Б.ЖАРГАЛМАА
2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувь бууруулж, 2050 он гэхэд тэг болгоно гэдэг асар том амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ ба дэлхий нийтийн өмнө өгч, үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд тэрбум мод тарих зорилтоо илэрхийлсэн. Гэхдээ илүү далайцтай өөрчлөлт хийх салбар нь эрчим хүч билээ. Учир нь энэ салбар Монгол Улсын нийт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Цахилгаан, дулаан хангамжаа нүүрсээр шийдэж байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл, нүүрснээсээ салахгүйгээр НҮБ-ын өмнө өгсөн амлалтыг биелүүлэх боломжгүй. Харин үүний тулд нүүрстөрөгчийн зээлийн зах зээлд шилжиж, бирж байгуулж, бууруулж буй CO2-ын хэмжээгээ стандартын дагуу тооцуулж чадвал долларын санхүүжилтийг тэрбум тэрбумаар нь татах боломж байгааг Energy International компанийн захирал Б.Бадрал "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023" (2023.10.28-29)-ын "Сургамж ба боломж" панел хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Зөвхөн Япон улсын зах зээлээс Хамтарсан кредит олгох механизм байсан бол 2022 онд болсон Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр л Эрчим хүчний шилжилтийн төлөөх Индонезийн шинэ түншлэл санаачилга гаргаснаар эрчим хүчний ногоон шилжилтийг хурдасгахад зориулж ойрын 3-5 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларыг зарцуулах болсон билээ.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо (MRIA)-ноос санаачлан, Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID)-ийн Эрчим хүчний засаглалын хөтөлбөр болон Монгол Улс дахь Их Британийн ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023"-т дотоод, гадаадын олон улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөөллүүд оролцож, санал бодлоо илэрхийлэн төслөө танилцуулсан юм.
Чуулганы хоёр дахь өдрийн эхэнд болсон "Сургамж ба боломж" хэлэлцүүлэгт оролцсон Jiangsu Zhongtian Technology(ZTT) компанийн Инженерчлэл, худалдан авалт, барилга болон интеграцын шийдлийн төвийн захирал Руан Чилин Монгол Улсад ажиллахад тулгарч байгаа зарим бэрхшээлийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Манай эрчим хүчний салбарын эрх зүйн бичиг баримт, дүрэм журам монгол хэл дээр учраас орчуулахад цаг хугацаа зарцуулснаас гадна цаг агаарын байдал хүндрэлтэй байсныг тэрбээр дурдсан юм. Тус компани 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий лити-ион батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг Монгол Улсад суурилуулах төслийг хэрэгжүүлж байгаа.
Манай улс үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ шөнийн илүүдлийг ОХУ-руу үнэгүй урсгадаг бол өвлийн оргил ачааллын үед нийт хэрэглээнийхээ 20 хувийг тус улсаас импортолдог. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхөд том хувь нэмэр оруулах шинэ эрчим хүч нь дээврийн буюу нарны тархмал эх үүсвэл болохыг Эрчим инженеринг компанийн захирал М.Батболд онцолсон юм. Гэвч манай эрх зүйн орчин тээг болж байгааг тэрбээр учирлав. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас гаргасан, Төвийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр буюу айл өрх, албан байгууллага хэрэгцээгээ хангахаас гадна эрчим хүчний сүлжээ рүү нийлүүлэх журам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан Тарифын талаарх тушаалд зааснаар тархмал эх үүсвэрийг ашиглаж байгаа хэрэглэгч сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифаас чөлөөлөгддөг заалтад хамаардаггүй байна. Том чадалтай, нар, салхины эх үүсвэрийг дэмжиж байгаа тариф гэдгээрээ иргэдээс суутгаад авч байгаа атлаа дээвэр дээрээ адилхан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа иргэд дэмжих тариф төлөх нь логикийн зөрчилтэй гэдгийг тэрбээр хэлсэн юм. Мөн “Шөнө Орос руу эрчим хүчээ үнэгүй өгч байгаа үед дээврээс төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан нийлүүлбэл 0, эсвэл бүр хасах тарифтай байх боломжтой. Тэгвэл тархмал эх үүсвэр технологийн талаар ч, горимын талаар ч маш өгөөжтэй. Төрөөс санхүүжилт огт хэрэггүй. Айлууд өөрсдөө санхүүжүүлээд, эх үүсвэрээ шийдээд, өөрсдөө хэрэглэнэ. Төрийн зүгээс зөвхөн түр журамтай, уян хатан тарифтай бол иргэд өөрсдөө асуудлаа шийдээд явчихна. Тиймээс бодлогоо гаргах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эрчим инженеринг компанийн захирал М.Батболдын гаргаж тавьсан бас нэг чухал санал нь хөрөнгө оруулалтыг боомилсон тогтолцоо байв. Эрчим хүчний эх үүсвэрийг солонгоруулах төсөл хэрэгжүүлэхээр болоход зургаан төрлийн зөвшөөрөл авдаг байна. ТЭЗҮ батлуулж, техникийн нөхцөлөө авахад нэг жилийн хугацаа зарцуулна. Үүний дараа тусгай зөвшөөрөл, худалдан авалтын гэрээ, зургийн даалгавар, хөрөнгө оруулалтын гэрээ, барилга эхлэх зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ зургаан зөвшөөрлийг авах явцад Эрчим хүчний сайдын дэмжих бичгийг 4-5 удаа авах ёстой болдог ба зарим зөвшөөрлийг хүлээх хооронд эхний зөвшөөрлийн хугацаа дуусдаг маш том хүнд суртал нь эргээд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг боомилж, хүүгийн зардлыг нэмэгдүүлдэг болохыг салбарынхан хэлж байна.
