Г.Дамдинням: Бид өнгөт металлын салбарт тоглогч болж орж ирэх бодлогоо ярих цаг болсон

Эрдэнэт хотод "Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" өндөр түвшний уулзалт эхэллээ. 
Тус хурлын зорилго нь эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах шийдэл, туршлага, бодлогын чиглэлийг хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой билээ. 

Энэхүү хурал "Уул уурхайн 7 хоног" үйл ажиллагааны өмнөхөн эхэлсэн бөгөөд зэсийн салбарын нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын тухай хэлэлцэж буйгаар онцлогтой юм. 

"Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" хурлыг нээж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням үг хэллээ. Тэрбээр "Уул уурхайн асуудал нь зөвхөн салбарын бус, улс орны чухал асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа Монголын хоёр дахь том бүтээгдэхүүн болох зэсийн салбарын гол төлөөллүүд энд цугласан нь "Уул уурхайн 7 хоног"-ийн өмнө олон нийтэд салбарын чиг хандлагыг харуулах том утга агуулж байна. 

Дэлхийн дээрх худалдааны эргэлтийн хамгийн том зах зээлүүдийг харахад нүүрс, зэс хамгийн том нь байна. Тэд нүүрсэн дээр тоглож чадаж байна. Алдаж оноод урагшилж байна. Одоо бид өнгөт металлын салбарт тоглогч болж орж ирэх бодлогоо ярих цаг болсон. Тиймээс хуулийн өөрчлөлтийг энэ чиглэл рүү хандуулж, хийх гэж буй энэ цаг үед энэ хурал болж байгаагаар онцлогтой байна.

Хагас зуун жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр олон улсын TSM стандартыг хэрэгжүүлэхээр зориглон урагшилж, эхний үнэлгээгээ аваад явж байгаа нь энэ байгууллагын үйл ажиллагаа гэхээс илүүтэй Үндсэн хуулийн 6.2-т газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч хэмээх үйл хэргийг хэрэгжүүлэх суурь нь болох юм. 

Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газруудын 10 хувийг хөрөнгийн биржид арилжаалах суурь нь сайн засаглалыг бүрдүүлэхэд оршдог. Сайн засаглалыг хэрэгжүүлснээр компаниуд өндөр үнэлгээтэйгээр олон улсын зах зээлд IPO хийх боломжтой болж, энэ зорилтын суурь нь TSM стандарт болно гэж Эрдэнэт үйлдвэр болон салбарын бусад байгууллагууд үзэж байна. Иймд зөв засаглалыг бүрдүүлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан хамгийн том асуудлыг шийдэх түлхүүр юм" гэв. 

Мөн хурлыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Монгол Улсын Уул уурхайн салбар бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн том тулгуур багана. Энэ салбарт Эрдэнэт үйлдвэр 47 жилийн турш үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч байсаар ирлээ. Түүнчлэн, уул уурхайн салбар шинэ стратегийн эрин үе рүү алхах боломжийг нээж байна. Газрын ховор элемент зэс, молибден зэрэг ашигт малтмалын эрэлт өсөн нэмэгдэж байна. Энэ үед Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн компаниудыг түүчээлэн тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ стандарт бидний шийдвэр гаргалт, стратеги, хүний нөөцийн бодлогын чиглүүлэгч байх болно" хэмээн онцолжээ. 


МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: “Бид уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ажиллах талаар авч хэлэлцэхээр цуглаад байна. Канад Улсын Уул уурхайн салбарын ерөнхийлөгч өөрийн туршлагаа хуваалцахаар ирсэнд талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж, ажиллуулахад хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ер нь байгалийн баялгийг хэрхэн хамгаалах, яаж зөв ашиглах, энэ нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар анхаарч ажиллах ёстой юм” гэв. 

Тус хурлыг Монгол Улсын Засгийн газар, АҮЭБЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МУУҮА, Канад Улсын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж байна. 

Эх сурвалж: АҮЭБЯ, Эрдэнэт үйлдвэр