2025 оны эхэн үеийн нүүрсний үнийн уналтаас шалтгаалан уул уурхай болон түүнээс өндөр хамааралтай салбаруудын борлуулалтын орлого буурсныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан тайланд онцолсон байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний борлуулалтын орлого өндөр байсан. Харин он гарснаас хойш нүүрсний үнэ огцом унаж, БНХАУ-ын нүүрсний эрэлт буурснаас манай улсын экспортын орлого дагаж буурчээ.
Тэгвэл III улирлаас эхлэн борлуулалтын орлого сэргэж ирсэн байна. Тухайлбал, уул уурхайн салбарын борлуулалтын орлого 30 их наяд төгрөгт хүрсэн өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс 1.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Нөгөө талаас уул уурхайн салбараас өндөр хамааралтай тээврийн салбарын орлого 6.3 их наяд төгрөгт хүрч 14 хувиар буурчээ.
Нүүрсний үнийн нөхцөл байдал сайн биш ч төлбөрийн тэнцэл 2025 оны III улиралд ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц 5.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь ӨОМҮ-ээс 26 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллар өссөн үзүүлэлт болсон байна.
Уул уурхай, түүнээс өндөр хамааралтай салбаруудын орлого буурав
2025 оны эхний 9 сарын байдлаар санхүүгийн дансны ашиг өндөр байгаа ч цаашид тогтвортой үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тухайлбал, ирэх жил Оюутолгой компанийн арилжааны зээлийн төлбөр төлөгдөж эхлэх, Засгийн газрын бондын эргэн төлөлт хийгдэнэ. Эдгээрээс шалтгаалан санхүүгийн дансны ашиг буурч, төлбөрийн тэнцэлд дарамт учруулж магадгүй байна. Иймд нүүрсний үнэ сэргэхгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, санхүүгийн салбарт эрсдэл учирч болзошгүй байна.




