Үүнээс гадна хүний нөөцийн асуудлыг сүүлийн жилд орхигдуулсныг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний төслийн зохицуулагч С.Цэцгээ хөндсөн. Түүнчлэн эрчим хүчний салбарт хувийн хэвшил хүчтэй орж ирсэн ч одоо болтол энэ салбарт 2007 оны хууль үйлчилж байгаа нь салбарыг чухалчлахгүй байгаагийн нэг илрэл болохыг тэрбээр хэлээд “Эхлээд бодлогоо тодорхойлоод дараа нь хуулиа гаргаж, технологио бодолцох учиртай. Эрчим хүчний салбарт Тинк Танк огт байхгүй. Төр уян хатан биш байна” гэдгийг хэлээд боломж маш их байгааг тодотгосон.
Эрчим хүчний салбарт олон биш, нэг том хуулийн зохицуулалттай болчихвол эрчим хүчний хөрөнгө оруулалтын асар боломж гадаад зах зээлд байгааг Energy International компанийн захирал Б.Бадрал дахин дахин онцолж байв. Ялангуяа, хамгийн их хүлэмжийн хий үйлдвэрлэж байгаа энэ салбарын хүрээнд Carbon credit буюу нүүрстөрөгчийн бирж байгуулбал бага чадлын эх үүсвэрийн хөрөнгө оруулалт манайх руу урсаж, нөгөө талдаа эрчим хүчний хэмнэлтийн соёл бий болно гэж үзэж байна.
Эрчим хүчний салбарыг халамжийн хэрэгсэл биш, зах зээлийн зарчмаар нь явуулах шаардлага
Эрчим хүчний салбарт тарифыг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай ч төр үүнд гар дүрж, халамжийн хэрэгсэл болгож байгааг салбарынхан шүүмжилж байна.
Алдагдал нь 190 тэрбум төгрөг даваад байгаа тус салбарт үнийг бодит үнэлгээнд нь хүргэж өсгөх зайлшгүй шаардлага үүсээд удаж буй. Гэвч МҮОНТВ-ээс иргэдийн дунд явуулсан судалгаагаар зөвхөн 14 хувь нь л цахилгааны үнэ тарифыг нэмэхийг хүлээн зөвшөөрч байгаа бол үлдсэн 86 хувь нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэгвэл иргэдээс ингэж үнийн талаар санал асуувал эрчим хүчний салбар хэзээ ч өндийхгүй гэдгийг "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023"-ны "Хувийн хэвшлийн оролцоо" хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний зөвлөх инженер С.Төмөрхүү хэлсэн юм. Нөгөө талд, иргэдийн хүсдэг гол зүйл нь чанартай, найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах. Гэтэл манай улсад эрчим хүчний хэмнэлтийн бодлого явахгүй, сэргээгдэх эрчим хүчний салбар хөрөнгө оруулалтаа нөхөхгүй байгааг тэрбээр шүүмжилсэн. Энэ байдлаас аврах гарц нь төр. Гэвч Засгийн газрын үйл ажиллагаа тогтворгүй, харьяа газрууд нь холбогдох зөвшөөрлөө өгөхгүй компаниудын хүсэлтийг 4-5 жил дардаг зэрэг хүнд суртал үйлчилсээр байгаа учраас эрчим хүчний салбар боломжуудаа алдсаар байна. Тийм ч учраас "Төрийн үйл ажиллагаа сайн байх албагүй. Бодлого нь муу ч тогтвортой байвал бизнесийнхэнд чухал" гээд аж үйлдвэрийн салбараас либералчлагдаагүй ганцаараа үлдсэн эрчим хүчний салбарыг төрийн оролцооноос салгаж байж зах зээлийн зарчмаараа явна гэдэг байр суурийг илэрхийлэв.
Эрчим хүчний, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн гол ачааг үүрч буй. Нийт нарны зургаа, салхины гурван станцыг хувийн хэвшлийнхэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, хувийн сектор суурилагдсан эрчим хүчний 18 хувийг бүрдүүлж байгаа ч үйлдвэрлэлийн 9 хувийг хангаж байгааг Монголын Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, зөвлөх инженер Ж.Осгонбаатар хэлээд "Ийм учраас эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтэд хувийн секторын оролцоог нэмэгдүүлж, төрийнхийг бууруулах хэрэгтэй. Төр бол зохицуулах операторын үүргээр орох ёстой. Ингэвэл зах зээлийн зарчмаараа явна" гэдгийг онцолсон юм. Түүнчлэн төрийн өмч дээр бүтэц, зохион байгуулалтаа өөрлөх шаардлагатайгаас гадна хууль эрх зүй, тогтвортой байдлыг анхаарч байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хэлэв.
Мөн тогтвортой хөгжлийн тайланг олон улсын стандартад хангуулах нь эрчим хүчний салбарт чухал нөлөөтэй болохыг оролцогчдын цөөнгүй нь дурдаж байсан юм.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо(MRIA)-оос санаачлан, Эрчим Хүчний Яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID)-ийн Эрчим хүчний засаглалын хөтөлбөр болон Монгол Улс дахь Их Британийн ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023" хоёр өдөр үргэлжилж, дотоод болон олон улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөөллүүд оролцон, санал бодлоо илэрхийлэв.