"Ачит Ихт" компани 34 хувийг үнэ төлбөргүй Монголын ард түмэн, төрдөө өгье гэсэн саналаа илэрхийлсэн

Стратегийн ордуудтай хийж буй хэлэлцээрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэтийн ордын үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулдаг "Ачит Ихт" ХХК, "Зэс Эрдэнийн Хувь" ХХК, "Эрдмин" ХХК гэсэн гурван компани байгаа. Энэ гурван компанийн тодорхой хувийг төр үнэ төлбөргүй эзэмших хэлэлцээрийг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Энэхүү хэлэлцээр 3-4 сар явагдсаны дараа эхний шийдэлд хүрлээ. Монголын төр, Монголын ард түмэн стратегийн үүсмэл ордын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Гэхдээ бид үүнийг хангалттай гэж үзэхгүй байгаа. Аль болох 50 хувьд хүргэхийн төлөө Ажлын хэсэг цаашид ажиллана. Ямар ч байсан "Ачит Ихт" компани 34 хувийг үнэ төлбөргүй Монголын ард түмэн, төрдөө өгье гэсэн саналаа илэрхийлсэн. Энэ бол Ажлын хэсгийн эхний үр дүн дүн. 

Хувийн хэвшилтэйгээ бид аль болох харилцан ойлголцох, тохиролцох, бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчмыг барьж ажиллаж байгаа. Бусдаар төр булаах, дээрэмдэх, хүч түрэх ямар нэгэн үйлдэл хийхгүй байх. Гэхдээ байгалийн баялгийн өгөөжөөс Монголын ард түмэндээ хүртээхээс татгалзаад байвал хуульд заасан тодорхой дараа дараагийн шатны арга хэмжээ байгаа. 

Одоогоор хэлэлцээрт ямар нэг саад бэрхшээл учирч байгаа зүйл алга. Харилцан ойлголцоод асуудлаа шийдээд явж байна. Ирэх 7 хоногоос "Эрдмин", "Зэс Эрдэнийн Хувь" компанитай өнөөдрийнх шиг хэлэлцээрүүдийг хийнэ. Тэндээс тодорхой үр дүн гарга гэдэгт итгэлтэй байна" гэв.