2024 онд олон улсад эдийн засгийн огцом өсөлт ажиглагдахгүй гэсэн таамгийг судалгааны байгууллагууд гаргасаар байна. Тэр дундаа манай уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийг өмнөх онтой харьцуулахад буурна гэсэн таамаглал зонхилж байна. Тэгвэл Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвтөө тусгаад байгаа. Өнгөрсөн 2023 оны хувьд 70 сая тонн нүүрс экспортолж, түүхэн хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн тул ийм төсөөлөлтэй байгаа. Тэгвэл үүнд хүрч чадах болов уу, бодит нөхцөл боломж ямар байна вэ?
2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5.2 хувьд хүрч тус улсын Засгийн газрын таамаглаж байсан зорилтод хүрсэн хэмээн мэдэгдэж байгаа. Харин 2024 онд өсөлт бага зэрэг удаашрах төлөвтэй гэдэгт томоохон судалгааны төвүүд нэгдсэн байр суурьтай байна. Morgan Stanley 4.2 хувьтай байна гэж үзсэн бол хамгийн өндөр төсөөллийг JPMorgan 4.9 хувь, дунджаар 4.6 хувьтай гэж үзсэн байна. Хятадын эдийн засаг өмнөх оноос буурна гэж үзэх болсон шалтгааныг тус улсын өр түүхэн дээд хэмжээ буюу 12.58 их наяд ам.долларт хүрч, ДНБий 287.8 хувьтай тэнцсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ 2023 онд хөрөнгө оруулалтын ойлгомжгүй байдлаас үүдэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа үйлдвэр барихад зориулсан хөрөнгө оруулалт гадагшлах нь ажиглагдсан байна. Түүнчлэн БНХАУ-аас импортлогч томоохон орнуудын эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байх төлөвтэй. Хамгийн том импортлогч АСЕАН-ы орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 4.2 хувьтай байсан. Тэрхүү өсөлт 2024 онд 4.6 хувь болж өсөхөөр байна. Дараагийн томоохон экспортлогч Европын Холбооны эдийн засгийн өсөлтийг Европын төв банк нэгдүгээр сард 0.9-0.6 хувь болгон бууруулжээ. Харин Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт өөдрөг буюу 1.4-2.1 хувь, Японых буурч 2.4 хувьд хүрэх төлөвтэй байна. Өөр нэг худалдааны түнш болох АНУ-ын өсөлт буурч 1.4 хувьд хүрнэ гэж НҮБ-ын эдийн засгийн төлөвт тэмдэглэжээ. Харин оны сүүлээс АНУ-ын эдийн засаг өснө гэж тус улсын зүгээс мэдэгдэж байгаа юм. Эндээс 2024 онд БНХАУ-тай худалдаа хийдэг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байх бол өндөр хөгжилтэй орнуудынх бага байхаар харагдаж байна. Гэсэн ч өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудын эрэлт хэвээр хадгалагдана.
Цахилгаан эрчим хүчний эрэлт, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн онд Хятадад нүүрсний хэрэглээ 5 хувиар өссөн. Үүнээс үүдэн эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 370 сая тонн хүрч, дээд амжилтыг тогтоогоод байна. Тус улс нүүрсхүчлийн хийг бууруулах амлалтын хүрээнд 2028 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 2,060 ГВт-аар нэмэгдүүлнэ. Хүлэмжийн хийтэй холбоотой дотоодын нүүрсний уурхайг хаах ажлыг үргэлжлүүлэх тул нүүрсний импортын өнгөрсөн оны байдал хадгалагдах төлөвтэй байна. Мөн эрчим хүчний нүүрсний далайн тээвэр буурна гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) дэвшүүлжээ. Энэ нь Индонез, Австрали зэрэг нүүрс экспортлогч орнуудад үүсдэг цаг агаарын хүндрэлтэй холбоотой. Иймээс газрын тээврийн импорт нэмэгдэх төлөвтэй байна.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2024 онд 4 хувиар буурна гэж тус улсын Төмөрлөгийн аж үйлдвэрийн төлөвлөлт, судалгааны хүрээлэн (MPI)-гээс мэдэгджээ. Бууралт барилгын салбарт өндөр хувьтай байх боловч дэд бүтцийн салбарт нэмэгдэхээр байна. Тэр дундаа эрчим хүчний салбартай холбоотой гангийн хэрэгцээ өсөхөөр байна. Гэхдээ Хятад нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч учир коксжих нүүрсний эрэлт өндөр хэвээр байх төлөвтэй. Эдгээр нөхцөл байдлаас харвал 2024 онд коксжих нүүрсний импортын хэмжээ 2023 онтой харьцуулахад төдийлөн буурахааргүй байна. Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 100 сая тонн давж, мөн л шинэ амжилт тогтоосон. Үүний талаас илүүг нь Монгол Улсаас импортолсон юм. Тэгвэл 2024 онд манай улсаас импортлох нүүрсний хэмжээг 10 хувиар нэмэгдэж магадгүй хэмээн Хятадын зарим судалгааны байгууллагууд үзэж байна.
Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байгаа. Энэ нь тээвэр, логистикийн хувьд боломжтой нь өнгөрсөн онд харагдсан. 2024 онд манай улсын нүүрс экспортын боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх үйл ажиллагаа илүү сайжрах төлөвлөлтүүд ч бий. Манай нүүрсний экспортын гол боомт болох Гашуунсухайтаар өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс буюу нийт экспортын 52 хувь нь дамжин өнгөрсөн. 2024 онд багадаа 40 сая тонн нүүрс буюу төсөвт тусгагдсан нийт хэмжээний 67 хувийг гаргахаар төлөвлөж байна. Нөгөө талаар 2024 онд нүүрсний экспорттой холбоотой анхаарал татаж буй гол үйл явдал бол нүүрсний татвар юм. Өнгөрсөн оны сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс нүүрсний импортын татварыг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнд АСЕАН, Австрали хамаарахгүй бол Монгол Улс, ОХУ, АНУ, Канад, Өмнөд Африк зэрэг бусад улс татвар төлж эхлэхээр байгаа. Монгол Улс он гарснаас хойш 3-6 хувийн импортын татвар төлж байгаа тухай коксжих нүүрс экспортлогч компаниудын эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ судлаач шинжээчдийн хувьд татвар сэргэсэн ч Монголын нүүрсний худалдан авалтад нөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байна.
Цаашид хэрхэх нь тодорхойгүй ч одоогийн нөхцөл байдалд энэ нь батлагдаж байна. Он гарснаас хойш нэгдүгээр сарын 25-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөн дүн юм. Нүүрсний экспорттой холбоотой харж болох өөр нэг үзүүлэлт бол биржийн арилжаа. Монголын хөрөнгийн биржээр нэгдүгээр сар (2024.01.26 хүртэл)-д 20 удаагийн нүүрсний арилжаа зарлагдсанаас 1-ээс бусад нь амжилттай явагджээ. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээ зэрэг нь 2024 онд Хятадад нүүрсний импорт төдийлөн буурахгүйг харуулж байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн онд экспортолсон нүүрсний хэмжээ нь 2024 онд экспортлохоор төлөвлөж буй хэмжээнээс их байснаар багцаалдвал тээвэр, логистикийн асуудал үүсэхээргүй харагдаж байна. Үүнийг Хятадын төдийгүй бусад улсын шинжээчид ч баталж байгаа юм. Гэнэтийн тооцоолоогүй нөхцөл байдал л үүсэхгүй бол Монгол Улсын нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломжтой байна.
Майнинг Инсайт Сэтгүүл, нэгдүгээр сар 2024, №1 (026)