Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал УИХ-ын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газар багтах юм.
Энэхүү агентлагийн гол үүрэг бол хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм. Тус агентлаг нь 30 орон тоотой, 5 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ”Өмнө нь Монгол Улсад гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газар буюу FIFTA байгууллага байхдаа хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг эрх ашгийг хамгаалах ажлыг сайн хийж байсан. Энэ байгууллагыг дахин бий болгож байна гэж ойлгож болно“ гэдгийг онцоллоо.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-д туссан хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт хамаарч байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэхэд тогтвортой орчин нэн чухал.
2021 оны үзүүлэлтээр Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, 9 хувийг Швейцар болон Сингапур, 6 хувийг БНСУ болон ОХУ, импортын 33 хувийг Хятад, 26 хувийг Орос, 7 хувийг Япон, 5 хувийг Өмнөд Солонгос, 3 хувийг Герман тус тус эзэлжээ. Экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.
Үндэсний статистикийн газрын мэдээллээр, 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өсжээ. Монгол банкны нэгдүгээр сарын үзүүлэлтээр, манай улс 3 тэрбум 560 сая ам.долларын валютын нөөцтэй байна. Энэ нь өнгөрсөн оны сүүлчээс сайжирсан үзүүлэлтэд хүрэхэд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, алт, нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.