АМГТГ-ын дарга Л.Баярмандал, холбогдох газар хэлтсийн удирдлагуудын хамт БНХАУ-ын нефть химийн хамгийн том концерн Sinopec групп болон “Доншен газрын тос Монгол” компанийн удирдлагуудыг (2023.08.15) хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал Sinopec групптэй газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ боломжууд хийгээд одоогийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцсон байна. Тодруулбал, газрын тосны олборлолт, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт болон шинэ техник, технологийг нэвтрүүлэх, “Доншен” компанийн олборлож буй түүхий тосыг нийлүүлэх үйлдвэрийг тодорхой болгохын зэрэгцээ БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/ Монгол улсад импортлох асуудлыг эрчимжүүлэх саналаа илэрхийлжээ.
БНХАУ-ын Sinopec групп компанийн Олон улсын гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Вү Рүйкүн Монгол Улстай газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа тодотгоод, бэрхшээлтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүссэн юм.
Sinopec нь БНХАУ-ын 100 хувь төрийн өмчит, хамгийн том газрын тосны компаниудын нэг бөгөөд дэлхийн газрын тос, нефтийн салбарын ТОП-500 аж ахуйн нэгжийн жагсаалтын гуравдугаарт бичигддэг билээ. Гол бүтээгдэхүүн нь газрын тос, нүүрс, байгалийн хий юм.
Эх сурвалж: АМГТГ