Дэлхийн уул уурхайн хөгжил “гүн” рүү тэмүүлж байна

Б.БАЯРТОГТОХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Далд уурхайн симпозиум”- ыг нээж хэлсэн үгэндээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын түүх манай улсын хувьд Налайхын уурхайгаас эхэлнэ. Тэртээ 100 жилийн өмнө үндэс суурийг нь тавьсан энэ том салбар өнөө өргөжин тэлж, дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан шинээр далд уурхайг цогцлоож байна” гэж онцолсон юм. Түүний тодотгосон орчин цагийн уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлох гүний уурхайн бүтээн байгуулалт бол Оюутолгой. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд Улаанбаатараас Дархан хүрэх дайтай урт хонгил байгуулж, барилга, бүтээн байгуулалтын ажлаас олборлолт, боловсруулалт руу, боловсруулалтаас экспорт руу тус уурхай аажмаар шилжиж байна. 100 жилийн намтар зузаалсан манай улсын уул уурхайн салбарын түүхэнд урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалт Оюутолгой болж байгаа. Зөвхөн Монгол Улсаар хэмжигдэхгүй Ази, Номхон далайн бүс нутагт зэсийн шинэ тоглогч мэндэлж байгаа нь энэ юм.

Зорилтот зах зээлдээ хамгийн ойр, агуулга өндөр, өрсөлдөх чадвар дээгүүр ордуудын тоонд Оюутолгой эрэмбэлэгдэх хүлээлттэй байна. Дэлхий дээр үйл ажиллагаа явуулж буй гүний уурхайн ихэнх нь “хөндийлөн ухаж” олборлох буюу хүдрийн биетийг олон жижиг хэсгээр ухаж ашигладаг. Энэ нь өртөг зардал өндөр, үүссэн хөндийг эргээд хаягдал чулуугаар дүүргэх шаардлагатай болдог байна. Уг аргаар олборлож байгаа нөхцөлд агуулга багатай хүдрийг олборлолгүй үлдээдэг, хүдрийг сорчлон олборлох хандлага түгээмэл аж. Тэгвэл блокчлон олборлох аргаар металлын агуулга багатай хүдрийн биетийг ч олборлох боломжтой болдог төдийгүй ордын ихэнх хэсгийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрддэг байна. Блокчлон олборлох арга бүтээн байгуулалтын хувьд зардал их шаардах ч үйлдвэрлэлийн зардал нь олборлолтын бусад аргатай харьцуулахад маш бага байдаг онцлогтой. Налайхын нүүрсний уурхай болон Бэрхийн хайлуур жоншны уурхайтай Оюутолгойн гүний уурхайг харьцуулах боломжгүй юм. Өөр технологи, шинэ арга туршлага, нүсэр бүтээн байгуулалт тэнд 24 цагийн турш тасралтгүй өрнөсөөр, олборлолт, борлуулалтад ойртон ирээд байна.
Шинэ зууны уул уурхайн хөгжлийг илэрхийлэх Оюутолгойн гүний уурхай Монголд энэ чиглэлээр ажиллах олон зуун, мянган уурхайчныг тасралтгүй бэлтгэх, улмаар Канад, Австрали, Америк тэргүүтэй гүний уурхай хөгжиж буй улс орнуудад уригдан ажиллах, мэдлэг туршлагаа дахин “экспортлох” үүд хаалгыг давхар нээхээр ажиллаж байна. “Оюутолгой”-н гүний уурхай өдөрт 95 мянган тонн хүдэр боловсруулах нүсэр том уурхай юм. “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргалын хэлснээр, дэлхийд төдийгүй Монгол Улсад ашигт малтмал газрын гадаргад буюу гүехэн илрэх нь ховордож байна. Үүнээс шалтгаалж уул уурхайн хөгжлийн дараагийн ирээдүй газрын гүн дэх биет, далд уурхайд тулгуурлах нь улам бүр тодорхой болж байна. Ийм цаг үед Оюутолгойн гүний уурхай бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд хүрч байгаа нь гүний уурхайн чиглэлээр олон улсын түвшинд мэргэших, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх, өндөр түвшний гүний уурхай хөгжих боломжийг олгохоор байгааг салбар хурлын индрээс Х.Амаржаргал онцолсон юм. Ийм боломж бүрдэж байгаад олзуурхаж байгаагаа ШУТИСийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, профессор К.Хавалболат тодотгоод, уул уурхайн боловсон хүчнийг үндэсний хэмжээнд бэлтгэж ирсэн ШУТИС-ийн гүний уурхайн хөтөлбөрөө танилцуулсан. Суралцаж буй оюутнуудын хувьд Оюутолгойн гүний уурхай хамгийн том сурах бичиг болохын зэрэгцээ нөхцөл байдлыг бодитоор харах, мэдрэх, танин мэдэх боломжийг олгохоор байна. Тэрчлэн нөөц нь дуусаад хаагдсан Бэрхийн хайлуур жоншны уурхай мөн адил уул уурхай сонирхогч болон гүний уурхайн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сургалт, судалгааны төв нь болох юм. АМГТГ-ын мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 39 далд уурхай үйл ажиллагаа явуулж байна. Олборлолт явуулж буй ордуудыг ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл, хайлуур жонш хамгийн их тоотой байгаа бол алт удаалжээ.

