С.БОЛД-ЭРДЭНЭ
Монголын уул уурхайн салбар гэлтгүй эдийн засагт урьд хожид тохиож байгаагүй үзэгдэл үргэлжилсээр байна. Уул уурхайн салбарын экспортын орлого, төвлөрүүлсэн татварын орлого түүхэн өндөр дүнгээ ахиулсаар байна. Монгол Улсын эхний 7 сарын нийт экспорт 8.7 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн дүн. Үүний 7.5 тэрбум ам.доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт юм. Бүр 58 хувийг нүүрс бүрдүүлж байна. Нүүрсний экспорт өсөлтөө ахиулсаар түүхэн дээд цэгтээ хүрлээ.
Энэ оны эхний долоон сард нүүрсний экспорт 5 тэрбум 38 сая ам.доллар болсон байна. Нийт 35.4 сая тонн нүүрс экспортолж, нэг тонныг нь дунджаар 142 ам.доллараар борлуулжээ. Энэ нь Монгол Улсын нийт импортоос давсан дүн юм. Бид шатахуун түлш, хүнс, автомашин болон олон төрлийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ ам.доллараар импортолж худалдан авдаг. Үүнийг гадаад худалдааны тэнцэл хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна гадаадад аялах, эмчлүүлэх, суралцах болон тээвэр, судалгаа гэх мэт олон төрлийн үйлчилгээний хөлсийг ам.доллараар төлдөг. Энэ бүх ам.долларыг нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж олдог. Өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны уг баланс ихэвчлэн ашигтай гардаг ч гадагшаа төлдөг бусад төлбөрийг тооцохоор төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч ирсэн байдаг.
2022 онд төлбөрийн тэнцэл 320 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний 7 сард 153 сая ам.долларын ашигтай гарсан байна. Өөрөөр хэлбэл бид гадаадаас олдог ам.долларын хэмжээ гадаадад төлдөг ам.долларын хэмжээнээс илүү гарсан гэсэн үг. Гадаад худалдааны тэнцэл 3.7 тэрбум ам.долларын ашигтай гарахад нүүрс хамгийн том нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын орлого 2 тэрбум орчим ам.доллараар өсөж, 5 тэрбум 38 сая доллар болсон. Зөвхөн нүүрснээс олсон уг валютаар өнгөрсөн 7 сарын нийт импортын төлбөрийг төлсөн гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, 5 тэрбум 38 сая долларын нүүрс зарж, 5 тэрбум 24 сая долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Нэг тэрбум ам.долларын шатахуун түлш, 630 сая ам.долларын суудлын болон ачааны автомашин, 360 сая ам.долларын хүнсний импорт бүгд багтаж байгаа.
Нүүрсний экспорт ийнхүү цойлж, Монгол Улсын гадаадаас худалдан авч буй бүх бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж байна гэхэд болно. Нүүрс зөвхөн машин, хүнс, шатахууны төлбөрийг “даагаад” зогссонгүй. Нүүрснээс улсад төлдөг татварын хэмжээ 2 их наяд 44 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ онд нүүрснээс нийт 1.7 их наяд төгрөгийн татварын орлого хураана хэмээн Сангийн яам тооцоолсонтой харьцуулахад ердөө эхний хагас жилд 300 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Нүүрснээс авах татварын орлого ийн огцом нэмэгдсэнээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, хотын түгжрэлд зарцуулах мөнгө гээд нийт 1.7 их наяд төгрөгийг нүүрс төлж байна гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд Хятадын зах зээл дээрх нүүрсний өндөр үнэ, эрэлтийг даган Монголын нүүрсний экспорт ихээхэн нэмэгдсэн. Зөвхөн биет хэмжээ нэмэгдээд зогсохгүй нүүрсний үнэ өндөр байгаа нь ч сайнаар нөлөөлж байна. Энэ онд нүүрсний салбар хамгийн өөдрөг байна. Нүүрс бүхнийг “Би төлье” гэсэн аятай өөдрөг байна.