“Women CEO’s in Mining”: Яг л гэртээ ирсэн мэт санагдаж байна

Д.НАМУУНЦЭЦЭГ

“Уул уурхайн 7 хоног” бол салбарынхны хамгийн том цугларалт. Түүний хэрээр салбарынхаа ололт амжилтаа хуваалцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашдын чиг хандлагаа тодорхойлдог онцгой арга хэмжээ юм. Энэ жилийн хурлын шигтгээ болсон нэг арга хэмжээ нь “Майнинг Инсайт сэтгүүлээс санаачлан хэрэгжүүлж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас дэмжин, хамтарч зохион байгуулсан “Women CEO’s in Mining” төслийн нээлт, эмэгтэй захирлуудын уулзалт (2025.09.12) байлаа

Энэхүү уулзалтад Монголын уул уурхайн салбарт гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж буй 16 эмэгтэй захирлыг урьснаас 10 нь хүрэлцэн ирсэн юм. Тэдгээр захирлууд бол “МоЭнКо” ХХК-ийн Дэд захирал Ж.Оюунчимэг, “Шувуун Хар Уул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэжас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Гантболор, “Эрч Майнинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Усанболор, “Монполимет” группийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр, “Монгол нүүрс” ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмон, “Бадрах Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал Корали Прийн нар байсан юм. 

Үлдсэн зургаан удирдагч буюу “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчимэг, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг энд дуулгая. 

Хоёр дахь жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж буй “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний төв асрын зүүн талд байрлах “Үлэмж катеринг”-ийн  “Women CEO’s in Mining” тусгай өрөөнд эмэгтэй захирлуудыг хүндэтгэн хүлээн авсан юм. Асар руу орж ирэхэд уур амьсгал зөөлхөн намуун мөртлөө нэг л сүрдэм.  


Уулзалтыг нээж, “Майнинг Инсайт” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Н.Ариунтуяа үг хэлэхдээ, төслөө эхлүүлсэн санаа зорилгоо танилцуулсны зэрэгцээ эрдэс баялгийн салбарт мянга мянган ажилтнаа удирдан, амжилттай ажиллаж буй эмэгтэй захирлуудаар сэтгүүлийн хамт олон бахархаж буйг ч дуулгасан юм.  

“Майнинг Инсайт сэтгүүлийн “Women CEO’s in Mining” төсөл нь эдгээр 16 эмэгтэй манлайлагчийн хөргийг цувралаар нийтэлж, тэдний бизнесийн стратеги, шийдвэр гаргах арга барил, эмэгтэйчүүдийн удирдлагын орон зайг нэмэгдүүлж буй санаачилга, салбар дахь хувь нэмрийг уншигчдадаа хүргэх зорилготой. 

Энэхүү цуврал хөргүүд нь охид, залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, салбарын карьерын боломжийг харах, хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулна гэдэгт сэтгүүлийн хамт олон бид итгэлтэй байгаа.  Түүнчлэн уул уурхайн салбарт нийгмийн тэгш байдал, хариуцлагатай бизнесийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх болон уул уурхайн салбараа нийгэмд зөвөөр танин мэдүүлэх чиглэлд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм. 

Түүний дараа төслийг дэмжиж, хамтран ажиллаж буй Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа үг хэллээ. Тэрээр мөн л Монголын хамгийн уул уурхайн хамгийн том компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын хамгийн том ассоциацийг амжилттай удирдан ажиллаж буй анхны эмэгтэй захирал нь билээ. Г.Эрдэнэтуяа захирал, эмэгтэй удирдагчдын оролцоо зөвхөн хувь хүний карьерын амжилт бус, салбарын тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ хандлагыг бий болгоход чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн.

Майнинг Инсайт сэтгүүл болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас эдгээр эмэгтэй манлайлагчдад зориулан, төслийн лого бүхий ягаан өнгийн уурхайн хувцас хийлгэсэн нь нүдэнд содон тусна. Эмэгтэй захирлуудын өмссөн цамцны ягаан өнгө орчныг улам зөөллөж, эмэгтэйчүүдийн гэх тодотголыг онцгойруулан байлаа. 

Төслийн танилцуулгын дараа уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэй захирлууд өөрсдийгөө товч танилцуулж, ажил, амжилт, зорилго тэмүүллээ хуваалцан ярилцсан юм. 

