Зэсийн экспортын орлого өсөв

Э.Мишээл

2025 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын экспортын орлого 9.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс 1.5 тэрбум ам.доллароор буюу 13.8 хувиар буурсан байна. 

Экспортын орлогын бууралтад нүүрс 2.7 тэрбум ам.доллароор голлон нөлөөлсөн. Мөн угаасан ноолуур 239 сая ам.доллар, газрын тос 43 сая ам.доллароор тус тус буурсан байна. Харин зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өссөн байна. 

Манай улсын экспортын орлогын 94 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл ӨОМҮ-ээс 1.9 их наяд төгрөг буюу 9.3 хувиар буурсан. Үүнд чулуун, хүрэн нүүрсний олборлолт 3.7 их наяд төгрөг, газрын тос, байгалийн хийн олборлолт 93 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ. Харин металлын хүдэр олборлолт 1.8 их наяд төгрөг, бусад ашигт малтмалын олборлолт 81 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.