Монголын 11 жилийн экспортын дүн Японы 1 жилийн экспорттой ч тэнцдэггүй

Э.МИШЭЭЛ

“Япон хүнтэй бизнес эхлүүлэх бол насан туршдаа хамтран гэж орох хэрэгтэй” Монгол-Японы бизнес форумын хамгийн хүчтэй өгүүлбэр байсан юм.

Монгол-Японы бизнесийн хоёр дахь удаагийн форум (2023.08.18) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд болж өнгөрлөө. Ерөнхий зохион байгуулагчаар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА), Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, МҮХАҮТ, тэдэн дээр нэмэгдэж энэ удаад Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО) хамтран ажилласан.
Энэ жилийн форумаар хоёр улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь бизнес эрхлэлтийг дэмжих, өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Уг форум нь Монгол, Японы компаниуд хоёр талын чадварлаг боловсон хүчнийг ашиглах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах олон боломжийг нээхэд чиглэж буйг Япон Улсаас Монгол Улсад уугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки мэндчилгээндээ тодотгосон. Тэрээр “Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд нь хоёр орны хувийн хэвшилд суурилсан эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх хүчин зүйл болно гэдэгт найдаж байна. Тэр утгаараа Японы JICA-ийн техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд удахгүй хэрэгжих “Шинэ Зуунмод” эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гэж харж байна. Монгол, Японы Засгийн газрын Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн хүрээнд 2 орны найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нэг түлхүүр хүчин зүйл бол хувийн хэвшлийн эдийн засгийн харилцаа, бизнес юм. Японы Элчин сайдын яамнаас хоёр улсын бизнесийг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллах болно” гэдгийг илэрхийллээ.

Монгол, Япон Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Өнөөгийн байдлаар Монгол-Япон улсын гадаад худалдааны эргэлт 680 сая ам.доллар байна. Японы буцалтгүй тусламжаар 1977 онд “Говь” комбинатыг байгуулж, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсон байдаг. Сүүлд хэрэгжүүлсэн томоохон төсөл бол Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Хөшгийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал юм.
БХБ-ын сайд, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Ц.Даваасүрэн “Хоёр улсын харилцаа үндсэндээ Монголын эдийн засаг, бизнесийг дэмжихэд чиглэж ирсэн. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газраас 328 тэрбум иентэй тэнцэх хэмжээний хөгжлийн албан ёсны тусламжийг Монгол Улсад үзүүлжээ. Тэр дундаа Монголын 5200 орчим боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Үүнд JICA байгууллага чухал үүрэг гүйцэтгэснийг онцолъё. Энэ хугацаанд манай улсын эдийн засгийн томоохон дэд бүтцийг бий болгоход Японы талаас томоохон дэмжлэг үзүүлсний тод жишээ бол 1990-ээд онд Монгол Улс эрчим хүчний хямралыг давахад ТЭЦ-4-ийн шинэчлэлийг хийсэн. Ер нь Японы тусламж хүрээгүй салбар Монголд бараг үгүй. ЖДҮ-ийг дэмжсэн 2 үе шаттай Японы хөнгөлөлттэй зээлийг дурдах нь зүйтэй. Энэ нь Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд гол хувь нэмрийг оруулсан. Үндсэндээ 700 гаруй компанид 750 сая иений хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг. Монголын ЖДҮ-ийг өндийхөд санхүүгийн маш том дэмжлэг болсон. Өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарах, харилцан үр ашигтай болох ёстой. Үүний нэг боломж нь уул уурхайн салбар мөн” гэв.
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж “Япон нь Монголын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч, эдийн засгийн гол түнш орон. Монгол Улс анх удаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг (ЭЗТХ) Япон Улстай байгуулсан. Манай улсын хувьд бүс нутгийн интеграцид нэгдэх, гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээсэн. Японы хөрөнгө оруулалттай нийт 670 компани 1990-2023 онд нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө Монголд оруулсны 60 хувь нь ЭЗТХ-ээр хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хойш хийгджээ. Монголын Засгийн газраас гадаад хөрөнгө оруулагчдын итгэлийн нэмэгдүүлэх, бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ онд багтаан батлуулахаар төлөвлөсөн”-ийг мэдэгдсэн. 
Монгол дахь JICA-ийн Суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “JICA нь өнөөг хүртэл Монгол Улсад техникийн хамтын ажиллагааны нийт 48 төслийг хэрэгжүүлсэн. Тээвэр, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, гамшгаас хамгаалах чиглэлээр маш өргөн хүрээнд төслүүдийг иений хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Буцалтгүй тусламжаар 2002 онд МУИС-ийн дэргэд байгуулсан Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн үйлчлүүлэгчдийн тоо 2 саяд хүрсэн. Одоо хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл" нь Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан Олон улсын нисэх онгоцны буудал орчмын бүтээн байгуулалттай холбоотой. Өдгөө Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ цаашид эрчээ авах салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологи юм. Энэ салбарт Засгийн газар, үйлдвэрлэл, боловсрол гэсэн 3 талыг уялдуулах чиглэлээр суурь мэдээлэл цуглуулах судалгааны ажлыг JICA-аас хэрэгжүүлж байна. Түүнчлэн хоёр орны хувийн хэвшлийн бизнесийн түншлэл, инженер технологийн боловсрол зэргийг дэмжих төслүүдээс гадна Монголын гарааны бизнесийг дэмжих хурдасгуур хөтөлбөр, Бизнес загвар боловсруулах тэмцээн, гадаадаас ажиллах хүч хүлээн авах хариуцлагатай платформ, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг ажлуудыг хийж байгаа”-г танилцууллаа.