Энд олон жил ажилласан туршлагатай, ихийг хийж бүтээсэн эсвэл дөнгөж л уул уурхайн салбарт хөл тавьж, мэдлэг чадвараа зориулах чин сэтгэл зүрхтэй гээд олон өнгө төрхтэй, өөрсдийн ертөнцтэй бүсгүйчүүд цугласан байлаа. Бүгд л жендерийн тэгш байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ энэ салбартаа цөөн тоотой ажилладаг эмэгтэйчүүдээ дэмжин ажилладаг. Гэхдээ хувь хувьдаа биш, нийлж нэгдэж ажиллах нь илүү их хүч юм байна. Бүгдийг нь холбох гүүр болж буй энэ төсөл, энэ уулзалтад үнэхээр талархаж, олзуурхаж байгаагаа бүгд илэрхийлсэн. Энэ салбарт эмэгтэйчүүдийн бий болгож буй дүр төрх, соёлыг зөв ойлгуулж, нийгэмд түгээснээр уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийг эзлэх орон зай улам өргөжин тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү: 

Аливаа компанийн тогтвортой үйл ажиллагаа болоод өсөлт хөгжил нь хүний нөөцтэй ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс миний хувьд уурхайн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд илүүтэй 

анхаарлаа хандуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа эмэгтэй захирлуудыг холбож, цаашид тогтмол туршлага мэдлэгээ хуваалцахын эхлэл нь болж байна гэж олзуурхан харлаа. 

“МоЭнКо” ХХК-ийн Дэд захирал Ж.Оюунчимэг: 

Монголын уул уурхайн эхэн үеэс, одоог хүртэл энэ салбарт ажиллаж байна. Салбарын алдаа оноо, уналт босолтыг биеэрээ мэдэрч, туулж явна. Намайг анх энэ компанид ажилд ороод, орон нутагт анх очиход үг ч хэлүүлдэггүй тийм үе байсан. Одоо бол бүгд сонсдог болжээ. Тэгэхээр зарим зүйлд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Сайн цаг ирдэг юм шүү. Битгий шантраарай гэж шинээр төслөө эхлүүлэж байгаа эмэгтэй захирлууддаа хэлье. 

“Шувуун Хар Уул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр: 

Миний хувьд уул уурхайн баяжуулалтын инженерээр сурч төгссөн. Энэхүү мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж, уул уурхайн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулж, тууштай зүтгэж хөдөлмөрлөж байна. Жендерийн хувьд ялгараад байх зүйл байхгүй. Бусдын адил санаачлаад, төлөвлөөд, хэрэгжүүлээд, манлайлаад ажиллаж байна. Ерөнхийдөө ажилчдын нийгмийн асуудалд түлхүү анхаарал хандуулж ажилладаг. 

“Эрдэнэжас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Гантболор: 

Уул уурхай бол миний хувьд шинэ боловч маш сонирхолтой салбар. Өөрийн чадах бүхнээ зориулж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Ер нь уул уурхайн салбар гэлтгүй бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж боддог. Эмэгтэй удирдагчид асуудлыг өөр өнцгөөс харж, оролцогч талуудын үзэл бодлын зөрүүг нийцүүлж, хурцадмал асуудлыг тэнцвэржүүлэх чадвар байдаг. Ер нь ч эмэгтэй хүн маш олон “малгай” өмсдөг шүү дээ. Гэртээ ирээд айлын эзэгтэй, хүүхдүүддээ халамжит ээж, найз нөхдийнхөө дунд үнэнч хамтрагч, ажил дээрээ хамт олноо зөв чиглүүлж удирдах гэх мэт олон янзын үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ бүгдийг хослуулна, амжуулна гэдэг цаанаасаа эмэгтэй хүн бүрт байдаг өгөгдөл юм шиг. Энэ нь ажлын байран дээр давуу тал авчирдаг. Тэртусмаа уул уурхайн салбарын онцлог нь төр, хувийн хэвшил, орон нутгийн олон янзын хүмүүстэй харилцаж, заримдаа амаргүй, онцгой нөхцөл байдалд уян хатан байж, зөв шийдвэр гаргах шаардлага үүсдэг.

“Эрч Майнинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Усанболор:

Юу юунаас илүүтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, бусдад үлгэрлэхийг эрхэмлэж, байгаль эхээ хайрлаж, нөхөн сэргээхэд онцгой анхаардаг. Одоогоор уурхайн үйл ажиллагаандаа цахилгаан машин нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ, газрын тосны хамаарлыг багасгах, цаашлаад ажилчдын эрүүл мэндэд хүртэл эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа.

