Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг маргааш (2023.02.10) зохион байгуулна. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулжээ.
•Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн оролцоо
•Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ
•Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах
•Цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал гэсэн 4 бүлэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдээлэл солилцох юм. Мөн хэлэлцүүлгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмж гаргах аж.
Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх; эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд эрчимтэй хөгжиж байгаа билээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд, манай улсад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд цацраг туяаг малын эрүүл мэндийг хамгаалах, шүлхийн вакцин үйлдвэрлэх, шинэ сортын үр тариа, буурцагт ургамал гарган авах, хүнсний бүтээгдэхүүний агуулга, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох зэрэгт өргөн ашигладаг. Цаашид хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүнийг ариутгах, хадгалалтыг уртасгах, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох зэрэгт өргөн ашиглах боломжтой юм.
Аж үйлдвэрийн салбарт, Эрдэнэт, Оюутолгой зэрэг үйлдвэр, уурхай нь цацрагийн үүсгүүрийг ашиглан үйлдвэрлэлийн процессыг хянах, бүтээгдэхүүний агуулга, найрлагыг шуурхай тодорхойлох ажлыг олон жил явуулж ирсэн . Үл эвдэх сорилын нэг хэсэг болох цөмийн аргыг аж үйлдвэрт инженерийн байгууламж, техник хэрэгслийн чанар, гэмтэл, эвдрэлийг тогтооход ашигладаг. Манай улсын хувьд ДЦС-ууд, агаарын тээвэр, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэрт энэхүү арга өргөн ашиглагдаж байна.