнэ. Энэ онд 52.5 маркийн 10 мянган тонн цемент үйлдвэрлээд байна.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

Монгол Улсын эрчим хүчний ачааллыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрийн талбайдаа 19 МВт-ын нарны цахилгаан станц, 50 МВт-ын батарей хуримтлуурын станцын угсралтыг хийж, туршилтын шатны ажиллагааг дуусгасан. Одоогоор улсын комиссын хүлээлгэн өгөх шатанд явж байна.

Эдгээр байгууламж ашиглалтад орсноор үйлдвэрийг өдрийн турш бүрэн хангаж, өвлийн оргил ачааллын үед ч тасралтгүй эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Тогтвортой, найдвартай эрчим хүч нь тогтвортой үйлдвэрлэлийн үндэс юм. Мөн манай компани ISO 50001 буюу Эрчим хүчний менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.