Нью-Йоркийн түүхий эдийн биржийн (NYMEX) даваа гаригийн арилжаагаар ураны үнэ 80.25 ам.долларт хүрчээ. Шар нунтгийн ханшийн энэхүү өсөлт нь сүүлийн 15 жилд анх удаа тохиож байна. Японы Фүкүшима АЦС-ын ослоос хойш улс орнууд цөмийн эрчим хүчний хэрэглээгээ бууруулснаас хойш ийнхүү ураны үнэ огцом өсөж буй. Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтээр зарим орнууд цөмийн эрчим хүчийг нүүрстөрөгч багатай эх үүсвэр бөгөөд чулуужсан түлшний хэрэглээг төрөлжүүлэх боломжтой гэж үзэж байна. Улмаар дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний эрэлт сэргэж, нийлүүлэлт тасалдсанаас үүдэн ураны үнэ нэмэгдсэн гэдгийг зах зээлийн шинжээчид тайлбарлаж байна.
Дэлхийн ураны олборлолтын 3/2-ийг Казахстан, Канад, Австралид ногддог. Сүүлийн үед ураны зарим үйлдвэрлэл тасалдалтай тулгарч байна. Cameco корпорац Канадын үйлдвэрүүдийнхээ асуудлаас болж үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулсан бол саяхан Нигерт болсон төрийн эргэлт Европын АЦС-уудын хангамжийг тасалдуулжээ. Украинд дайн өрнөснөөс хойш Оросын "Росатом" корпорацийн үйлдвэрлэлээс хэрэглэгчид хараат байхаас сэргийлж байна.
Зах зээл дээр ураны үнэ өндөр байгаа нь үйлдвэрлэл сэргээхэд түлхэц болно гэж Sprott Asset Management-ийн тайланд дурджээ. Энэ сард Австралийн Boss Energy компани нь арав гаруй жилийн өмнө яригдаж байсан төслөө эхлүүлэхээ мэдэгдсэн байна.
2007 онд дэлхийн зах зээл дээр ураны үнэ 140 ам.долларт хүрч тэмдэглэгдсэн. Дэлхийн цөмийн ассоциацийн (WNA)таамаглалаар, дэлхийн ураны хэрэгцээ 2023 онд 28 хувиар нэмэгдэх бол 2040 он гэхэд 130 мянган тоннд хүрнэ. Одоо дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний 448 реактор ажиллаж байна. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийн бүрдүүлж буй. Хэдийгээр зарим улс цэвэр эх үүсвэр болгон цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа ч 1990-ээд оны дэлхийн оргил үеэс хойш цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл удааширч байгаа аж.