Э.ОД
Өдгөө дэлхийн нийт эрчим хүчний 10 орчим хувийг цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Энэ цөмийн 390 ГВт эрчим хүчийг 31 орны нийт 440 реактор үйлдвэрлэж байна. Олон улсын агентлагуудын таамаглалаар, ойрын 10-20 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2-3 хувиар өснө.
Дэлхийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэл сүүлийн арван жилийн хамгийн өндөр өсөлтийг харуулж, энэ нь ураны эрэлтийг тэлэх магадлалтай байна. Энэ талаар тус салбарын зөвлөх үйлчилгээний UxC компанийн ерөнхийлөгч Жонатан Хинце “Цэвэр, тогтвортой эрчим хүчний хангамжид дэлхий даяар шилжиж буй энэ үед цөмийн эрчим хүчний зах зээл мэдэгдэхүйц өсөх хандлагатай”-г ярьжээ. Энэ салбарт 20 гаруй жил ажиллаж буй тэрээр цөмийн эрчим хүч өргөжих хамгийн онцгой үе гэж үзэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хэрэгцээ, эрчим хүчний аюулгүй байдалд улам их анхаарал хандуулсан нөхцөл байдал нь дэлхийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд түлхэц болохыг Ж.Хинце тодотгожээ.
Улс орнуудын цөмийн эрчим хүчний сонирхол нэмэгдэхийн сацуу ураны үнэ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Дэлхийн ураны олборлолт таван жилийн өмнөхөөс буурсан нь үнэ өсөхөд хүчтэй нөлөөлжээ. Наймдугаар сарын 21-ний байдлаар, ураны үнэ 58.25 ам.доллар буюу өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ оны эхнээс ураны үнэ 22 орчим хувиар өсжээ.
Энэ жилийн үнийн өсөлт нь Японы Фүкүшима АЦС-ын ослоос хойш 10 жилийн хугацаанд ураны нийлүүлэлтийн хөрөнгө оруулалт хоцорсныг харуулж байна гэж S&P Global Commodity Insights-ийн цөмийн эрчим хүч, ураны үнийн шинжээч Уильям Фрибейрн хэлжээ. Эргэн сануулахад, Японы түүхэн дэх хамгийн том газар хөдлөлт (2011.03.11)болж, улмаар хүчтэй цунамигаар Фукушима Дайчи АЦС үерт автан энэ зууны хамгийн аймшигтай цөмийн гамшиг тохиосон билээ. Энэ гамшиг нь дэлхийн ураны эрэлт нийлүүлэлтэд огцом сулруулсан. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн (WNA)мэдээллээр 2022 онд дэлхийн хэмжээнд нийт 48 888 тонн уран олборложээ. 2017 онд дэлхий дахинаа олборлосон ураны хэмжээ 60 514 тонн байв. Өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Georgia Power компани АНУ-д цөмийн эрчим хүчний реакторын эхний блокийг ашиглалтад оруулсан байна. 2024 оны эхний улиралд хоёр дахь блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь анхны шинэ реактор аж.
Одоо АНУ, Канадад цөмийн эрчим хүчний чиглэлээр жижиг модульчлагдсан реакторуудаас эхлээд шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьжээ. Европын орнууд Оросын цөмийн эрчим хүчний түлшний нийлүүлэлтээс татгалзсан нь Польшийг цөмийн эрчим хүчний амбицтай хөтөлбөр төлөвлөхөд хүргэж, Чех, Румын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна.