Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.02.28) Засгийн газрын хуралдаан боллоо. Тус хуралдаанаас зэсийг биржээр арилжих тогтоол гарсныг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэвлэлийн хурлаар танилцуулав.
Тэрээр "Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн хоёрдугаарт зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжиж эхлэх асуудлыг УУХҮЯ-нд даалгасан. Энэ дагуу биржээр борлуулна гэсэн тогтоол өнөөдөр гарлаа.
Зэсийг биржээр борлуулах хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 18-нд хийнэ. Энэ хэлэлцүүлэгт Вьетнам, Чех, Хятад, Солонгосын зэсийн компаниудыг урина. Эхний ээлжинд "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ээс гарах зэсийн 5-10 хувийг 2024 онд биржээр борлуулна. "Оюутолгой" ХХК-ийн хувьд хүсэлт тавьсан. "Оюутолгой" төсөл бол тусдаа гэрээтэй, бид давуу эрхтэй биш. Тиймээс бид санаачилгаараа оролцохыг шахаж байна. Энэ асуудлаар Канадад болох уул уурхайн чуулга уулзалтын үеэр Рио Тинто компанийн удирдлагатай уулзалт зохиож, энэ асуудлыг тусгайлан ярина. Гуравдугаар сарын 18-ны хэлэлцүүлгээр зэсийг хэзээ зарах вэ гэдгээ шийднэ. Биржээр зэсийг арилжаалах бүх бэлтгэлийг хангасан. Зэсийг арилжаалахад ложистикийн хувьд хил гааль дээр саатах асуудал байхгүй. Учир нь нүүрс шиг их хэмжээтэй биш. Гол нь үнийг зөв тогтоож, улсын төсөвт оруулах орлогыг бууруулахгүй байх юм. Цаашид 2025 оноос Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр борлуулна.
Монгол Улс зэсийн томоохон тоглогч. Зэсийн баяжмалын хувьд Перу , Чили, ОХУ зэрэг улсын дараа зэсийн баяжмалын хэмжээгээр эхний байруудад ордог. Худалдан авагч манай хаяанд байна. Тиймээс Лондоны биржийн үнийг дагаад байх шаардлагагүй. Зэсийн үйлдвэрлэл бүх технологид ордог. Тиймээс зэсийн эрэлт нэмэгдэнэ. Үнэ өснө. БНХАУ-аас гадна Энэтхэг, БНСУ зэрэг улсууд зэсийн баяжмал авах сонирхолтой байна" гэв.