Чили улс литийн судалгаанд 7 сая ам.долларын хөрөнгө оруулна

Э.ОД

Чилийн Засгийн газар литийн судалгааны 10 төсөлд гурван жилийн хугацаанд 7 сая долларын хөрөнгө оруулах талаар мэдэгджээ. Литийн судалгааны энэхүү хөтөлбөрт оролцох өргөдлийг хүлээн авч эхэлсэн байна. Санхүүжилтийг 2024 оны дундуур олгох төлөвтэй. Литийн давсны уусмал олборлох шинэ аргууд, тус металлын нэмүү өртгийн сүлжээнд дахин ашиглах боломж, байгаль орчин дахь литийн олборлолтын нөлөө зэрэг судалгааны сэдвүүд багтана гэдгийг Чилийн Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Дөрөвдүгээр сард тус улс литийн ирээдүйн төслүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих үндэсний шинэ стратегийг зарласан. Чили нь дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч, литийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тухайн металлууд хоёулаа дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилт чухал түүхий эдээр тооцогдож байна.

Тус улсын литийн нийт нөөц баялаг 14.3 сая тонноор хэмжигддэг бөгөөд Салар де Атакама нь литийн хамгийн том бүс нутагт тооцогддог. Нөөцийн ихэнх хэсэг нь Атакамагийн хуурай бүсэд төвлөрөн оршдог тул литийн олборлолт нь усны нөөц, орон нутгийн биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийн талаар уугуул иргэд болон байгаль орчны байгууллагууд санаа зовж буй аж.

Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борикийн засаг захиргаа Атакамагаас бүс нутгаас цааш литийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, олборлолтыг боловсронгуй болгохыг зорьж байна. Байгаль орчны сайд Майса Рохас "Литийн талаарх бидэнд мэдлэг бага тул экосистемийн ойлголтод хувь нэмэр оруулах зорилгоор судалгааны энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн ярьжээ.

Тус улсын судалгааны мэдээллээр, дэлхийн литийн эрэлт 2030 он гэхэд дөрөв дахин нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ. Харин нийлүүлэлт 1.5 сая тонн байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хомсдол үүсэж болзошгүй. Өнгөрсөн онд Чили 6.9 сая ам.долларын лити экспортолсон нь 2021 оныхоос 777 хувиар өссөн гэж тус улсын Төв банкнаас мэдээлжээ.