Финландын нутгаас ГХЭ-ийн төрлийн 2 шинэ эрдсийг илрүүлжээ

Э.ОД

Финландын улсын нутгаас газрын ховор элементийн төрлийн хоёр эрдсийг шинээр илрүүлсэн байна. Энэхүү kukharenkoite болон cordylite хэмээх эрдэс нь урд өмнө Скандинавын нутагт тогтоогдож байгаагүй бол тус улсын Finnish Minerals компанийн эзэмшлийн Sokli ордоос илэрснийг даваа гаригт мэдээлжээ.

“Өвөрмөц ашигт малтмалын ордод илрүүлсэн энэ үр дүн нь Европын чухал металлын нөөцийг бүрдүүлэх зорилгод ойртох нэгэн алхам” хэмээн Төслийн захирал Паси Хэйно ярьжээ. Тэрээр "Барууны орнуудад ГХЭ-той холбоотой бизнесийн боломжууд нэмэгдэж байгаа бөгөөд соронзон үйлдвэрлэл нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах гол арга замуудын нэг " гэдгийн онцолсон байна. Хүдэр боловсруулалт, минералогийн шинж чанар, туршилтын ажил энэ жилээс эхэлж 2024 онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Sokli нь ГХЭ-ийн карбонатитын нөөцөөрөө дэлхийн хамгийн том ордод тооцогддог. Европын соронз үйлдвэрлэлд жил бүр шаардагдагдах ГХЭ-ийн 10-аас доошгүй хувийг үйлдвэрлэж чадна хэмээн Финландын төрийн уул уурхайн компани мэдээлжээ.
Kukharenkoite нь барий, церий, фторын карбонатын концентратаас бүрдэх элемент бөгөөд Австралийн Квебек муж болон Оросын Мурманск мужаас олдсон дээжээс тодорхойлогджээ. Тухайн элементийг Оросын эрдэс судлаач А.А.Кухаренкогийн нэрээр нэрлэсэн байна. 
Сordylite нь церий, лантан, барий, фтороос бүрдэх эрдэс ба олон талст хэлбэртэй учир Грекийн талст гэсэн үгнээс нэршил нь бүтжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, тус элементийн нөөцөөр дэлхийд баялаг ордуудын нэг бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт орших Баян-Овоо аж.