Эдгээрийн дараа холимог металл, гянтболд, зэс орж байна. Улсын хэмжээнд далд аргаар ашиглах 49, ил болон далд аргаар ашиглах боломжтой 16 уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Оюутолгой гүний уурхайгаас гадна “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Зүүн цагаан дэлийн хайлуур жоншны гүний уурхай анхаарлын төвд байна. Тус ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулах судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгааг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий инженер П.Машбат онцолсон юм. Зүүн цагаан дэлийн далд аргаар ашиглах нөөц нь 4.4 сая тонн бөгөөд хоёр налуу амтай байхаар тооцжээ. Төслийн нийт хугацаа 23 жил үргэлжлэх бол байнгын 225 ажлын байр бий болж, анхны хөрөнгө оруулалт нь 40 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 4.4 жил гэж төслийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлжээ. “Далд уурхайн симпозиум”-ыг нээж үг хэлсэн, “Оюутолгой”-н Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондер өөрийн уурхай дээр нэвтрүүлэн ашиглаж байгаа технологи бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгийг индрээс бахархалтайгаар мэдэгдсэн. “Рио Тинто” компанийн хувьд блокчлон олборлох технологийг сүүлийн 25 жил эзэмшиж, эрчимтэй хөгжүүлж байгааг Жак Ван Тондер дуулгаад, уг технологийг “Оюутолгой” төслийн гүний уурхайн хүдрийн биетүүдэд ашиглах болсондоо баяртай байгаагаа өгүүлсэн юм. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа жигдэрснээр цахилгаан тоног төхөөрөмж ашиглах, дижитал шилжилт рүү хөрвөх, уурхайн аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэн ухаалаг технологи, шинэ ололтыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа мөн хэлсэн билээ. Техник технологийн тэргүүлэх хөгжилтэй хамт газрын гүнд ажиллаж байгаа уурхайчны эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, аюулгүй байдал нэн чухлаар тавигдаж байна. Үүсэж болзошгүй эрсдэлийг ямагт бага байлгах, бууруулахад анхаарах, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байраар хангахын тулд автомажуулалт гүний уурхайн хөгжлийн дараагийн түвшнийг тодорхойлох нь ээ.

“Далд уурхайн симпозиум”- ын нээлтийн илтгэлийг хэлэлцүүлсэн “Рио Тинто” группийн Техникийн группийн захирал Крейг Стегмон дээрх санааг өөрийн илтгэлдээ өгүүлсэн юм. Гүний уурхай дэлхийн уул уурхайн чиг хандлагыг зураглахаар байгааг эхэнд дурдсан. Тэгвэл гүнд ажиллах уурхайчны эрэлт, тэнд өрнөх бүтээн байгуулалт нэмэгдэхээр байна. Шинээр нээгдэх гүний уурхай хаанаас ажиллах хүчээ бүрдүүлэх, аль уурхайн арга туршлагыг нэвтрүүлэх тухай яриа өндрөө авах нь. Нөгөө талд гүний уурхайн олборлолтын техникийн эрсдэл нэмэгдэж байна. Уг эрсдэлийг бага байлгах технологи, удирдан зохион байгуулах менежмент, менежерийн эрэлт, хэрэгцээ дагаад өсөхөөр байгаа аж. Блокчлон олборлох аргачлалыг эзэмших, гүний уурхайд ажиллах уул уурхайн салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах нь тулгамдсан асуудалд багтаж байна.

Товчхондоо, хүний нөөц хөрөнгө оруулалтын дараа орох хэмжээний том сорилт дагуулж мэдэх нь, ирэх цагт. Боломж нээгдэхийн сацуу гүний уурхайд хариуцлага нэмэгдэж байна. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хариуцлагын зөвшөөрөл, нутгийн уугуул иргэдийн асуудал, соёлын өв, жендерийн мэдрэмж зэрэг нь захирлууд болон хөрөнгө оруулагчдын санааг чилээх нь. Дэлхий дахинд цаашид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байгаль орчин, өв соёл, нийгмийн харилцааг харгалзаж үзэхээс аргагүй байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад нийгмээс өгөх зөвшөөрөл нэн эмзэг, зайлшгүй анхаарах асуудлын эхэнд жагсана. Нийгмийн зөвшөөрөл олж авахад улам ярвигтай болж байна гэсэн үг. Эдгээрээс гадна гүний уурхайн талаар сөрөг үзэл бодол олны дунд нэмэгдсэн, зөвшөөрөл авах, шинэ төсөл боловсруулах хугацаа уртассан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгцээ шаардлага улам өсөн нэмэгдэж байна. Мөн уул уурхайн байгаль орчинд болон орон нутагт үзүүлэх нөлөөг дахин дахин тооцох, нийгмийн хүлээлтийг хадгалах, хамтрах шаардлага гүний уурхайн “босс”-уудыг улам гүн бодолд оруулахаар байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас