1.5 тэрбум ам.долларын үйлдвэр ба түүхий эдийн ойлгомжгүй байдал

Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn

Монгол Улс анх удаа газрын тосны түүхий эдээ олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн болгож, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэр байгуулж байна. Газрын тосыг боловсруулахтай хамт нефть-химийн бүтээгдэхүүний үйлдвэрийн суурь тавигдана. Үйлдвэрийн дөрвөн шатны ажлын сүүлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гараад удаагүй байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) ТӨХХК болон БНЭУ, БНХАУ-ын компаниудын оролцоотойгоор үргэлжилж байгаа. Засгийн газрын тэргүүн үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.

ЭХНИЙ АЖИЛ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд босож буй үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн үе шаттай. Эхний шатны ажлыг 2023 онд багтааж Засгийн газарт хүлээлгэж өгөх бөгөөд EPC-2, EPC-3 багц ажлууд эхлээд явж байна. Үйлдвэрийн бүхий л шатны ажлууд зэрэг явагдах ёстой. Нэгийг дуусгаад дараагийнх руу орно гэсэн ойлголт байхгүй. Цогцолбор байдлаар хамт хийгдэнэ. Технологийн лицензтэй EPC-4 багцын 7 ажлаас гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэрийг эхний ээлжинд ирэх жилээс барьж эхлэх юм. Тус гурван ажлын 236 сая ам.долларын санхүүжилтийн хүсэлтийг есдүгээр сард Энэтхэгийн Экспорт-Импортын (Exim) банк руу хүргүүлэхээр шийдээд байна. Сүүлийн энэ багц ажлын гурван байгууламж онцгой чухал үүрэгтэй. Гидрокрекинг технологийн байгууламж нь дизель, онгоцны түлш түлхүү үйлдвэрлэх зориулалттай. Тус технологийн лицензийг АНУ-ын технологи хөгжүүлэлтийн 100 гаруй жилийн түүхтэй “Honeywell UOP” компаниас авахаар болоод байгаа. Харин хүхэр ялгах байгууламж нь олон төрлийн хүхэрт нэгдлээс хүхрийг дангаар ялгаж элементийн хүхэр үйлдвэрлэнэ. Хүхэр ялгалтын лицензийг газрын тосны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын “Axens” компани нийлүүлэхээр тендерт ялсан. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн явц нь устөрөгчтэй орчинд явагдана. Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг Италийн “Kinetics Technology” компанид хариуцуулна. “Kinetics Technology” нь 30 гаруй оронд салбартай бөгөөд салбарын томоохон төлөөлөгч юм.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Энэтхэгийн Засгийн газар зээлийн нөхцөлд уян хатан хандсаар ирсэн. Өнгөрөгч наймдугаар сард Энэтхэгийн “EXIM” банкны төлөөлөл ирж, үйлдвэрийн явцтай танилцсан. Мөн манай талаас тавьсан саналын дагуу эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулж, EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилтийг 7 жилээр сунгаад байна. Өөрөөр хэлбэл 2030 оноос эхлэн EPC-2, EPC-3 багц ажлын 789 сая ам.долларын зээлийг төлж эхэлнэ. Сүүлийн байдлаар дөрвөн багц ажлын санхүүжилт нийтдээ 1 тэрбум 534.8 сая ам.долларт хүрчээ. Энэтхэг Монголын ГТБҮ төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа нь зээлийн хэмжээнээс харагдана. Тус улс өнгөрсөн оны байдлаар хөрш таван орондоо 14 тэрбум ам.долларын 162 төсөл хэрэгжүүлж буй. Төсөл нэг бүр дунджаар 88 сая ам.доллар, түүнчлэн Африк тивд нэг төсөл 39 сая ам.долларын өртөгтэй байна.

УДААХ АЖИЛ

Үйлдвэрт шаардлагатай түүхий эдийг Дорнодоос дамжуулна. Гүйцэтгэгч компани “Norinco International Cooperation” түүхий эд дамжуулах хоолой барих ажлыг зургаадугаар сард эхлүүлсэн. Есдүгээр сарын эхээр нийт хоолойн 1/5-ийг гагнажээ. Одоогоор 110 км шугам хоолойг гагнаж холбосноос 71 км-т радиографын сорилыг хийсэн байна. Үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дамжуулах хоолойн ажил дуусах учиртай. Хүлээлгэж өгөх хугацааг 2025 он гэж БНХАУ-ын төрийн өмчит компани төлөвлөсөн. Гэхдээ энэ төлөвлөлт нь оффтейк гэрээний гүйцэтгэлийг манай талаас хэр хангаж чадахаас бас шалтгаална. Хоолойн санхүүжилтийн асуудалд МГТБҮ-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” нэгдэл голлох үүрэгтэй. Мөн оффтейк гэрээний шийдвэрийг гаргасан УУХҮЯ-ны оролцоо ч шаардлагатай. Хоолойн нарийвчилсан зураг төслийг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж байна. 1971 онд байгуулагдсан тус компани газрын тосны үйлдвэр, хими, хүхрийн технологи, эрчим хүч, ашигт малтмал, уул уурхайн төслийн туршлагатай. 46 улсад 25 мянган гаруй төсөл дээр ажиллаад байгаа компани юм.

