Дэлхий дахь гүний уурхайн сорилтууд нэмэгдэж байна

С.БОЛДЭРДЭНЭ

Дэлхийн хамгийн том гүний уурхай болох Чилийн El Teniente уурхайд 7 дугаар сарын 31 нд нуралт болж, 6 хүний амь эрсдэлээ. Уурхайн бүхий л хэсгийг болон баяжуулах үйлдвэрийг бүтэн 7 хоног хаасны дараа нуралтад өртөөгүй уурхайн 8 хэсгийг дахин ажиллуулж эхэлснээ “Коделко” компани зарлав. Чилид уул уурхайн осол, нуралт болох нь шинэ зүйл биш. Тэр дундаа зэсийн хамгийн том, хамгийн хөгшин уурхайнуудтай тус улсад иймэрхүү хэмжээний ноцтой осол өнгөрсөн 100 жилд хэдэнтээ гарсан ч El Teniente уурхайн хувьд хамгийн том осол нь энэ. Гагцхүү хүн төрөлхтний эрчимтэй өсөн нэмэгдэж буй зэсийн хэрэглээг хангахын тулд илүү газрын гүнд байрлах нөөцийг илүү их хэмжээгээр ашиглах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа уул уурхайн компаниудад илүү хүнд сорилт болж байна. Энэхүү олон талын учир шалтгаан бүхий сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд илүү их туршлага, ур чадвар, мэдлэг, бас технологи шаардлагатайг салбарын инженерүүд дахин дахин онцолж байна.  

EL TENIENTE-Д ЮУ БОЛОВ?

Төрийн өмчит “Коделко” компанийн эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг El Teniente уурхай нь дэлхийн хамгийн том гүний уурхай. Газрын гүнд 300 гаруй метрээс доош хэд хэдэн түвшинд байгуулсан бүхий л төрлийн туннелийн урт нь 4500 гаруй км урт. 200 жилийн өмнөөс ордыг нээж, багахан хэмжээгээр олборлож эхэлсэн бол 120 жилийн өмнөөс “Коделко” компани үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах болжээ. Оюу толгойн гүний уурхайд бариад буй 200 км туннелтэй харьцуулбал ямар аварга уурхай гэдэг нь тодорхой харагдана. Өнгөрсөн онд 350 гаруй мянган тонн зэс олборлосон нь Монгол Улсын нийт олборлолттой дүйнэ. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Коделко” компанийн зэсийн гарцын 25 хувийг дангаараа бүрдүүлдэг El Teniente уурхайн олборлолтыг тогтвортой хадгалахын тулд компаниас нийт 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, одоогийн гүний уурхайн олборлолтын түвшнээс дахиад 350 м дор байрлах 0.86 хувийн дундаж агуулгатай 2 тэрбум гаруй тонн хүдрийн биетийг олборлох, цаашлаад уурхайн насжилтыг 50 жилээр уртасгах төлөвлөгөөгөө хэдэн жилийн өмнө зарлаж байв. Нуралт болсон Andesita нь уг төслийн нэг хэсэг юм. 

Гэрэл зураг:  El Teniente гүнийн уурхайн схем бүтэц.

