Нүүрсний зах зээлийн үнийг $70, зэсийн тэнцвэржүүлсэн үнийг $8341.7 байхаар тооцжээ

Э.Мишээл

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс өнөөдөр (2025.09.15) хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хурлын үеэр 2026 оны төсвийн төсөл болон 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дүгнэлт, байр суурийг тус тус танилцуулав.

2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт УИХ-ын 2025 онд баталсан Төсвийн хүрээний мэдэгдэл (ТХМ)-д 6 хувь байсан бол Засгийн газрын 2025 оны есдүгээр сард шинээр өргөн барьсан төсөлд 5.7 хувь болж буурсан. Харин ТТБЗ-өөс 2025 оны гуравдугаар сард 5.4 хувьтай байхаар таамагласан байна. Мөн Засгийн газраас шинээр өргөн барьсан төсөлд инфляц ирэх онд 7 хувь, ТТБЗ-өөс 8.2 хувьтай байхаар тооцоолжээ. Тэгвэл ОУВС, Mongolia Article 4 mission statement-ээс зургаадугаар сард гаргасан тайланд 8.6 хувьтай байна. 

Өргөн мэдүүлсэн төсөлд ирэх онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутам 8341.7 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутам 133.7 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин нүүрсний зах зээлийн үнийг 70 ам.доллар байхаар тооцжээ. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаар "Төсвийн бодлого, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын төслүүдийг эдийн засгийн ашигт үндэслэн эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чанарыг сайжруулах, уул уурхайн бус салбарын татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын бодлогын шинэчлэлийг шат дараатай хийх, татварын бааз суурийг өргөтгөх, өрийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны бодлого боловсруулах, төсөв ба бодлого хоорондын уялдааг сайжруулж, олон нийтийн оролцоог бодитой болгох" гэсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. 

Тус зөвлөлөөс мөн "2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд "Төсөв, эдийн засгийн бодлого нь олон нийтэд ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой, хариуцлагатай байх ёстойг дахин сануулж, төсвийн сахилга бат, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах чиглэлд цаашид үргэлжлүүлэн ажиллах болно. Дунд хугацааны төсвийн тухай мэдэгдэл (ДХТХМ) нь төсвийг дагаж өөрчлөгддөг байсныг хязгаарлах хуулийн зохицуулалт 2025 оноос мөрдөгдөж эхэлсэн ч төсвийн бодлогын алдаа, гадаад эдийн засгийн орчны нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн ДХТХМ-д дахин өөрчлөлт оруулж байна. Энэ байдлыг цаашид давтахгүй байх нь төсвийн тогтвортой байдал хадгалагдах, эрсдэл буурахад эергээр нөлөөлнө" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.