Э.ОД
Даваа гаригийн (2024.04.08) байдлаар зэсийн үнэ 9484.50 ам.долларт хүрч сүүлийн хоёр сарын хугацаанд хүрэн металлын ханш 15 орчим хувиар өсжээ. 2023 оны нэгдүгээр сараас хойш зэс нь хамгийн өндөр үнэд хүрч үйлдвэрлэлийн гол металлын нийлүүлэлт чангарч байна.
Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийг илүү өөдрөгөөр харж буй. Учир нь гуравдугаар сард Хятадын аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн албан ёсны индекс сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан.
ING Group-ийн түүхий эдийн стратегич Эва Мантей "Өнгөрсөн жил Хятадад сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнээр тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэх мэт уламжлалт салбаруудын уналтыг нөхсөн. Эрэлт өөрчлөлт энэ онд ч үргэлжилнэ" гэж үзэж байна. Даваа гаригт Хятадын зэсийн үйлдвэрлэгч Yunnan, Jiangxi компаниудын А зэрэглэлийн хувьцааны ханш өсжээ.
2023 оны сүүлээр орон нутгийн маргааны улмаас Панамын "First Quantum Minerals"-ийн аварга том уурхайг хааж дэлхийн нийлүүлэлтээс 400 мянган тонн зэс “хасагдсан”. Үүний дараагаар “Anglo American” олборлолтоо 200 мянган тонноор бууруулах мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдад гэнэтийн болсон. Тэгвэл дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Codelco үйлдвэрлэлийн доод түвшингээ сэргээхээр тэмцэж байгаа бол Zijin Mining, Ivanhoe Mines-ийн Kamoa-Kakula цогцолборын зэсийн үйлдвэрлэл буурсан талаар мэдээлжээ.
Хоёрдугаар улиралд "ихээхэн” хомсдол үүсэх магадлалтай тул энэ нь оны сүүлийн хагаст зэсийн ханш чангарахад түлхэц болно гэж Goldman Sachs-ийн шинжээчид үзэж байна.
Харин зэсийн эрэлттэй холбоотой нэгэн сонирхолтой төлөвийг Trafigura компанийн Ахлах эдийн засагч ярьсан нь хиймэл оюун ухаан нь 2030 он гэхэд дэлхийн зэсийн хэрэгцээг жилд 1 сая тонноор боломжтой гэжээ. Хиймэл оюун ухааны өсөлтөөс үүдэлтэй эрэлт нь зэсийн нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг улам даамжруулж, үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж тэрээр Швейцарт болсон Financial Times Commodities Global Summit дээр хэлсэн байна.