Нуралтын улмаас гүний уурхайн 700 м орчим туннелд хүнд болон дунд зэргийн гэмтэл гарсан хэмээн “Коделко” компаниас мэдэгдсэн. Гэвч шалгалт хийж буй прокуророос нийт 3700 м туннелд гэмтэл гарсан хэмээн мэдэгдээд байгаа. Ямар ч байсан нуралт болсон хэсгийн ойролцоох 4 хэсгийн үйл ажиллагааг зогсоож, хяналт, шалгалт үргэлжилж байгаа бол үлдсэн 8 хэсгийг нь ажиллуулж эхлээд байна. Дээрх 8 хэсэг нь уурхайн нийт хүчин чадлын 82 хувийг хангадаг. Нуралтын шалтгааныг нарийн тогтоохоор компани болон холбогдох хяналтын байгууллагууд бүрэн шалгалт хийж байна. “Коделко” компанийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко олон улсын шинжээчдийг цуглуулж, шалтгааныг судалж, юуг буруу хийснээ тодорхойлох болно гэж мэдэгджээ. Нуралтын шалтгааны талаар мэргэжлийн инженерүүд, судлаачид яаран дүгнэлт хийж чадахгүй байгаа аж. 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс болж нуралт үүссэн гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ гол асуудал нь газар хөдлөлт уурхайн үйл ажиллагаанаас болсон уу, эсвэл тектоникийн хавтангуудын байгалийн шилжилтээс болсон газар хөдлөлт байсан уу гэдэгт байгаа аж. Яг эндээс гүний уурхайн инженерүүд, томоохон компаниудын дараагийн санаа зовнил ундарч байна. Гүний уурхайд осол гарах, нуралт болоход учирсан хохирлыг барагдуулах, осол, гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахад асар их зардал гардаг. Ялангуяа хүний амь нас эрсдэх магадалал маш өндөр. El Teniente уурхайн нуралтаас 6 хүн нас барж, 9 хүн бэртсэн. Учирсан хохирлыг барагдуулж, гэмтлийг засварлахад хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан уурхайг хааснаас үүдэлтэйгээр зэсийн гарц 20-30 мянган тонноор буурч, 300 орчим сая ам.долларын орлого алдана хэмээн “Коделко” урьдчилсан байдлаар тооцоолжээ. Гүний уурхайг барьж байгуулахад маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддагтай адил ослын дараах үр дагаврыг арилгахад ихээхэн зардал, хугацаа шаарддаг учир гүний уурхайн аюулгүй байдлыг хангах нь бүтээн байгуулалтаасаа илүү ур чадвар, туршлага шаарддаг аж.

