Монголбанк: Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 9.6 хувиар өсөх төлөвтэй

Э.МИШЭЭЛ

Монгол банкнаас ээлжит "Инфляцын тайлан"-г танилцууллаа. Тус тайлангийн эдийн засаг, уул уурхайтай холбоотой хэсгийг хүргэж байна. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 3.8 хувь, 2025 онд 6.0 хувь, 2026 онд 4.6 хувьд хүрэх тооцоололтой байна. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийн төсөөлөлд: 

Бодлогын хүүг 2024 оны 1 дүгээр улиралд 12 хувь болгож, 1 нэгж хувиар бууруулах, 2024 оны 2 дугаар улиралд хэвээр хадгалах;

Нүүрсний экспортын биет хэмжээ 2024 онд өмнөх төсөөллөөс өөрчлөлтгүй, 2025 онд 10 сая тонноор өмнөх төсөөллөөс нэмэгдэх;

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2024 онд 470 орчим сая ам.доллароор өмнөх оноос өсөх, 2025 онд 600 гаруй сая ам.доллароор өмнөх оноос буурах таамаглалт нөхцөлүүдийг авч үзжээ. 

Мөн эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспорт энэ онд өндөр хэвээр хадгалагдаж, нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдэнэ. Улмаар уул уурхайн салбарын үйлдвэрлэл 9.6 хувиар өсөх төлөвтэй. Оюу толгойн зэсийн баяжмалын олборлолт 2025 оноос эрчимжин уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх хүлээлт хэвээр байна.

Инфляц 2024 оны байдлаар 8.4 хувьд хүрч буурна гэсэн төсөөлөлтэй байна. Үүнд хүнсний бус инфляцын хувьд гадаад инфляц өмнөхөөс буурах, төгрөгийн ам.доллартой харьцах ханш өмнөх төсөөллөөс чанга тогтох, цалин тэтгэврийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө хүлээлтээс бага байсан зэргээс шалтгаалан өмнөх төсөөллөөс буурахаар хүлээгдэж байна. 

Эх сурвалж: Монголбанк