С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginsight.mn
Монгол Улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь орон нутгийн засаг захиргааны удирдлага болон иргэдийн эсэргүүцэл. Байгаль орчныг сүйтгэж байна, бэлчээр доройтож байна, усгүй болж байна хэмээн орон нутгийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаа, бүр геологи хайгуулын ажлыг хүртэл эсэргүүцэж, зогсоодог болсон. Зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагууд санаатайгаар уул уурхайн салбар Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь сүйтгэж байна, эх орноо хамгаалъя хэмээн орон нутгийн иргэдийг өдөөн турхирах нь ч бий. Тэгвэл бодит байдал дээр уул уурхайн үйл ажиллагаа маш бага газарт нутагт өрнөдөг, улс даяар тархсан зүйл байхгүй гэдгийг АМГТГ-аас “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр мэдээлсэн юм.
АШИГЛАЛТЫН 200 ГАРУЙ ЛИЦЕНЗ НӨӨЦГҮЙ, НӨӨЦ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.79 хувьд нь л ашигт малтмалын хайгуул, олборлолтын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл уурхай ажиллаж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбай болон хайгуул хийж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ нийлээд 1.15 сая га талбай болж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын ашиглалтын 1700 гаруй лиценз 1.85 сая га талбайг хамарч байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 1.2 орчим хувь байна. Үүнээс яг ашигт малтмалын олборлолт явуулж буй уурхайнуудын лицензийн талбай нь 300 мянган га буюу нийт газар нутгийн 0.25 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг уурхайнуудын лицензийн талбай гэсэн үг.
300 мянган га талбай нь хэр том талбай юм бэ гэж харьцуулж үзвэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр 473 мянган га байдаг бол энэ онд Улаан буудай тариалж хураан авсан талбайн хэмжээ 350 мянган га байна. Дээрх олборлолт явуулж буй 300 мянган га талбайд байрлах уурхайнуудаас ирэх онд 8 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр байна. Үүнээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 12 хувь нь буюу 200 гаруй тусгай зөвшөөрөл бүхий орд нөөцгүй, нөөц нь тодорхойгүй байгаа хэмээн АМГТГ мэдээллээ. Дээрх тусгай зөвшөөрлүүдийн дийлэнх нь алтны шороон ордын лиценз байгаа аж. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгодог бөгөөд жижиг шороон ордуудын ашиглалтын нөөц дууссан ч тусгай зөвшөөрлөө буцаан өгөхгүй байгаа зэрэг шалтгаантай хэмээн холбогдох албаныхан тодотгож байна. Учир нь алт болон бусад эрдсийн зах зээлийн үнэ өссөн үед бага агуулгатай хүдрийг дахин олборлох, угаах нь ашигтай байдаг байна. Харин ашигт малтмалын хайгуулын 831 лиценз нийт 4.8 сая га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 3.1 хувийг хамарч байна. Үүнээс ердөө 0.8 сая га талбайд буюу нутаг дэвсгэрийн 0.5 хувьд нь хайгуулын ажил хийгдэж байгаа аж. Үлдсэн 4 сая га талбайд буюу нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 82 хувьд нь хайгуулын ажил хийгдэхгүй, идэвхгүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтгүй байгаа нь хамгийн том шалтгаан болж байна.
17 СУМАНД НЭМЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ҮАБЗөөс нэгэн шийдвэр гарчээ. Нийт газар нутгийнх нь 15 хувиас дээш талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон сумдад дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Уг шийдвэрийн дагуу дараах 17 суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэмж олгох боломжгүй болж байгаа аж.
Дорноговь аймгийн Мандах, Дэлгэрэх, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Төв аймгийн Баянжаргалан, Баян, Заамар, Сүмбэр, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Өмнөговь аймгийн Цогтцэций, Говь-Алтай аймгийн Бигэр, Завхан аймгийн Ургамал сум, Алтанцөгц, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрийн 15- 58 хүртэлх талбайд тусгай зөвшөөрөл олгогджээ. Мэдээж газар нутаг багатай сумдад томоохон уурхай байрлаж байгаа нь сумын нутаг дэвсгэрт жин дарж байна. Цогтцэций, Даланжаргалан суманд нүүрсний олборлолт түлхүү байдаг бол Заамар сум алтны шороон ордын гол бүс нутаг юм. Бусад сумдын тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай зонхилж байна. Харин нийт 72 суманд ашигт малтмалын ганц ч тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгааг газрын зургаас харж болно. Хөвсгөл, Булган, Архангай, Завхан аймаг тусгай зөвшөөрөлгүй сумдын тоогоороо тэргүүлж байна. Мөн 179 сумын газар нутгийн 5 хувиас бага талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Харин Дорноговь, Дундговь, Дорнод, Баян-Өлгий аймгийн бүх суманд тодорхой хэмжээгээр тусгай зөвшөөрөл олгогджээ. Өнөөдөр нийт 6.7 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь нийт газар нутгийн дөнгөж 4.3 хувь болж байна. Энэ тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон 118.5 сая га талбайтай харьцуулахад 17 дахин бага газар нутаг гэсэн үг юм. Бодит байдал ийм байхад уул уурхай монгол орныг бүхэлд нь хамарч, байгаль орчныг сүйтгэж байгаа гэх нь маш буруу мэдээлэл юм.
Манинг Инсайи сэтгүүл, №10 (023)
1 Сэтгэгдэл