СҮҮЛИЙН АЖИЛ, ТҮҮХИЙ ЭДИЙГ СУРАГЛАХ НЬ

Үйлдвэрт шаардлагатай газрын тосыг одоогоор гурван газраас нийлүүлэхээр төлөвлөж байгаа. БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тамсаг XXI, Тосон-Уул XIX талбайгаас олборлосон тосны 47.5 хувь, Зүүнбаянгийн ордоос олборлох тосны 5 хувийг нийлүүлэх концепцтой. Мөн МГТБҮ-ийн Давст XXXI талбайд хайгуул хийх юм. Хятадын дээрх хоёр компани бүтээгдэхүүнээ Хятад руу экспортолдог. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн хоёр талбай өнгөрсөн жил 339 мянган тонн газрын тос олборложээ. Өнгөрсөн жилийн олборлолттой харьцуулж үзэхэд Газрын тосны үйлдвэрийн 10 гаруй хувийг хангах дүр зураг харагдаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд 333 сая тонн газрын тосны нөөц бүртгэлтэй. Харин ашиглалтын баталгаат нөөц 43 сая тонн. Эдгээр нөөцийн 90 гаруй хувь нь Тамсаг XXI, Тосон-Уул XIX хоёрт хамаардаг. Иймээс эхний ээлжинд Давст XXXI хайгуулыг идэвхжүүлэх шаардлагатай байгаа. Мөн 2022 оны 11 дүгээр сараас нээлттэй тендер зарласан 15, үүнээс БХГ-ний шатанд яваа 5 талбайн хэлэлцээрийг урагшлуулаххэрэгтэй. Олон улсад газрын тосны ордыг ашиглахад 5-10 жилийн хугацаа шаарддаг.
Манай улсын хувьд олборлолт явуулж буй Тосон-Уул ордын гэрээг 1993 онд байгуулсан. Харин 1996 оноос газрын тос оргилж эхэлсэн нь тэмдэглэгджээ. Нөгөө талаар БХГ-тэй хоёр ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой юу. Хэрэв боломжтой бол эртнээс яриаг эхлүүлэх хэрэгтэй юм. Өнгөрсөн жил Тосон-Уулын ордод 491 цооног хоногт 1,050 тонн, нэг цооног дунджаар 2.1 тонн, Тамсагийн ордод 311 цооног хоногт 1,150 тонн, нэг цооног дунджаар 3.6 тонн газрын тос олборложээ. Гэхдээ сар бүр харилцан адилгүй. Тухайлбал, 2022 онд Тамсаг XXI наймдугаар сард 31.5 мянга орчим тонн олборлосон нь дээд хэмжээнд тооцогддог. Гэтэл дөрөвдүгээр сард олборлолт эрс багассан. Хэрэв хамгийн их олборлосон сараар жишиж үзвэл жилд 378 мянган тонн гаргаж болно. Ингэснээр Тамсагийн ашиглалтын баталгаат нөөц 53 жил болж байгаа юм. Харин Тосон-Уулын хувьд хамгийн өндөр сартай харьцуулбал жилд 333 мянган тонн. Тамсагтай ойролцоо ашиглалтын баталгаат нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тус хоёр ордын өнгөрсөн жил олборлосон хамгийн өндөр түвшнээр бол жилд 355 мянга орчим тонн газрын тосоор МГТБҮ-ийг хангах боломжтой аж. Гэвч хоёр ордод байгалиараа оргилох боломж нь буурсан гэж мэргэжилтнүүд хэлдэг. Монгол Улс газрын тос олборлож эхэлснээс хойш 1 сая тонноос дээш олборлолтыг 2014-2017 онд хийжээ. Эндээс боломж байгаа нь харагдана. Гэхдээ хуучнаа ашиглах уу, шинээр илрүүлэх үү, зэрэг ашиглах уу гэдэг тодорхойгүй тул элдэв эргэлзээ, таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Өрнөж буй үйл явдлаас харвал 2025 онд түүхий газрын тос дамжуулах хоолойн ажил, 2026 онд үйлдвэрийн гурван багц ажил дуусаж, EPC-4 эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос анхны бүтээгдэхүүн гарна гэсэн төсөөлөлтэй байна. Харин түүхий эдийн найдвартай байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуулт хариултаа хайсаар. Хойшлох тусмаа зээлтэй холбоотой төлбөр нэмэгдэх билээ.

Майнинг Инсайт сэтгүүл, №09 (022)