Э.ОД
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн эрчим хүчний цэвэр эх үүсвэр, тэр дундаа цөмийн эрчим хүч рүү шилжих хөдөлгөөнийг хурдасгаж байна. Улмаар дэлхийн зах зээл дээр ураны үнэ 50 гаруй хувийн өсөлттэй энэ оныг өндөрлөх магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж буй. Энэ оны эцэс гэхэд арванхоёрдугаар сард ураны үнэ 75-80 ам.доллар хүрч өсөх төлөвтэй. Өнөөгийн байдлаар уран 66.25 ам.долларын үнэтэй байгаа нь Японы Фукушима АЦС-ын осол аваараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. 2007 онд дэлхийн зах зээл дээр ураны үнэ 140 ам.долларт хүрч тэмдэглэгдсэн.
Дэлхий дахинд нүүрсхүчлийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж чадах томоохон эх үүсвэрийг олох хүртэл ойрын 10-20 жилд цөмийн эрчим хүчний гол түүхий эд ураны үнэ өссөөр байх болно хэмээн SP Angel-ийн шинжээч Жон Мейер ярьжээ. Энэ онд дэлхий даяар ажиллаж буй цөмийн эрчим хүчний реакторуудад нийт 65 650 тонн уран хэрэгцээтэй гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл Дэлхийн цөмийн ассоциацийн (WNA)таамаглалаар, дэлхийн ураны хэрэгцээ 2023 онд 28 хувиар нэмэгдэх бол 2040 он гэхэд 130 мянган тоннд хүрэх аж.
Одоо дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний 448 реактор ажиллаж байна. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийн бүрдүүлж буй. Хэдийгээр зарим улс цэвэр эх үүсвэр болгон цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа ч 1990-ээд оны дэлхийн оргил үеэс хойш цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл удааширч байгаа аж.
Дэлхийн цөмийн нийт эрчим хүчний 91 гаруй хувийг ердөө 15 улс үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ын “цэвэр” эрчим хүчний 50 гаруй хувийг цөмийн реактороор хангадаг. 2020 оны үзүүлэлтээр тус улсад ажиллаж байгаа цөмийн эрчим хүчний 96 реакторын 88 нь ашиглалтын хугацааг 20 жилээр сунгах зөвшөөрөл авсан.
Дэлхийн цөмийн эрчим хүчний хоёр дахь том үйлдвэрлэгч орон Хятад уур амьсгалын зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчинд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. 2035 он гэхэд шинээр 150 реактор барихаар төлөвлөж, үүнд 440 тэрбум ам.доллар зарцуулах тооцоололтой. Харин Европын орнуудын цөмийн эрчим хүчний талаарх байр суурь харилцан адилгүй байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгч 15 улсын наймдугаарт жагссан Герман улс цөмийн эрчим хүчээ зогсоохын тулд 2022 онд хамгийн сүүлийн реакторыг хаасан бол Франц улс цөмийн эрчим хүчний чадамжаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.