Биржийн арилжаа эхэлснээс хойш 20 сая тонн нүүрс арилжлаа

Э.МИШЭЭЛ

Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж эхэлснээс хойш (2023.01.12-2024.03.25) 21 сая тонн бүтээгдэхүүнийг 2.9 тэрбум ам.доллароор арилжсан байна. Он гарснаас хойш 730 сая орчим ам.долларын арилжаа хийжээ. 

Он гарснаас хойших мэдээллийг хүргэж байна. 

Монголын хөрөнгийн биржээр (2024.01.05-03.25) уул уурхайн бүтээгдэхүүний 122 дуудлага худалдаагаар 5.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна. Үүнээс нүүрсний 67, төмрийн хүдэр, баяжмалын 55 арилжаа явагджээ. 

Дуудлага худалдааны үнийн өсөлтийн хувиар "Эрдэнэс Тавантолгойн" ХК тэргүүлж байна. Тус компанийн борлуулдаг дөрвөн төрлийн нүүрсний дундаж үнийн өсөлт 20.3 хувьтай байгаа юм. Үүнээс 1/3 коксжих нүүрсний дундаж өсөлт 27.7 хувьд хүрчээ.


Биржийн арилжаанд "Энержи Ресурс" ХХК-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнийн өсөлт гуравдугаар сарын 15-ныг хүртэл дунджаар 10.2 хувьтай байсан. Харин сүүлийн дөрвөн дуудлага худалдаанд үнийн өсөлт гараагүй байна. Ингэснээр дундаж үнийн өсөлт 9.3 хувьтай болжээ.

Үнэ нь унаад байсан төмрийн хүдэр FE-52% гуравдугаар сард дуудах үнэ 71 ам.долларт хүрсэн. Энэ нь хоёрдугаар сарын арилжаануудаас 15 ам.доллароор өссөн үзүүлэлт болжээ. 


Монголын хөрөнгийн биржээр он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 05-ны хүртэл 213 дуудлага арилжааны хуваарь зарлагджээ.