Монгол Улс олон улсын критикал минералын сүлжээнд нэгдэх нь

Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Монгол Улсад анх удаа критикал минералын чиглэлээр хамтран ажиллах гурван талт уулзалт (2023.06.27) боллоо. Уулзалтад Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, АНУ-ын Төрийн департментын төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандез, БНСУ-ын Гадаад хэргийн Хоёрдугаар дэд сайд Ли До Хүн болон бусад төлөөлөгч оролцсон. Гурван талт уулзалтаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой туршлагаа Монголтой хуваалцах, АНУын зүгээс Монгол Улсад энэ талын техникийн болоод зохицуулалтын мэргэжлийн туслалцаа үзүүлэх бүтцийг бий болгохоор тохирсон юм.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ. Гурван талт уулзалтын үеэр АНУ, БНСУ-ын төлөөлөгчдийн хэлсэн үгэнд анхаарал татах зүйлс цөөнгүй байлаа. АНУ-ын Төрийн департментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандез, Монголыг критикал минерал тэр дундаа газрын ховор элементийн арвин нөөцтэй гээд эдгээр ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн бат бэх сүлжээ байгуулах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монгол Улс томоохон байр суурь эзэлж, эдийн засагтаа үр шим авчрах боломжтой гэсэн юм. Харин БНСУ-ын Гадаад хэргийн Хоёрдугаар дэд сайд Ли До Хүн гурван талт уулзалт хийхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Төрийн департмент болон ноён Хосед талархал илэрхийлээд, цэвэр эрчим хүчний шилжилт, өндөр технологид шаардлагатай критикал минералын өрсөлдөөн олон улсад нэмэгдэж байна. Энэхүү нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад чиглэсэн Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл (MSP)-д гаргаж буй АНУын хүчин чармайлтад БНСУ идэвхтэй оролцож байгааг илэрхийлсэн.
Гурван талт хэлэлцээрийн цаад үр дүн нь Монгол Улс критикал минералын нийлүүлэлтийн сүлжээнд БНСУ-тай нэгдэх, түүгээр дамжин АНУ-тай холбогдох боломж бүрдэх эсэх тухай асуудал юм. 

ЭРДЭС БАЯЛГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТҮНШЛЭЛ БУЮУ MSP ГЭЖ ЮУ ВЭ?

Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл байгуулагдсаныг АНУ болон түнш орнууд өнгөрсөн оны зургаадугаар сард болсон PDAC чуулганы үеэр анх мэдэгдсэн юм. Энэхүү түншлэл нь критикал минералын сүлжээг бэхжүүлэх зорилготой. Тус түншлэлд АНУ, Европын Холбоо, Их Британи, Австрали, Канад, Финланд, Франц, Герман, Япон, Өмнөд Солонгос, Швед улс багтсан. Сүүлд БНЭУ элссэн бөгөөд энэ талаар зургаадугаар сарын 20-нд Ерөнхий сайд Нарендра Модигийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Жо Байден нар хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Энэхүү түншлэлийг Критикал минералын холбоо гэж нэрлэж болно. Гол зорилго нь критикал минералын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалт нь улс орнуудын эдийн засгийн хөгжилд үр өгөөжтэй байх боломжоор хангахад анхаарах явдал юм. Түншлэгч орнууд нь байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандарт (ESG)-ыг мөрдөхөд критикал минералын нөөцтэй орнуудад тусална. 2023 оны хоёрдугаар сарын 7-нд ӨАБНУ-ын Кэйптаунд болсон Африкийн уул уурхайн Индаба хурлын үеэр үүнийг баталсан байна. Уг хуралд түншлэгч орнууд, зохион байгуулагч орноос гадна Ангол, Ботсвана, БНАКУ, Танзани, Уганда, Замби зэрэг улс оролцжээ. Хурлаас гарсан үр дүн нь ESG мөрдөж буй төслүүдийг дэмжиж ажиллах шийдвэр байв.

