АХБ: Монгол Улсын ДНБ-ий өсөлтөд БНХАУ-ын түүхий эдийн эрэлтийн бууралт эрсдэл дагуулна

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2023.09.20) Азийн Хөгжлийн Банк "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангийн есдүгээр сарын шинэчилсэн дугаарыг танилцууллаа. 

Азийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт цар тахлын өмнөх үедээ эргэн очиж байна. Тухайлбал, хөгжиж буй Азийн орнууд (БНХАУ-ыг хассан)-ын ДНБ цар тахлын өмнө 5.9 хувийн өсөлттэй байсан бол цар тахлын үеэр 3.6 хувь болсон. 2023-2024 онд 4.7 хувьтай байх төлөвтэй. Харин БНХАУ-ын хувьд өнгөрсөн жил 3 хувийн өсөлттэй байсан. Энэ оны есдүгээр сарын байдлаар 4.9 хувьтай, ирэх жил бага зэргийн буурч 4.5 хувьтай байхаар төсөөлжээ. ДНБ-ий өсөлт АНУ, Евро бүс, Японд энэ жилийн есдүгээр сарын байдлаар 0.7-1.9 хувийн өсөлттэй байх бол инфляц 2.9-5.7 хувьтай. Харин 2024 онд ДНБ-ий өсөлт, инфляц аль аль нь буурна гэж тооцоолжээ.

Монгол Улсын хувьд ДНБ-ий өсөлт энэ жил 5.7 хувьтай, ирэх жил 5.9 хувьтай. Харин инфляц 9.5 хувь, ирэх жил 8.6 хувьтай байхаар таамаглаж байна. Эдийн засгийн хүртээмжтэй байдлыг хангахын тулд ажиллагчдын өсөлтийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг ахиулах гэж үзжээ. Монгол Улсын ажиллагчдын түвшин 2009 онд -3.4 хувь, 2019 онд -8.5 хувь болж хамгийн бага түвшинд очжээ. Харин энэ оны хоёрдугаар хагаст -0.4 хувь байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ унах, худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврууд, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал ба удаашрал, хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах зэрэг болно.