“Монголын Алт” компани, Японы Unico International, Mitsui корпорацуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Э.ОД

Монгол, Японы бизнесийн хоёр дахь удаагийн форум өнөөдөр (2023.08.18) МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний үеэр “Монголын Алт” компани, Японы Unico International, “Mitsui & Co.Steel” корпорацууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2022 оны есдүгээр сард зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, нүүрс-химийн чиглэлийн эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн Ажлын хэсэг байгуулсан билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард уг Ажлын хэсэг болон Японы Мицүи, Юнико интернэшл гэсэн олон улсын судалгааны компаниас бүрдсэн судалгааны баг байгуулж, эхний шатны судалгааг эхлүүлсэн юм. Уг ажлын үр дүнд Устөрөгчийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, туршилтын хийн үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж байна. 
Хамтын ажиллагааны талаар “Монголын Алт” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу 2022 оны аравдугаар сараас анхан шатны судалгааны ажил хийгдсэн. Тухайн ажил энэ оны гуравдугаар сард дуусаж, тайлангаа хэлэлцээд дараагийн шатны ажил руу орох гэрээг бид сая байгууллаа. Энэ нь урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 6 сарын хугацаанд хийж дуусгах гэрээ юм. Урьдчилсан ТЭЗҮ-ээр технологийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нарийвчилна. Эдийн засгийн үр ашигтай тооцоолол гарах юм бол цаашид туршилтын үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл амжилттай явагдах юм бол үндсэн том үйлдвэрийн шатанд шилжинэ гэсэн зорилттой ажиллаж байна. “Монголын Алт” компани нь өнгөрсөн оноос Японы “Unico International” корпорацтай хамтран ажиллаж байгаа. Тус корпораци нь 1971 онд анх удаа Японы гадаад дахь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө үзүүлэхээр байгуулагдсан түүхтэй. Дэлхий дахинд 500 гаруй төсөл хэрэгжүүлсэн корпораци юм. Мэргэжлийн өндөр түвшний корпорацитай бид хамтран судалгааны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаадаа туйлын баяртай байна. Мөн үр дүн гарна гэж найдаж буй. Ер нь бол манай улсад устөрөгчийн хэрэглээ, дэд бүтэц хараахан бий болоогүй. Японы хувьд маш их устөрөгчийн хэрэглэгч улс болж байгаа. Бид ирээдүйд устөрөгчийн үйлдвэр байгуулж Монгол Улсынхаа хэрэгцээг хангахаас гадна Япон улсад экспортлох гол зорилготой. Үүний өмнө угтвар ажил болгож диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулна. Нүүрс түлж эрчим хүч, дулааны хэрэгцээгээ хангадаг бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс нийлэг хийгээр дулааны хэрэгцээгээ хангах ажил руу орохоор зорьж байна” гэв. 
Unico International корпорацийн төлөөлөгч “Монгол Улсын импортын нефтийн бүтээгдэхүүнийг орлуулах, аж үйлдвэрийн салбарын ногоон хөгжлийг дэмжих, нүүрснээс устөрөгчийг ялган авах технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа байх юм. Дэлхий дахинаа нүүрсний хэрэглээнээс татгалзаж, цаашид устөрөгчийг хэрэглээ нэмэгдэх чиг хандлагатай энэ цаг үед цэвэр эрчим хүчний шилжилтэд Монгол Улс бэлэн байх, мөн ус төрөгчийн зах зээлд бэлтгэх боломж, хугацаа бий. Тиймээс Монголд нүүрснээс DME гарган авах ажлыг нэвтрүүлэх шаардлага хэрэгцээ байна. Энэ нь нүүрсийг хийжүүлээд, тухайн хийнээс нүүрстөрөгчийг ялгаж, хадгалах технологийг ашиглан DME хэмээх шатахууныг гарган авах, үүний дараагийн шатанд устөрөгчийг ялган авах процесс” гэдгийг тайлбарлалаа.

“Монголын Алт” компани, Японы Unico International корпорацийн хамтын ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр Японы талаас Mitsui & Co.Steel” корпораци оролцож буй аж.