MSP ДАХЬ АНУ-ЫН ОРОЛЦОО

Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэл нь нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй тээврийн хэрэгсэл, цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байгаа. Өнгөрсөн оны байдлаар критикал минералын 20 гаруй төрлийн ихэнхийг буюу 13-ыг нь БНХАУ голлон олборложээ. Тодруулбал, хагас дамжуулагч, нано электроникийн суурь болдог гали металлын 98 хувь, салхин турбинд ордог соронзыг уусгахад шаардлагатай магнийн 90 хувь, гянтболд, висмут, газрын ховор элементийн 84-70 хувийг Хятадад олборлосныг Statista цахим платформын мэдээллээс харж болно. Харин энэхүү төвлөрлийг бууруулах, бусад улс орнууд руу шилжүүлэхийг АНУ зорьж байгаа. Тэр дундаа Хосе В.Фернандезийн 2021 онд ажил авснаас хойш хийсэн айлчлалууд үүнийг баталдаг. Хосе ажлаа хүлээж авснаас хойш 2 сарын дараа Энэтхэг, Номхон далайн бизнес форум 2021-т оролцсон. Форум нь тогтвортой ирээдүй буюу байгаль орчинд хаягдал үүсгэдэг эдийн засгаас татгалзах болон нөөцийн хэмнэлтийн асуудлыг хөндсөн билээ. Энэ нь цэвэр эрчим хүчний шийдэл, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх зорилтыг улам тодотгосон юм. Хосегийн дараагийн айлчлал нь 2022 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чили улсад болсон. Чили нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд хэрэгцээтэй литийн нийлүүлэлтийн 26 хувь, зэсийн 27 хувийг 2021 онд дангаар хангаж байв. Тус улстай уур амьсгалын өөрчлөлт хийгээд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр орны эдийн засгийг гүнзгийрүүлэх асуудлаар ярилцсан юм. Хосе В.Фернандез 2022 оны зургаадугаар сарын 13-14-нд Олон Улсын уул уурхайн сайд нарын уулзалтад АНУ-ыг төлөөлж оролцож байв. Мөн PDAC чуулганд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн зорилтод хүрэхийн тулд цахилгаан автомашины батарейнд шаардлагатай критикал минерал, металлын найдвартай, хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээ бий болгох тухай АНУ-ын зорилгыг илэрхийлсэн бөгөөд энэ нь MSP-ийн эхлэл байсан юм. Тэрээр 2022 оны есдүгээр сард Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй хамт Мексик, Панам, Коста Рика улсуудаар төрийн айлчлал хийж, 12 дугаар сард АНУ-Европын Холбооны худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцүүлэгт оролцсон. Эдгээр уулзалтаар цэвэр эрчим хүчний шилжилт, ногоон ирээдүйн зорилгын талаар хэлэлцсэн. Харин он гарсаар Өмнөд Солонгос, Япон, Франц, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улстай дэлхий дахинд учирч буй хамгийн том сорилт болох нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал, цэвэр эрчим хүчний шилжилт ба уур амьсгалын өөрчлөлт, шинээр нэвтэрч буй технологийг дэмжих талаар ярилцаад байгаа юм.


ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

АНУ нь Кэйптаунд болсон Африкийн уул уурхайн Индаба хуралд оролцсон Ангол, Ботсвана, БНАКУ, Танзани, Уганда, Замби, Өмнөд Африк гэсэн улсаас БНАКУ, Замби улстай өнгөрсөн оны 12 дугаар сард цахилгаан автомашины батарейны нийлүүлэлтийн сүлжээнд хамтрах санамж бичиг байгуулжээ. БНАКУ нь критикал минералын нэг болох кобальтын дэлхийн үйлдвэрлэлийн 71 хувийг хангадаг. Мөн зэсийн үйлдвэрлэлээр дөрөвт ордог. Харин Замби нь кобальтын олборлолтоор Африк тивд хоёрт, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд наймд ордог. Танзани улс нь газрын ховор элементийн празеодим, неодимын нөөцтэй. Бас лити, кобальт, никелийн ордуудтай бөгөөд бал чулууны нөөцөөр дэлхийд зургаад эрэмбэлэгддэг. Анголын хувьд дэлхийд чухал шаардлагатай 51 критикал минералаас 36 нь бий хэмээн өөрсдийгөө сурталчилж байна. Түүнчлэн Өмнөд Африк нь манган, никель, цагаан алт, Зимбабве лити, Уганда вольфрам, цагаан тугалгын нөөцтэй. Эндээс Африк тивийн орнуудад критикал минералын хувьд ямар боломжтой нь тодорхой харагдаж байна. Харин манай улсын хувьд ингэж тодорхойлохын тулд нөөцийг тогтоох ажил нэн тулгамдаж байна. Үүний тулд гурван талт уулзалтыг цаашид шат ахиулан хийх, БНСУ-тай хамтарсан судалгааны төв байгуулах ажлыг нэн даруй ажил хэрэг болгох шаардлагатай байгаа.


Гуравдагч хөршүүдээс Монгол Улстай өмнө нь байгуулж байсан
критикал минералтай холбогдох яриа хэлэлцээр, саналууд

2010 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САР

• Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Засгийн газрын урилгаар 15-19-ний өдрүүдэд айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орон “Стратегийн түншлэл” байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд Монголын тал нүүрс, зэс, уран, ховор металл, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгаа ашиглахдаа технологи, туршлага бүхий Япон Улстай хамтран ажиллахаа илэрхийлж, ашигт малтмалын төсөл хөтөлбөрүүдэд Японы хувийн хэвшлийнхний оролцоог идэвхтэй дэмжихээ илэрхийлсэн. Японы тал Монголын байр суурийг хүлээн авч, Монгол Улс эрдэс баялаг, ашигт малтмалын хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй болгох зэргээр тодорхой арга хэмжээ авна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

2011 ОНЫ АРАВДУГААР САР

• Монгол Улсад ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел айлчилж “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулав. Энэ нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан анхны стратегийн түншлэлийн хэлэлцээр. Уг хэлэлцээрийг ХБНГУ-ын Засгийн газар анх удаа Монгол Улсын Засгийн газартай байгуулсан юм.

2022 ОНЫ НАЙМДУГААР САР

• Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчлав. Айлчлалын хүрээнд Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахад БНСУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.

2022 ОНЫ АРАВДУГААР САР

• Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д Канцлер Олаф Шольцын урилгаар айлчилсан. Тус айлчлалаар Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон байна. Зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин, техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийн хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтов.

• Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мөн сард БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай уулзав. Уулзалтаар Ж.Ганбаатар сайд шинэ технологи нэвтрүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой “Газрын ховор металлын судалгааны төв” байгуулах чиглэлээр Солонгос улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн бол Элчин сайд Ли Ё Хун, БНСУ нь батарей үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд батарейн түүхий эд болох газрын ховор металлын чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САР, АРВАНХОЁРДУГААР САР

• Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан 23-25-ны өдөр Сөүл хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн Хоёрдугаар дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли До Хүн нар ахалж, хоёр улсын холбогдох албаны төлөөлөл оролцсон. Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж, “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах хамтарсан Ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.

• Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв. Айлчлалаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник, технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд хамтран ажиллах сонирхлоо Монголын тал нотлов.

2023 ОНЫ ХОЁРДУГААР САР 

• Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад 13-17-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улс ховор металлын нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ли Жун нар гарын үсэг зурсан. Санамж бичиг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулахаар шийдвэрлэлээ.

2023 ОНЫ ЗУРГААДУГААР САР

• Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан 26- нд боллоо. Хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн Хоёрдугаар дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли До Хүн ахалж оролцлоо. Хуралдаанаар “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэлбэр, хамрах хүрээ зэргийг тодорхойлж ажиллахаар болов. Солонгосын тал энэ оны есдүгээр сард тус төвийг байгуулах тухай санал гаргав. 

Майнинг Инсайт сэтгүүл №06 (019), Зургаадугаар сар 2023