“Монгол нүүрс” ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа: 

Олон улсад уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тоо нийт ажилчдын 30-40 хувийг эзэлдэг. Монголд энэ нь 20 хувь ч хүрэхгүй байна. Түүн дотроо удирдах албан тушаал эрхэлдэг эмэгтэйчүүд бараг нэг хувьд ч хүрэхгүй байх. Иймд энэ салбарын жендерийн тэгш байдал бол маш чухал сэдэв. Үүнийг хөндөж, энэ үйл ажиллагааг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлж буй хамт олонд үнэхээр их баярлалаа. Яг өнөөдөр, та нарынхаа дунд гэртээ ирсэн юм шиг мэдрэгдэж байна. 

“МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмон: 

Мэдээж эмэгтэй захирлын хувьд нэлээд сорилттой тулгардаг. Гэхдээ цаг үе өөр болсон нь эмэгтэйчүүдэд олон боломжийг олгож байгаа. Ховд аймагт хийсэн судалгааны нэг үр дүнгээс дурдахад, эмэгтэйчүүд илүүтэй уул уурхайг хэрэггүй гэж үзсэн байсан. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд уул уурхайн талаар маш сөрөг хандлагатай байдаг юм байна. Тиймээс эдгээр эмэгтэй захирлууд маань нэгдээд, салбарынхаа талаарх энэхүү сөрөг ойлголтыг залруулахад хамтарч ажиллах боломжтой гэж харж байна. 

“Бадрах Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал Корали Прийн: 

Өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэн эмэгтэй захирлуудын ихэнх нь уул уурхайн салбартай холбоотой мэргэжлээр сурсан, мэргэшсэн хүмүүс байгаа нь их онцлог байна. Миний хувьд уул уурхайн салбарт ажиллаад удаагүй. 2007 оноос хойш цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж байсан. Түүнээс гадна бусад олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Монголд томилогдон ирээд удаагүй байгаа ч энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байна. 

“Монполимет” группийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр: 

Манай улсын хувьд шийдвэр гаргах болон удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш байдаг шүү дээ. Ер нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын дийлэнх хувь нь эрэгтэйчүүд байдаг. Харин Монполимет Группийн удирдлагын багийн 70 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэй удирдагчид салбартаа төдийгүй нийгмийн сайн сайханд эерэг хувь нэмэр оруулж чаддаг. Эрсдэлийг тооцоолж аливаа асуудлыг олон талаас хардаг, богино хугацааны ашигт бус урт хугацааны тогтвортой байдлыг чухалчилдаг, хамт олноо сонсох, ойлгох, урамшуулах, багийн уур амьсгалыг эерэг зөөлөн байлгах зэрэг олон давуу чанар бий. 

Уулзалтад “Майнинг Инсайт” сэтгүүлийн Бодлогын зөвлөлийг төлөөлж, Монголын чухал ашигт малтмалын ассоциацын ерөнхийлөгч, ШУТИС-ийн уул уурхайн тэнхимийн багш М.Дагва, Asian Battery Minerals компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар  оролцсон. М.Дагва багш, уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэй захирлуудад талархал илэрхийлээд, уул уурхайн сургуулийн оюутан охидтой уулзалт хийж, урам зориг өгөөсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Эмэгтэй захирлууд ч энэ саналыг сайшаалтай хүлээн авсан юм. 

Сэрүүн намрын нэгэн өдөр Тайж хайрханы бэлд эмэгтэй захирлуудын дотно яриа ийнхүү өрнөж, дутагдаад байсан орон зай дүүрсэн юм шиг мэдрэгдлээ гэсэн тэдний дулаан үгээр өндөрлөлөө. 

“Майнинг Инсайт”-ийн хамт олон их ажлын ард гарахын зэрэгцээ их ажлын эхлэлээ ч тавилаа. Манай сэтгүүл ирэх сараас эхлэн эмэгтэй захирлуудынхаа хөргөөр та бүхэнтэй уулзах болно. 

Энэхүү уулзалтыг дэмжиж, хамтран ажилласан Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, түүний Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Үлэмж Эс Жи Жи катеринг” компани, түүний Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал М.Гансүрэн нарын эмэгтэй захирлууддаа сэтгүүлийнхээ хамт олны талархлыг мөн уламжилъя.