С.БОЛД-ЭРДЭНЭ
Алтны үнэ өнгөрсөн аравдугаар сараас хойш дээд ханшаа 3 удаа сэтлээд байна. Гуравдугаар сарын 20-нд унц алтны үнэ 2200 ам.доллар давсан нь түүхэн дэх анхны тохиолдол болов. Гуравдугаар сарын сүүлийн 7 хоногт алтны үнэ 2230 ам.доллар давснаар тус сард алтны үнэ 9 хувиар өсөөд байна. Өнгөрсөн онд 16 орчим хувиар өссөн алтны үнэ он гарсаар өсөлтийн эрчээ алдахгүй байгааг эдийн засагчид, шинжээчид нийлмэл хүчин зүйлсийн нөлөө хэмээн товчоор дүгнэж байна. Юун түрүүнд геополитикийн нөхцөл байдлыг дурдаж болно. ОХУ, Украйны дайны нөхцөл байдал дээр сүүлийн саруудад Ойрхи Дорнодын нөхцөл байдал нэмэр болж байна. Энэ бол дэлхийн геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлох нэг чухал асуудал болж байна. Мөн энэ онд дэлхийн олон оронд Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгууль болно. Үүний дараа АНУ төдийгүй дэлхий даяарх өндөр инфляц хөрөнгө оруулагчдыг “айлгаж” байгаа бол Бодлогын өндөр хүү хэзээ буурахыг чимээ чагнан хүлээцгээж байна.
Хоёрдугаар сард АНУын инфляц 3.2 хувьтай гарсан нь таамгаас өндөр байв. Инфляц өндөр байгаа нь тус улсын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахаа азнахад хүргэж, тодорхойгүй байдлыг сунжруулж байна. ХНБ энэ жил гурван удаа бодлогын хүүг буулгах төлөвтэй байгааг мэдэгдсэн ч хэзээ, хэрхэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурна гэсэн хүлээлт өндөр хэвээр байна. Гэсэн ч Жэром Пауэл хэзээ бодлогын хүүг бууруулахаа мэдэгдсэнгүй. Алтны үнэ өнгөрсөн онд 16 орчим хувиар өссөн. Гол шалтгаан нь томоохон Төв банкуудын алт худалдан авалттай холбоотой. Өнгөрсөн онд дэлийн Төв банкууд 1037 тонн цэвэр алт худалдан авсан хэмээн Дэлхийн Алтны зөвлөлөөс мэдээлжээ. 2022 онтой харьцуулахад 45 тонноор бага хэдий ч хоёр жил дараалан 1000 тонноос дээш алт худалдан авсан нь алтны эрэлтийг өдөөж, ханшийг өнөөдрийн түвшинд хүргэхэд гол нөлөө үзүүлсэн хэмээн шинжээчид дүгнэж байна. Энэ оны эхний сард ч Төв банкууд алт худалдан авалтаа бууруулсангүй.
Алт бол эдийн засгийн тодорхойгүй үед хөрөнгө оруулагчдын “нуугдах” хамгийн аюулгүй таваар юм. Төв банкны бодлогын хүү өндөр, өөрөөр хэлбэл бусад хөрөнгө оруулалтын хэрэгслээс өндөр өгөөжтэй болох үед л алт зэрэг үнэт металлыг сонирхох сонирхол буурч, ханш нь унадаг. Харин томоохон Төв банкууд инфляцын өсөлт саар буйгаас бодлогын хүүгээ бууруулах хөрс бүрдэж байгаа талаар зах зээлд мэдэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал тодорхой болтол алт зэрэг найдвартай үнэт металл эрэлттэй хэвээр байх магадлалтай байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор Төв банкуудыг бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт улам бүр л нэмэгдэж байна. Гуравдугаар сарын эхний 7 хоногт АНУын хөрөнгө оруулагчдын 70 хувь нь ХНБ ирэх зургаадугаар сараас бодлогын хүүгээ бууруулна хэмээн үзэж байна. Нөгөө талд Европын Төв банк мөн зургаадугаар сараас хүүгээ бууруулна гэсэн дохиог зах зээлд өгөөд байна. Дээрх нөхцөл байдал алтны үнийн өсөлт үргэлжлэх нөхцөл байдал болохыг үгүйсгэхгүй байгаа юм. Эдийн засагчид, шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа зүйл нь олон талаар тодорхойгүй байдал хэвээр үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг алт руу орох нөхцлийг бууруулахгүй байна.
Алтны үнэ тодорхой “засвар” орж буурах хэдий ч 3-5 хувийн хооронд байх болно. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал алт руу орох хөрөнгийн урсгал нэмэгдсээр байх болно хэмээн Delta Private Wealth сангийн Ерөнхийлөгч Sean Casterline онцолжээ. Goldman Saks, JP Morgan, Macquarie гээд томоохон бүхий л банкууд дээрхтэй адил байр суурьтай байна. Холбооны нөөцийн банкны дараагийн хурал хүртэл алтны үнэ 2150-2200 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаглал хүчтэй байгаа юм. Харин түүнээс цааш 2300 ам.доллар, бүр 2400 ам.доллар хүртэл өсөж магадгүйг шинжээчид онцолж байна. Алтны үнэ өсөж буй нь Монголын алтны салбарт эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Харин Монгол банк алтны экспортод ихээхэн “харам” байгаа нь статистикаас харагдана. Өнгөрсөн онд Монгол банк иргэд, компаниудаас нийт 17.8 тонн алт худалдан авсан. Харин алтны экспорт огцом буурч 11.7 тонн болжээ. Энэ оны эхний хоёр сард гэхэд Монгол банк 2.3 тонн алт худалдаж аваад байна. Харин ердөө 0.3 тонн алт Монгол Улс экспортолсон нь Монгол банк алт нөөцөлж байгааг илтгэж байгаа юм.
Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар, 2024 №3 (028)