Б.БАЯНЖАВЗАН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Байгаль орчны тогтвортой хөгжил” хэлэлцүүлгийг тавдугаар сарын найман, есний өдөр Эрдэнэт хотноо зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон уул уурхай, авто зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд оролцов.
Байгаль орчин, ойн салбарын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг агуулгуудаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн. Тэд манай орны нийт газар нутгийн 78 хувь нь цөлжилтөд өртсөн, агаарын дундаж хэм 2.4-өөр нэмэгдсэн, хог хаягдлынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг олоход олон салбарын уялдаа холбоо хамтын ажиллагаа чухал аж.
МУИС-ийн багш, эрдэмтэн судлаачид хүрээлэн буй орчны доройтол, усны нөөц, бохирдол, нөхөн сэргээлт, судалгаанд суурилсан шийдэл төдийгүй инженер технологийн мэргэжилтэн бэлтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ажлын байрны эрэлт хэрэгцээ сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тухайлбал, хүрээлэн буй орчны доройтлын судалгаагаар арванхоёр, нэгдүгээр саруудад Ховд хотын агаарын бохирдол Улаанбаатар хотынхоос их байсан. Учир нь агаарын бохирдолд газар зүйн байршил, салхины хэм, уурын зуухны байршил гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Агаар, хөрс, усны асуудал зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш гэдгийг хэллээ.
Байгаль орчны тогтвортой хөгжил, байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд салбаруудын оролцоо зэрэг өргөн сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлгийг өрнүүлж байна.