ГҮНИЙ УУРХАЙ БА БЛОКЧЛОН ОЛБОРЛОДОГ УУРХАЙНУУД

Дэлхий дээр гүний уурхайн олборлолтын хэд хэдэн арга, технологи байдаг. Блокчлон нураан олборлох /block caving/, дэд түвшнээр нураан олборлох /sublevel caving/ гэх мэт. El Teniente уурхай бол блокчлон нураан олборлох технологийг ашиглаж байгаа. Тэр дундаа жилд 25 сая тонноос илүү хүдэр олборлох чадалтай гүний уурхайнуудыг Super Cave хэмээдэг. Ийм ангилалд ордог гүний уурхай дэлхийд ердөө 5 байдаг. Индонезийн Grasberg болон DMLZ, саяны осол гарсан Чилийн El Teniente болон Chuquicamata, Австралийн Cadia East. Нэмээд Монголын Оюу толгой. Grasberg-ийн гүний уурхай өдөрт 150 мянган тонн хүдэр олборлосноороо тэргүүлдэг бол Оюу толгой өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай гэдгээрээ гуравдугаарт жагсахаар байна. Дээрх мэдээллийг онцлон дурдаж буй нь тодорхой шалтгаантай. Гүний уурхай, тэр дундаа блокчлон олборлох технологи нь хүдрийг их хэмжээгээр олборлодог онцлогтой гэсэн үг. Тэр хэрээр үйл ажиллагааны асар их туршлага, ур чадвар, технологи шаардаж байдаг. Дэлхийн гүний уурхайн, тэр дундаа нураан олборлох / caving/ технологийн нас ердөө 100 орчим жил төдий. “Рио Тинто”, “Фрийпорт”, “Ньюмонт”, “ДэБеерс”, “Коделко” зэрэг цөөхөн компани л хугацааны болон үлэмж олборлолтын хэмжээний туршлагатай гэсэн үг. Гэхдээ ийм хэмжээний нүсэр гүний уурхайг тогтвортой ажиллуулахад ашиглалт, техник, технологийн ур чадварыг байнга хөгжүүлж, шинэчилж байх шаардлагатай байдаг аж. Ялангуяа Монгол шиг блокчлон олборлох гүний уурхай дөнгөж эхэлж байгаа, түүх, туршлагагүй улсын хувьд бусад улсын, бусад уурхайн туршлагаас суралцах нь маш чухал юм. El Teniente уурхайн саяны нуралт ч тэр, өөр бусад гүний уурхайнуудад гарч байсан осол, нуралтуудын нийтлэг гэж болохоор шалтгаан гүний уурхайн дээр байрлаж буй хөрс, хүдрийн шинж чанар юм. Тэр хөрс, чулуулгийн шинж чанарыг метр тутамд нь судлан танин мэдэх боломж хомс. Нэмээд олборлож буй хүдрийн биет, түүний дээр, эргэн тойронд байх хөрс, чулуулгийн нөхцөл байдал, шинж чанар өөр өөрийн онцлогтой, шинж чанартай байдаг. Адилхан гүнд байрладаг гээд El Teniente уурхайн хөрсний шинж чанар Grasberg-тэй адилхан, эсвэл Grasberg нь Оюу толгойтой адилхан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл Оюу толгойн хүдрийн биет, түүний эргэн тойрны хөрс, чулуулгийн нөхцөл байдал, геотехникийг өөр нэг уурхайтай адилтгаж болохгүй учир илүү сайн судлах, хөдөлгөөнийг илүү сайн хянах шаардлагатай гэсэн үг юм. Хэрэв санаж байгаа бол хэдэн жилийн өмнө Оюу толгойн хөрөнгө оруулалт хэтэрлээ хэмээн шуугицгааж байх үед “Рио Тинто” геотехникийн шинэ сорилттой тулгарсан учраас хэмээн тайлбарлаж байсан. Товчхондоо дээр дурдаад байгаа хөрс, чулуулгийн шинж чанарууд нь өөр байгаа учраас тэрхүү шинж чанарыг илүү сайн судалж мэдэх, түүнд тохирсон арга, стандартыг ашиглахын тулд мөнгө нэмж зарцуулсаан гэсэн үг юм. Геотехникийн нөхцөл байдлыг илүү их танин мэдэх, түүнийг илүү нарийвчлалтай хянаж чадахын хэрээр элдэв осол, нуралтаас сэргийлэх магадлал нэмэгдэх учиртай. Нэгэн сонирхолтой жишээ нь Чилийн Chuquicamata гүний уурхай хэрхэн нуралтаас сэргийлж чадсан тохиолдол юм. 1967 онд болсон газар хөдлөлтийн улмаас Chuquicamata уурхайн налуу буюу хүдрийн биетэд томоохон хөдөлгөөнүүд гарах болсон байна. Нэг жил гаруй хугацаанд шаардлагатай мэдээллийг цуглуулснаар 1969 онд бодит нуралт болохоос нэг сарын өмнө налуугийн нуралтыг урьдчилан таамаглаж, улмаар уурхайн тээврийн системийг өөрчилснөөр уурхайн үйлдвэрлэл ердөө 65 цаг л зогссон байдаг аж. Гүний уурхайн хүдрийн биет, эргэн тойрны хөрс нь шинж чанарын хувьд харилцан адилгүй байдаг ч тогтворгүй, байнгын хөдөлгөөнд байдаг гэдэг талаасаа адилхан гэхэд болно. Тэрхүү хөдөлгөөн нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд ерөнхийд нь хөрсний стресс хэмээн нэрлэдэг байна. Гүний уурхай, геотехникийн инженерүүд энэхүү хөрсний стрессийг нарийвчилж хянаж, судлахыг шаардаж байдаг. El Teniente-гийн нуралтын дараа ч хөрсний стрессээс болж газар хөдөлсөн юм биш биз гэсэн таамаг ч гарсан. Ирэх жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэх зэсийн эрэлтийг хангах нийлүүлэлтийн ихэнх нь одоогийн судлагдаж байгаа болон өргөтгөл хийгдэж буй гүний уурхайнуудаас нийлүүлэгдэх тооцоо бий. Ялангуяа Чили, Америк, Перу, Австрали зэрэг улсад гүний уурхайг шинээр нээх, одоогийн гүний уурхайнуудаа өргөтгөх төслүүд ид хэрэгжиж байна. El Teniente уурхайн өргөтгөл бол тэдний нэг. Зэсийг илүү гүнээс олборлох хэрэгцээ шаардлагын үүднээс түүний зохистой зардлаар, аюулгүй олборлох технологийг хөгжүүлэх, илүү их судалгаа хийх сорилт тулгарч байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Наймдугаар сар, 2025 №08 (045)