Монгол, Япон улсын ЭЗТХ-ээс хойш хамтарсан 99 компани байгуулагджээ

Монгол, Японы Улсын ЭЗТХ-ийн нэг гишүүн нь МҮХАҮТ юм. 2015 онд хоёр улс 295 сая ам.долларын худалдаа хийж байсан бол ЭЗХТ-ийн хэлэлцээр байгуулсан 2016 онд 344.6 сая ам.долларт хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн оны үзүүлэлтээр хоёр улсын худалдааны эргэлт 689 ам.доллар болсон нь түүхэн дээд хэмжээгээр тэмдэглэгджээ. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Гэхдээ Монголын нийт экспортын ердөө 0.12 хувь, импортын 7 хувийг Япон бүрдүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн 3.2 хувийг тус улстай хийж байна. Японд нийлүүлдэг Монголын экспортын бүтцийг авч үзвэл 30 хувь нь сүлжмэл бүтээгдэхүүн юм. Харин Японоос авч буй импортын 67 хувьд машин байна. 2022 оны байдлаар Японоос 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн. Уг хөрөнгө оруулалт нь уул уурхайн бус салбарт төвлөрч буйгаараа онцлог. Нийт хөрөнгө оруулалтын 45.3 хувь худалдаа, нийтийн хоолны салбарт, 14.7 хувь барилгын салбарт оржээ. 2020 оны үзүүлэлтээр Японы хөрөнгө оруулалттай 670 компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. ЭЗТХ байгуулснаас хойш хамтарсан 99 компани байгуулагджээ. Хамгийн их буюу 38 компани үүсгэн байгуулагдсан нь 2018 он юм. Харин 2020 онд 9 болж буурчээ.
Энэ бүх үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлэхийн төлөө энэхүү форумыг зохион байгуулж байна. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан МҮХАҮТ-ийн судалгаагаар Европын Холбооны худалдааны хөнгөлөлттэй системийг 101 компани ашигласан бол Японы ЭЗТХ-ийг ашигласан нь 95 компани юм. Энэ нь Монгол, Японы байгуулсан ЭЗТХ маш их амжилттай, өндөр үр өгөөжтэйг харуулж байна. Монгол Улсаас 350 компани уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог. Үүнээс 144 компани нь ЭЗТХ хэлэлцээрийг байгуулсан цагаас Японы эдийн засаг, худалдааны харилцаанд орсон. Тэгвэл судалгаанд хамрагдсан экспортлогч компаниудын 8 хувь нь Японы зах зээлд гарах сонирхол, эрмэлзэлтэй байна. ЭЗТХ бий болсноор Монголын экспортлогчид Японы зах зээлд гарах хүндрэл бэрхшээл арилсан гэж судалгаагаар гарчээ. Цаашид ЭЗТХ-д заасан бүтээгдэхүүний төрлийг нэмэх, мөн одоогийн бүтээгдэхүүний шаардлагыг илүү тодорхой болгох саналуудыг экспортлогч компаниудын зүгээс судалгаанд өгчээ. Японы зах зээлд Монголын компаниуд бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг түгээмэл хүндрэлээр Японы стандарт, тээвэр логистик, экспортын санхүүжилт, Монголын бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд сурталчлах маркетингийн бодлогын дэмжлэг зэргийг нэрлэсэн байна. 2025 онд “Дэлхийн экспо” арга хэмжээ Японы Осака хотноо болно. Тус арга хэмжээгээр Монголын бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад МҮХАҮТ-аас онцгой анхаарч, манай төр засгийн байгууллагууд, яамдууд болон JICA-тай хамтран ажиллах”-ыг дэвшүүлэв.

