Н.БАЯНЖАВЗАН
“Mining week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр “Монголын Алт” (МАК) компани БНХАУ-ын Huawei болон HMN компаниудтай нарны цахилгаан станцын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгууллаа. МАК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Ц.Ариунтөгс, Huawei Mongolia компанийн Гүйцэтгэх захирал Шиан Күан Ли, HMN компанийн гүйцэтгэх захирал Лью Жи Вү нар гэрээнд гарын үсэг зурав.
Гэрээний дагуу Цагаан суваргын Катодын зэсийн үйлдвэрийн төслийн эрчим хүчний хэрэглээг хангах 50 МВт.цаг багтаамжтай цэнэг хуримтлуур бүхий 17.2 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж хүлээлгэн өгөх юм.
“Монголын Алт” (МАК) ХХК нь өөрийн үйлдвэр, уурхай болон бүтээн байгуулалтын төслүүд дээр БНХАУ-ын Huawei компанитай хамтран 90 МВт.цаг багтаамжтай цэнэг хуримтлуур бүхий 38 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна.
Эдгээр сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлснээр жилд 94.3 сая кВт.цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн ялгарлыг 91.6 мянган тонноор бууруулах боломжтой аж. Энэ нь жил бүр 787 мянган мод тарьсантай дүйцэхүйц юм.
“МАК Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Золбилэг “МАК харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Huawei компанитай хамтран ажиллаж байгаад 2023 оноос сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаа эхэлсэн.
Ингээд 2024 оны зургаадугаар сард МАК-ийн үйлдвэр, уурхай ирээдүйн томоохон төслүүдэд зориулсан эрчим хүчний хэрэглээг хангах зориулалттай батарей хуримтлуур бүхий нарны цахилгаан станцын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Энэ хүрээнд гурван нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил дууссан, тест тохируулга хийх, улсын комисс ажиллуулах зэрэг үйл ажиллагаа одоо өрнөж байна.
Өнөөдөр уг гэрээнд гарын үсэг зурснаар төслийн бэлтгэл ажил эхэлж байна. Үндсэндээ 8 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж, ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр МАК нийт 55 МВт нарны цахилгаан станц, 140 МВт.цаг батарей хуримтлуурын системтэй болно” гэдгийг онцолсон юм.