Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг өчигдөр (2025.09.08) хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас Рио Тинто компанитай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмын байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Цаашид талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой үр дүн гаргаж хамтран ажиллах, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж аюулгүй ажиллагааг хангасан дэлхийн жишиг болохуйц уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд монгол залуусыг сургах, бэлтгэх, дадлагажуулах талаар санал солилцжээ.
Түүнчлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Рио Тинто группийн ТУЗ-өөс нааштай шийдвэрүүд гаргана гэдэгт найдаж буйгаа сайд Г.Дамдинням онцолсон гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.