Монгол, Япон Улс худалдааны хэт алдагдалтай явж иржээ. Хоёр орны худалдааны нийт эргэлт 2012 оноос хойш 5.1 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс 174.2 сая ам.доллар Монгол Улсын экспорт эзэлж байна. Өөрөөр хэлбэл манай улсын 11 жилийн турш хийсэн экспортын үнийн дүн Японы нэг жилийн экспорттой ч тэнцдэггүй. Японы экспорт 2015 онд хамгийн бага буюу 274.6 сая ам.доллар байсан. Ийм учир Монгол-Япон бизнес форум чухал ач холбогдолтой. 
Монгол-Японы бизнесийн форумаар "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Хөшгийн хөндийн шинэ "Чингис хаан" ОУНБ болон түүний эргэн тойронд эдийн засгийн чөлөөт бүс бий болох, хоёр улсын хөгжлийн төслүүдийг бодитой ажил хэрэг болгоход түлхэц болох техникийн туслалцааг Япон Улсын зүгээс үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. ЭЗХЯ-ыг төлөөлж гарын үсэг зурсан Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаж харьцдаг байдлыг арилгахаар тусгасан. Бас шинээр хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварласан заалтыг байхгүй болгож байгаа” гэлээ. И.Батхүү даргын хэлсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгах нь буруу гэдгийг өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн үеэр ч салбарынхан шүүмжилж байв. Энэхүү асуудал нэг тийшээ болох гэж байгаа нь уул уурхайн салбар, уул уурхайн бус салбарын аль алинд таатай орчин бүрдэхээр харагдаж байна.
Форумаар уул уурхайн салбараас “Монголын Алт” компани, Японы Unico International корпораци, Mitsui групптэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Энэ нь Устөрөгчийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж, туршилтын хийн үйлдвэр байгуулахад чиглэсэн ажил юм.

