Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах, санал авах, АМНАТ-ийн зохистой хувь хэмжээний талаарх судалгааны ээлжит нээлттэй хэлэлцүүлэг (2023.05.24) болсон. Хэлэлцүүлгийн эхэнд АМТХ-ийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав. Танилцуулгад өмнө хийсэн хэлэлцүүлэг (2023.04.05) буюу компаниудаас гаргасан саналууд тусгагдсан байна. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрөл шаардахгүй болжээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 70-120 дахин нэмэгдүүлсэн нь дотоодын хайгуулын компаниудыг үргээсэн шийдвэр болох талтайг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн. Ажлын хэсгээс олон улстай харьцуулахад дундаж байгаа, нэмсэн шалтгаан нь бодлогын хүрээнд хийгдсэн гэсэн тайлбар өгсөн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувьд судалгаатай саналыг хүлээж авна гэдгээ илэрхийлсэн юм.
Шинэчилсэн найруулгын төсөлд Хайгуулын тусгай зөвшөөрөл, Ашиглалтын тусгай зөвшөөрөл, Баяжуулалтын тусгай зөвшөөрөл, Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагаа, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой ямар өөрчлөлтүүд орсныг танилцуулъя.
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
• Одоогийн хуулиар эрлийг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хийдэг бол шинэчилсэн найруулгад хувийн хөрөнгөөр хийж болохоор зохицуулсан. Эрлийн ажлын үр дүнгээр хэтийн төлөв тогтоогдвол цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж олгохоор зохицуулсан.
• Нэг тусгай зөвшөөрөл олгох талбайн хэмжээ 13,900 нэгж талбар буюу 100 мянган га-гаас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан. (Одоогийн мөрдөж байгаа АМТХ-нд тусгай зөвшөөрлийн талбайн дээд хэмжээ 150 мянган га байгаа)
• Хайгуулын ТЗ-ийг “өргөдөл, сонгон шалгаруулалт” гэсэн 2 төрлөөр, ашиглалтын ТЗийг “сонгон шалгаруулалт”-аар олгоно. Ингэхдээ геологийн суурь судалгаа хийгдсэн талбайд сонгон шалгаруулалтаар, бусад талбайд өргөдлөөр олгоно.
• Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Өнөрнасан га тутамд үйл ажиллагаа явуулж буй жилээс шалтгаалан 6,500 төгрөг, 13,000 төгрөг, 52,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. (Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 70-120 дахин нэмэгдүүлсэн)
• Өргөдлөөр олгож байгаа талбайд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэхээс гадна тусгай зөвшөөрлийн төлбөр өндөр байна.
АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
• Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь дараах шаардлагыг хангасан байна:
∙Нэгж талбайн дагуу тодорхойлогдсон байх; ∙Ашиглалтын үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүй хэмжээтэй байх; ∙Батлагдсан нөөцтэй байх;
∙Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан орон нутгаас газар олгохыг хориглоно.
• Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна: ∙Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан–техник, эдийн засгийн үндэслэл;
∙Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ; ∙Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө;
∙Уурхайн хаалтын үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх эхний жилийн баталгаа.
• Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь гектар тутамд жил бүр 104 мянган төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд гектар тутамд 14,500 төгрөг байна.
• Тусгай зөвшөөрлийн талбайд газрын төлбөр төлөхгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна газар ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан төлбөрийг төлнө. (Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн аль алинд нь хамаатай)
• Ашиглалтын тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
∙Энэ хуулийн 9.1-д (Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу олгоно) заасан шаардлага хангахгүй болсон;
∙Тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах, шилжүүлэхэд хуурамч бичиг бүрдүүлсэн нь шүүхээр тогтоогдсон;
∙Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй;
∙Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардлын нөхөн төлбөр, алдангийн гэрээнд заасны дагуу төлөөгүй;
∙Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуульд заасан хугацаанд төлөөгүй; ∙Хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон;
∙Энэ хуулийн 20.6-д (Сонгон шалгаруулалтын журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан хуулийн этгээд энэ хуулийн 20.2-т заасан баримт бичгийг тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш нэг жилийн дотор ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ) заасан баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.
• Ашиглалтын тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэлтэй уялдуулан 10-20 жилийн хугацаагаар олгоно. Тусгай зөвшөөрлийн хугацааг ордын нөөцөд үндэслэн 10 жилээр хоёр удаа сунгаж болно.
∙Геологи, маркшейдер, ашиглалт, баяжуулалт, ХАБ-ын ажилтантай байх;
∙Шимт хөрс, бага агуулгатай хүдэр, бусад ашигт малтмалыг холихгүйгээр овоолго үүсгэх; ∙Борлуулалттай холбоотой тээвэрлэлтийг эрх бүхий этгээдийн баталсан маршрутын дагуу гүйцэтгэх;
∙Нөөцийн хэмжээ 20-иос дээш хувиар өөрчлөгдвөл мэдэгдэх;
∙Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй баяжуулах үйл ажиллагаа эрхлэгч нь баяжуулах үйл ажиллагааны шаардлага, эрх үүргийг нэгэн адил хэрэгжүүлэх.
БАЯЖУУЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
• Баяжуулалтын үйл ажиллагааг баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 26.1- д (Баяжуулалтын үйл ажиллагааг баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ) заасан баяжуулалтын тусгай зөвшөөрөл шаардахгүй.
• Ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүсэх үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана.
• Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно.
• Баяжуулалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч нь энэ хуулийн 9.1-д (Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу олгоно) зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
∙Технологийн, хагас үйлдвэрлэлийн туршилтыг холбогдох стандарт, арга аргачлалын дагуу хийлгэсэн байх;
∙Газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байх; ∙Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны түүхий эдийн нөөцийг шийдвэрлэсэн байх;
∙Үүсмэл орд ашиглагч нь нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх;
∙Баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төслийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан байх;
∙Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулсан байх;
∙Баяжуулах үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөг батлуулсан байх.
УУРХАЙ, ҮЙЛДВЭРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
• Техник-эдийн засгийн үндэслэлд заасны дагуу уурхайн олборлолт болон баяжуулалтын үйл ажиллагааг дахин сэргээхгүй байдлаар хаах төлөвлөгөөт хаалт;
• Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон эсхүл ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дампуурсны улмаас техник, эдийн засгийн үндэслэлд заасан хугацаанаас өмнө ашигт малтмал олборлох болон баяжуулах үйл ажиллагааг сэргээхгүй байдлаар хаах гэнэтийн хаалт;
• Зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн, ашиглалтын явцад хайгуулаар тогтоогдсон нөөц батлагдаагүй уул-техникийн, гидрогеологийн нөхцөл хүндэрсэн, технологийн шинэчлэл хийх нөхцөл, шаардлага үүссэн тохиолдолд ашигт малтмал олборлох болон баяжуулах үйл ажиллагааг дахин сэргээх боломжтой байдлаар хаах түр хаалт;
• Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө буюу хайгуулын ажлын үр дүнгийн тайлантехник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үндэслэн уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө;
• Баяжуулалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үндэслэн баяжуулах үйлдвэрийн хаалтын урьдчилсан төлөвлөгөө;
• Ашиглалллллт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаалтын урьдчилсан төлөвлөгөөг уурхайн олборлолтын болон баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш 5 жил тутам нарийвчлан тодотгоно;
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР
• АМНАТ төлөгчийн хувьд одоогийн хуультай ижил зохицуулалттай.
• АМНАТ ногдох орлогыг дараах зарчмаар тооцно:
∙Монголбанкны зарласан үнэт металлын АМНАТ ногдох орлогыг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшийг үндэслэн;
∙Зэс, цайр, цагаан тугалга, хар тугалга, молибден, гянтболдын АМНАТ ногдох орлогыг олон улсын зах зээлийн үнэ тогтоодог Лондонгийн металлын биржийн зарласан тухайн сарын дунджийг үндэслэн;
∙Дээрхээс бусад экспортод гаргасан ашигт малтмалын АМНАТ ногдох орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын биржээс Монгол Улсын хил хүргэх нөхцөлөөр зарласан тухайн сарын дунджийг үндэслэн;
∙Уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын биржээс экспортод гаргасан тухайн металл ашигт малтмал болон металл бус ашигт малтмалын зах зээлийн үнэ зарлаагүй тохиолдолд олон улсын зах зээлийн тухайн сарын дундаж үнийг үндэслэн;
∙Дотоодод борлуулсан эсхүл өөрөө ашигласан ашигт АМНАТ ногдох орлогыг дотоодын зах зээлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн тухайн ашигт малтмалын борлуулалтын гэрээний үнийг тус тус үндэслэнэ.
• АМНАТ-ийг суурь болон шатлан нэмэгдүүлэх төрөлтэй байхаар зохицуулсан.
∙Суурь АМНАТ-ийн хэмжээ нь одоогийн хуультай ижил;
∙Шатлан нэмэгдүүлэх АМНАТ-ийг суурь АМНАТ ногдох үнийн түвшингээс давсан хэсэгт ногдуулах байдлаар зохицуулж байгаа.
• Хайгуулын ажлын хүрээнд туршилтын журмаар олборлосон, хагас үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн туршилтын зорилгоор олборлосон ашигт малтмалд АМНАТ-ийг энэ хуульд заасны дагуу төлж, тайлагнана.
• Тогтворжуулах гэрчилгээтэй бол гэрчилгээнд заасан хувь хэмжээгээр ногдуулна. Мөн орон нутгийн харилцаа, олон нийтийн оролцоотой холбоотой дараах өөрчлөлтүүд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаад байна.
ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА / ХАЙГУУЛЫН ТҮВШИНД
• Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж болно.
• Орон нутагтай хамтран ажиллах гэрээнд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.
• Сум, дүүргийн Засаг дарга нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын талаар тухайн сум, дүүргийн иргэд, дээд шатны Засаг даргад мэдээлнэ. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын үед гэрээ хийгдэхгүй.
ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА /АШИГЛАЛТ, БАЯЖУУЛАЛТЫН ТҮВШИНД
• Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулахдаа орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулна.
• Орон нутагт геологи, уул уурхайн салбарын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах, хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан орон нутаг дахь нэгж хэрэгжүүлэхээр зохицуулалт нэмж, уг нэгж нь ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд харьяалагдахаар заасан.
• Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга баталгаажуулна.
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
• Тухайн орон нутагт олгогдсон хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны хууль тогтоомжид заасан журмын дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй байх ба тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, олон нийт мэдээлэл олж авах нөхцөлөөр хангадсан байна.
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орон нутагтай хамтран ажиллах гэрээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж ажиллана.
Майнинг Инсайт сэтгүүл №05 (018), Тавдугаар сар 2023
1 Сэтгэгдэл