“Women CEO’s in Mining буюу “Уул уурхайн салбарын эмэгтэй удирдагчид”

Контентийн төсөл

Төсөл хэрэгжүүлэх үндэслэл, зорилго

Монголын уул уурхайн салбарт 2020 оны байдлаар 49,018 хүн ажиллаж байна. Үүний 15.6 хувь буюу 7,644 эмэгтэйчүүд. 2010-2020 оны хоорондох 10 жилд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 47 хувиар нэмэгдсэн бол эмэгтэй ажиллагсдын тоо эсрэгээрээ 7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 

Түүнчлэн уг салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс өндөр байна. Гэвч компани болон салбарын төрийн байгууллагуудын удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага зөвхөн захиргааны гүйцэтгэх, туслах болон үйлчилгээний ажилд эмэгтэйчүүдийн хувийн жин илүү байна. Уул уурхайн салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэрийг авч үзэхэд бүхий л ажил мэргэжлийн бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байна. Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгаан дахь уул уурхайн салбарын цалингийн мэдээллээс эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс бага гэсэн үзүүлэлт гарч байна. 

“Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” Монгол Улсын тайлан (2022 он)-д эдгээр тоо баримтыг дурджээ. Эмэгтэйчүүдийн нийгэм, соёлын амьдралд оруулж буй хувь нэмэр, ажил үүргийн хуваарь өөрчлөгдөн хувьсаж байгаа ч охид уул уурхайн салбарын мэргэжил сонгодоггүй, сонгосон ч эмэгтэйчүүдийн ажил эрхлэх бололцоо, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан маш бага хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн дүгнэлтийг дээрх судалгаанд хийсэн байна.    

Салбарын хэмжээнд жендэрийн тэгш буй байдалтай холбоотой асуудлууд их, эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг сул байгаа нь уул уурхайн салбарт хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлд төдийлэн анхаарахгүй буйн илрэл юм. Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн ямар нөхцөлд ажилладаг талаар мэдлэг мэдээлэл хомс, эмэгтэйчүүдийн боломж, давуу талтай холбоотой мэдээллийг сурталчлан таниулдаггүй зэрэг нь энэхүү уламжлалт хандлага хэвээр оршиход нөлөөтэй байсаар байна. 

Гэсэн хэдий ч Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд улс орны чухал хэлэлцээрт оролцох, томоохон бизнес, төслийн бүтээн байгуулалтыг гардан удирдах зэргээр чухал байр сууринд цөөн боловч гарч ирж байгаа нь чухал ахиц дэвшил бий. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн томоохон компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд хүчтэй гарч ирж байна. Монголын уул уурхайн төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын түвшинд одоогоор дараах 17 эмэгтэй удирдагч ажиллаж байна. 

1.    “Монполимет” группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан

2.    “МоЭнКо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг 

3.    “Шувуун харуул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр  

4.    “Монголын Алт” (МАК)-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн  

5.    “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг 

6.    “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчимэг  

7.    ”Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал

8.     Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа 

9.    “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер 

10.    “Эрдэнэжас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Гантболор 

11.    “Эрч Майнинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Усанболор 

12.    “Ачит-Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Номин 

13.     “Монполимет” группын Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр 

14.    Монгол нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа 

15.    "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү

16.    “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмон 

17.    “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Корали Прийн 

Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг бий болгож, удирдлагын түвшинд манлайлал үзүүлж буй Гүйцэтгэх захирал эмэгтэйчүүдийн намтар, бизнесийн замналыг сурталчлан таниулах нь салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн ялгааг арилгах, жендэрийн тэгш бус байдлыг халахад зохих хувь нэмэртэй гэж үзэж байна. Үүний тулд эдгээр бүсгүйчүүдийн дүрээр цуврал хөрөг нийтлэл бүхий сэтгүүл зүйн контент бүтээж, олон нийтэд хүртээмжтэй түгээж, нийгэм дэх хэвшсэн ойлголтыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах нь энэхүү контент хөгжүүлэх нь “Women CEO’s in Mining” төслийн зорилго юм. 

Хөрөг цувралд зочноор “Монполимет” группын Гүйцэтгэх захирлын албыг хашсан С.Энхтуяа, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн анхны эмэгтэй захирал Г.Эрдэнэтуяа нар уригдаад байна. 

Энэхүү төслийг дээрх 17 захиралд танилцуулах уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци дэмжин, хамтарч ажиллаж “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр хамтарсан уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалт Mining Week-ийн хүрээнд 09 сарын 12-ны өдөр 11.30-13.00 цагт Үлэмж катеринг 202, 203 тоот асарт “Women CEO’s in Mining” өрөөнд болно. 

Уулзалт зохион байгуулагч:  

 Монголын уул уурхайн үндэсний ассоциаци

Mining Insight сэтгүүл 

Төсөл хэрэгжүүлэгч багийн тухай товчхон  

Mining Insight нь уул уурхай, эдийн засгийн аналитик мэдээллийн сэтгүүл бөгөөд 2021 оноос сар бүр тогтмол хэвлэгдэн гарч байна. Монголын уул уурхайн салбарын талаар болон дэлхийн уул уурхайн салбарын өөрчлөлт, шинэ хандлагын талаарх судалгаа бүхий бүрэн дүүрэн, цогц, тогтмол бодитой мэдээллээр олон нийтийн хэрэгцээг хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх нийтлэлийн бодлого баримталж буй бие даасан хараат бус редакц юм. 

Сэтгүүлийн редакцийг уул уурхай, эдийн засгийн сэдвээр 8-12 жил мэргэшин бичиж буй, сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлүүдээрээ үнэлэгдсэн, туршлагатай чадварлаг сэтгүүлчид, судлаачдын баг бүрдүүлдэг. Мөн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд сэтгүүлийн Бодлогын зөвлөлийг бүрдүүлж, мэргэжлийн зөвлөгөөгөөр редакцийг дэмжин ажилладаг.