Монгол, Япон хүмүүс царай зүс ижилхэн ч өөр үндэстэн

Энэ удаагийн форумд Японы талаас 100 орчим зочин ирсэн. Тэдний нэг бол Mitsui группын төлөөлөл. Тус групп нь Японы эдийн засагт өндөр нөлөө үзүүлдэг компаниудын нэгдэл. Mitsui-ийн Ерөнхий менежер Ёшихико Ишии форумд ирсэн зорилгынхоо талаар “Японы худалдааны компаниуд байгаль орчин ээлтэй технологийг нэвтрүүлэхэд анхаарах зорилготой ирлээ” гэж Шинэ Зуунмод төслийн гарын үсэг зурсны дараа хэлсэн. Ингэхээр Зуунмод төсөл нь 2012 онд Рио Де Жанейро хотод болсон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн 17 зорилтод нийцэхүйц орчин үеийн хот болгохоор төлөвлөж байгаа аж.
Илтгэгчдээс Монголд 20 гаран жил ажиллаж, амьдарч буй Накамура Коогийн илтгэл анхаарал татахуйц. Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Күрүшима Кожи хүртэл би түүн шиг сонирхолтой илтгэл тавьж чадахгүй шүү хэмээн хошигнож өөрийнхөө илтгэлийг нээсэн. Накамура нь JICA-ийн мэргэжилтэн бөгөөд хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ажил хийдэг. Түүний илтгэлийн сэдэв Японы бизнес эрхлэгчид Монголд ямар үйл ажиллагаа явуулж болох вэ гэдэгт төвлөрсөн байсан юм. Илтгэлдээ Монголыг Японы эдийн засгийн өсөлт явагдсан он жилүүд болох 1954-1973 онтой харьцуулсан. Түүний хувьд Японы эдийн засгийн өсөлт ид явагдаж байх үеийг мэдэрч чадаагүй. Гэхдээ Монголд амьдарч байх хугацаанд эдийн засгийн өсөлт хэрхэн явагдаж байгааг мэдрэхэд сайхан байснаа хэлж байв. Японы компаниудын хувьд монгол залууст зориулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, Монголын асрахуйн чиглэлийн зах зээх сонирхол татахуйц гэдгийг тус форумд оролцож Японы төлөөлөлд хэлсэн. Түүнчлэн монголчууд Японд элэгтэй гэдгийг Японд болдог томоохон арга хэмжээтэй харьцуулсан юм. Улаанбаатарт өнгөрсөн онд болсон нэг өдрийн Япон фестивальд 11 500 хүн оролцсон. Гэтэл Японд болдог хамгийн том хоёр өдрийн арга хэмжээнд хүн амтай нь харьцуулахад хоёр дахин бага хүн оролцдог гэдгийг сэтгэл хөдлөл өндөртэй илэрхийлж байв. Харин япончуудын хувьд хамгийн элгэмсэг улсаар Тайвань, Туркийг нэрлэдэг аж. Өөрөөр бол Японоос ирсэн төлөөлөгч нарт монголчууд Японы фестивальд ийм их хүн оролцож байхад яагаад Монголыг хамгийн элгэмсэг улсаар авч үзэхгүй байна вэ гэдгийг бодож үзээсэй гэсэн “мессеж” байв. Дараа нь хэдий япон, монгол хүмүүс царай зүс ижилхэн ч өөр үндэстэн гэж хэлсэн нь оновчтой санагдсаныг нуух юун. Илтгэлийнхээ төсгөлд Монгол Улсад Японы компаниуд хөрөнгө оруулахын тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй. Хэрэв хоёр улсын компаниуд хамтран ажиллаж чадвал дэлхийд байхгүй түншүүд болох боломжтой гэдгийг хэлээд Японоос ирсэн төлөөлөгч нарт хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалав.

Илтгэл тавьж дууссаны дараа түүнээс уул уурхайн хөрөнгө оруулалт хийх боломж ямар байгааг тодрууллаа. Тэрээр “Миний бодлоор уул уурхайд хөрөнгө оруулахад их мөнгө шаардлагатай. Тиймээс Японы жижиг, дунд компаниуд Монголд бага хэмжээгээр хөрөнгө оруулах боломжтой. Нөгөө талаас япончуудын онцлог гэж байгаа. Япончууд хөрөнгө оруулахын тулд судалгаа хийдэг. Энэ үйл явц удаан байдаг. Гэтэл нөгөө талд монголчууд хэзээ шийдвэр гаргах вэ гэж шахамдуулдаг. Гэхдээ жижиг хөрөнгө оруулалтыг бол хурдан шийдэж болдог. Япон хүн удаан байдаг бол монгол хүн хурдан байдаг. Үүнийг харилцан ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Японд хүн байхгүй зүйл монгол хүнд байна. Монгол хүнд байхгүй зүйл Япон хүнд байна” гэсэн юм.

