Дэлхийд ашиглагдаагүй зэсийн хамгийн том 10 төслийг эрэмбэлжээ

Г.БААТАР

Wood Mackenzie-ийн тооцоолсноор, ирэх 10 жилийн хугацаанд шинэ төслүүдийн үйлдвэрлэлийг эхллүүлж чадах юм бол нийт 9.7 сая тонн зэс нийлүүлэх боломжтой. Ногоон эрчим хүчний эрэлт болон зэсийн нийлүүлэлтийн хоорондын ихээхэн зөрүүг арилгахын тулд шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Mining Intelligence-ээс ашиглагдаагүй хамгийн том 10 төслийг зэсийн нөөцийн хэмжээгээр эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтад Монголын Оюутолгой, Оросын Удоканы төслүүдийг оруулаагүй учир нь үйлдвэрлэлийн шатандаа шилжиж байгаа юм.

Тэгвэл 2021 оны жагсаалтад багтаагүй Reko Diq, El Arco болон Hu’u/Onto төслүүд энэ удаад тэргүүлэх 10-т орж ирсэн байна.

Pebble. Эдийн засгийн урьдчилсан үнэлгээний шатанд буй Pebble төсөл бол АНУ-ын Аляскийн нутаг дахь зэс порфирын орд юм. Нийт 37.19 сая тонн зэсийн нөөцөөр жагсаалтыг тэргүүлж байна. Уг төсөлд ус ашиглалтын зөвшөөрлийг олгохоос АНУ-ын байгаль орчны байгууллагаас 2020 онд татгалзсан байдаг. Эл ордын олборлолтын нөхцөл хүнд бөгөөд байгалийн онгон дагшин бүс нутагт оршдог онцлогтой. АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаанаас байгаль орчинтой холбоотой хориг тогтоосноор Pebble төслийн хэрэгжилт тодорхойгүй байна.

Resolution. Rio Tinto, BHP-ийн хамтарсан Resolution төсөл 27.27 сая тонн зэсийн нөөцөөр жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд 26 жилийн турш 2 тэрбум ам.доллар зарцуулахдаа Resolution төслийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж буй ч Pebble төслийн адил нутгийн иргэд болон байгаль орчны мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатанд байна.

Kerr-Sulphuets-Mitchell (KSM). Бритиш Колумбид Seabridge Gold компанийн хэрэгжүүлж байгаа Kerr-Sulphurets Mitchell төсөл 25 сая тонн зэсийн нөөцөөр гуравдугаар байрт ахижээ. 2022 онд боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-д ил далд аргаар 39 жилийн хугацаанд уурхайлахаар тооцсон байна. Эл орд зэсээс гадна 1460 тонн алтны нөөцтэй. Канадын хүлээгдэж буй хамгийн том төсөлд тооцогдож байна.

Reko Diq. Зэсийн 24.3 сая тонн нөөцөөс гадна 1275 тонн алтны нөөцтэй Reko Diq ордыг 1990-ээд оны сүүлчээр BHP компани анх нээжээ. Ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг 2000 онд Antofagasta, Barrick Gold компани 50-50 хувь хамтарсан Tethyan Copper худалдсан байна. Хамтарсан компани ордын олборлолтыг эхлүүлсэн боловч төслийг хэрэгжүүлэх хугацаа урт, тооцоолол буруу гэсэн үндэслэлээр 2011 онд орон нутгийн Засаг захиргаа гомдол үүсгэснээр талууд арбитрын шүүхэд хандахад хүрчээ. Арбитрын шүүхээс 2019 онд Пакистаны төр засаг буруутай гэсэн шийдвэрийг гаргажээ. Одоо Barrick Gold компани Reko Diq төсөлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ордыг 40 жил уурхайлахаар тооцжээ. Үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх зорилттой.

La Granga. Жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн 22.1 сая тонн зэсийн нөөцтэй La Granga нь Перу дахь Rio Tinto-ийн төсөл юм. Энэхүү төслийг 12 жилийн өмнө эзэмшсэн Rio Tinto компани 2019 онд Концессыг сунгаж хайгуулаа үргэлжлүүлэхэд 5 сая ам.доллар төлжээ. Тухайн үед уг төсөлд First Quantum-тай хамтран олборлоно гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байжээ.