Уул уурхайн ХАБ-тай холбоотой бизнес төлөвлөгөө шалгарав

Монгол-Япон бизнес форумын хоёр дахь хэсэг ЖУГАМО судалгааны багийн гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Н.Батдэлгэрийн илтгэлээр эхэллээ. Түүний илтгэл ЭЗТХ-ийн хэрэглээ, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудын талаар судалгааны үр дүн байлаа. Энэ нь панел хэлэлцүүлгийн чиглүүлэх оршил байсан юм. Хэлэлцүүлэгт Монгол, Японы хамтын ажиллагаанд олон жил ажиллаж буй төлөөлөл оролцсон. Түүнчлэн Цахим шилжилтийн технологи ашиглан нийгмийн асуудлыг шийдэх оюутны бизнес төлөвлөгөөнд шалгарсан багуудын илтгэл тавигдсан. Багуудын илтгэл дунд уул уурхайн ХАБ-тай холбоотой бизнес төлөвлөгөө шалгарсан байлаа.
Тус илтгэлийг багаа төлөөлөн танилцуулсан Монгол Коосэн коллежийн 4 дүгээр курсийн оюутан Д.Анударь “Манай баг хиймэл оюун ухаан ашиглаж уул уурхайн ХАБ-ыг хангах төлөвлөгөө зохиосон. Малгай, бээлий, хантааз гэсэн гурван хэрэгслийг камераар таньж, зүүгээгүй тохиолдолд бодит цагт нь мэдэрч анхааруулга өгнө. Энэхүү бүтээгдэхүүнийг Монголтой ижил ХАБ-ыг хангадаггүй улсад нэвтрүүлэх боломжтой” гэлээ. Тэдний багийн төлөвлөгөө Японы Коосэн коллежуудын дунд явагдсан тэмцээнд эхний 10-н байрт шалгарсан Монголын ганц баг болсон байна.

Төгсгөлд нь, энэ жилийн форумыг Японы болон Японтой хамтрагч Монгол холбоод голлон ажилласан нь анзаарагдсан юм. Тэдний хувьд япон хэлнээс монгол хэл рүү синхрон орчуулгыг сайн хийсэн. Арга хэмжээний өмнөхөн явуулсан цахим шууданд 20 хэлмэрч байгаа учир орчуулгад санаа зовох шаардлагагүй тухай бичсэн байсан. Харин хэвлэлд мэдээлэл бэлтгэж өгөх дээр зохион байгуулалт тааруухан байв. Хэлэлцүүлгийн үеэр хэдхэн холбоодын хүрээний компаниуд сургалтад хамрагдаж байгаа нь хоёр орны, ялангуяа Япон руу экспорт хийхэд саад болж байна. Иймд сурталчлан таниулах тухай ярьж байсан юм. Мөн МҮХАҮТ-аас Гадаад харилцааны яамны зүгээс ийм төрлийн арга хэмжээнд оролцоотой байж, хийсэн гэрээ хэлэлцээрээ цааш нь хөгжүүлж авч явах хэрэгтэй гэсэн санааг гаргаж байв. Ирэх жил болох Монгол-Япон бизнес форумаас өмнө Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль батлагдчихна гэж найдаж байна. Тэгсэн тохиолдолд илүү таатай бизнесийн орчинтой Монгол Улс угтана гэж итгэж байна. Тэр ч утгаар дараагийн Монгол-Япон бизнес форум өргөн дэлгэр болох биз ээ.